Арваадхан хоногийн өмнө дөө. Урьд өдөр нь цаг агаарын мэдээ харахад бороогүй байсан юм. Гэтэл гэнэтхэн тэнгэр харанхуйлан, 20 хүрэхгүй минутын турш бороо, мөндөр ээлжлэн орж, Улаанбаатар усаар дүүрсэн.
Гэртээ харихын тулд ус тогтсон газруудыг сүлжин алхаж, Нарны гүүрний баруун талд хүрэв. Борооны ус автомашин явах бүрт замаас хальж, хурдтай явсан тээврийн хэрэгслийн цацсан усанд хувцас хунар авахын аргагүй болов.
“Хол явахгүй, хохь чинь” гэж жолооч залуу “томорно”. Цааш явтал ус тулж, гатлахаас өөр гарцгүй болох нь тэр. Арга ядахдаа туулаад гарлаа. Цагаан өмд, хөл тэр чигтээ шавар. Ийм дүр зураг тэнд олон байлаа.
Энэ үеэр 1000 төгрөгөөр усны цаана гаргаж өгөх үйлчилгээ хүртэл бий болсон юм. Цааш явах аргагүй болж, мөнгөгүй учраас алхаж явсан би бэлэн мөнгөний машины эрэлд гарлаа.
Ус тойрсоор, мөнгөө аваад, автобусанд суухаар буцаад алхав. Багагүй хугацаа өнгөрсөн ч ус багассангүй, холбогдох албаныхан ч соруулсангүй.
Ийн явсаар 30 минут алхаад оччихдог газраа хоёр цаг явж хүрэв. Над шиг ийм зовлон амссан хүн тэр өдөр олон байсан. Энэ бүхэн ус зайлуулах шугамгүйн гай. Өдийгөөс 50 гаруй жилийн өмнө хэдэн өдөр үргэлжлэн орсон борооноор нийслэлд үер буусан.

Тухайн үед 90 гаруй хүн амиа алдан, 300 сая төгрөгийн хохирол учирч, албан байгууллагуудын ажил 3-5 хоног саатсан гэдэг. Харин одоо хэдхэн минутын борооноор улсын нийслэл, тэнд амьдарч байгаа сая гаруй хүнд энэ байтугай хохирол учирч болзошгүй нь.
Нийслэлийн Онцгой байдлын газрынхны хийсэн судалгаагаар үерийн аман дээр буусан 2500 гаруй айл байдаг гэнэ. Жил бүр тэдэнд нүүх шаардлага хүргүүлдэг ч юман чинээ тоодоггүй.
Баярын өмнө 1787 айлд нүүх албан шаардлага дахин хүргүүлсэн ч 30 гаруй нь л нүүжээ. Их хэмжээний хохирол учруулсан дээрх үерийн дараа Сэлбэ, Туул голд үерээс хамгаалах далан, зам талбайд ус зайлуулах шугам барьжээ.
Мөн үерийн 138 км далан суваг байдаг аж. Туул, Сэлбэ голынх ордог учраас үерийн ийм урт далан байгаа аж. 120-ын автобусны буудал орчим, 22-ын товчоо, Шар хадны замууд ус зайлуулах шугамгүйгээс бороо орсны дараа тогтоол үүсэж, явган байтугай машинтай ч явахын аргагүй болдог.
Эдгээр гэлтгүй орон сууцны дундах замуудыг тоочвол ус зайлуулах шугам хэрэгтэй замын тоо мундахгүй олон. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийнхэн энэ жил ус тогтдог тав, нийслэлээс найман байршилд л ус зайлуулах шугам засаж байгаа гэнэ.
Ер нь тэд жил бүр энэ мэт хүний нүд хуурах төдий засвар хийдэг байна. Сүүлийн жилүүдэд шинээр ус зайлуулах шугам тавьсан нь хуруу дарам цөөн аж. Өмнө нь иргэд, тохижилт үйлчилгээний компанийн ажилчид ус зайлуулах хоолойд хогоо шүүрдээд хийчихдэг байж.
Харин 2013 онд “Усны барилга байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газар нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-тэй нэгдсэнээр энэ асуудал намжжээ. Мөн зарим барилгын компани бохир усныхаа шугамыг ус зайлуулах хоолойтой холбосон тохиолдол ч гарч байж.

Социализмын үед авто замыг борооны ус зайлуулах шугамтай төлөвлөдөг байжээ. Харин 1990 оноос хойш эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ус зайлуулах шугамгүй төлөвлөж байсан ч сүүлийн үед нэмж төлөвлөх болсон.
Нийслэлийн Авто замын газар хэрхэн зам тавьж байгаад хяналт тавихаас борооны ус зайлуулах шугамд төдийлэн анхаардаггүй байна. Эдгээр шалтгаан болон 30- 50 жилийн өмнө ашиглалтад орсон гол шугамууд ачааллаа дийлэхгүйн улмаас усаа бүрэн зайлуулж чадахгүйд хүрч, Улаанбаатар усанд автаад байна.
Ус зайлуулах шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь цор ганц арга ч мөнгөгүйн зовлонг яалтай. Шинэ замуудад борооны ус зайлуулах шугам сүлжээг ажил гүйцэтгэж буй компани нь хийх ёстой.
Гэвч тухайн компанид усны барилга байгууламжийн мэргэжлийн инженер, ус зүйч байхгүй, мэргэжлийн хүнээр зураг төслөө хийлгэдэггүй, хийлгэсэн ч үүнийгээ мөрддөггүй, замынхаа хотгор гүдгэрийг тааруулалгүй шугамыг оновчгүй байрлуулдаг байна.
Ус зайлуулах хоолойд стандарт байдаггүй нь ч үүнд бас нөлөөлдөг. “Хүчтэй бороо орох үед ус зайлуулах хоолой ачааллаа дийлэлгүй, бөглөрдөг.
Бороо орсны дараа үзлэгээр явж, бүх шугамаа цэвэрлэж, тогтсон усыг соруулж байна. Машин хүрэлцэхгүй үед гаднаас түрээслэдэг” хэмээн Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн шугам сүлжээний ахлах инженер Ц.Баярмаа ярилаа.
Түүнчлэн үерийн далан, ус зайлуулах хоолой байгаа газарт байшин, барилга барих нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ нь хотын ерөнхий төлөвлөлтийн алдаа дутагдлаас үүдэлтэй хэмээн холбогдох мэргэжилтнүүд ярьж байна.
Учир нь шугам сүлжээ оршдог байршилд газар олгож өмчлүүлсэн тохиолдол цөөнгүй байгаа аж. Гэвч хэдэн газар байгааг нарийн хэлэх боломжгүй, энэ тухай судалгаа ч байдаггүй юм байна.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотыг уруйн болон голын үер, хөрсний ус, зам талбайн уснаас хамгаалах цогц арга хэмжээг төлөвлөсөн ч үүнийг хэрэгжүүлэх талаар дорвитой ажил одоог хүртэл хийгээгүй байна.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ