Дөрөвдүгээр ангийн “Хүн ба байгаль” сурах бичигт “Гурван метр модоор 26 мянга гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно” хэмээн бичжээ.
Модоор ширээ, сандлаас эхлээд олон бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохыг хүн бүр мэддэг ч хүлэмжийн хийг өөртөө шингээж, хүчилтөрөгч “үйлдвэрлэдэг” гэдгийг нь тэр бүр тоодоггүй.
Дэлхийн ихэнх орон ногоон байгууламжаа тордож, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байхад манайхан ургуулсан модоо хууль бусаар огтолсоор байна. Үүнтэй тэмцэхийн тулд Ойн талаар төрөөс баримтлах бодлого баталсан.
Энэ талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагчтай ярилцлаа.
-Ойн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн баталлаа. Уг бодлогын онцлог юу вэ?
-Өнгөрсөн тавдугаар сарын 14-нд Ойн талаар төрөөс баримтлах урт хугацааны бодлого, баримт бичгийг баталлаа. Өмнө нь Засгийн газраас үндэсний хэмжээний дунд хугацааны хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байсан.
Бид өдийг хүртэл модыг бүтээгдэхүүн, түлш гэдэг утгаар нь хэрэглэж ирсэн. Гэтэл ногоон хөгжлийг хангах гол тулгуур нь ой мод юм. Сүүлийн 70-100 жилд дэлхий нийтээр 0.74 хэм дулаарсан байхад манай улс эрс тэс уур амьсгалтай атлаа 2.4 хэмээр дулаарсан.
Тиймээс хүлэмжийн хийг шингээж буй ой модоо ургуулах зайлшгүй шаардлагатай байна. Манай орны нийт газар нутгийн найман хувийг ой эзэлдэг. Шинэ бодлогын хүрээнд буюу 2030 хүртэл үүнийг есөн хувь болгох зорилготой байна.
-Дэлхийн ихэнх оронд модыг наслалтаар нь үнэлдэг гэсэн. Гадаадынхан модыг үнэ цэнэтэй гэдгийг энэ мэтээр харуулж байхад манайд одоо л бодлогоо шинэчлэж байна. Ийм байхад хүлэмжийн хийг дорвитой бууруулах ойтой болоход их хугацаа шаардагдах байх?
-Уур амьсгалын өөрчлөлтийг ногоон байгууламж бууруулдаг гэдгийг манайхан дөнгөж ойлгож эхэлж байна. Гэхдээ модны хэрэглээ гэдэг буруу ойлголт биш. Бид цаашдаа ч мод хэрэглэсээр байх болно.
Хамгийн гол нь нойтноор нь огтлох бус, хатсан, унасан модоор хэрэглээгээ хангах хэрэгтэй. Шинэ бодлогоор бид уул уурхай, барилгын модыг импортоор хангах зорилготой байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын Сибирийн ойгоос үйлдвэрлэлийнхээ хэрэгцээг хангахаар болсон.
Дэлхийн ихэнх оронд модыг наслалтаар үнэлдэг нь үнэн. Ийм жишиг тогтоох талаар ч бид тооцоолсон. Өмнө нь нэг га газрыг 200 мянган төгрөгөөр ойжуулдаг байсан. Үүнийг 700 мянга болгож өсгөсөн.
-Сүүлийн жилүүдэд ган ихтэй байгаа учраас шинээр тарьсан нь байтугай өчнөөн жил ургасан мод үхэж байна. Энэ талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Ойг есөн хувьд хүргэхийн тулд өнөөдөр байгаа талбайг нэг сая 500 мянган га-гаар нэмэгдүүлэх шаардлагатай. Гэхдээ энэ талбайд бүгдэд нь шинэ мод тарина гэсэн үг биш. Ойжуулсан хэсгээ мал, түймрээс хамгаалж усалж, арчлах хэрэгтэй байна.
Түүнчлэн мод тарьсан хүн хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэж байж л бид ойгоо аварч чадна. Төрөөс баримталж буй ойн бодлогын бас нэг чухал зүйл нь говийн бүсийг ойжуулах юм. Бид говьд заган ой бий болгох зорилготой ажиллаж байгаа.
-Цөлжилтөөс сэргийлэхийн тулд говийн ойг нэмэгдүүлнэ гэсэн үг үү?
-Ойн тухай шинэ бодлого нь хөдөө аж ахуйг давхар дэмжсэн байх ёстой. Элсний нүүдлийг зогсоодог хамгийн сайн мод бол заг, сухай юм. Цас болон шороон шуурга болоход заган ой малын хоргодох байр болдог.
Дээр үед зуд турхан 12 жилийн давтамжтай тохиолддог байсан. Гэтэл одоо энэ давтамж ойртож гурваас дөрвөн жил болж байна. Говийн бүсийг ойжуулбал эдгээр сөрөг үзэгдэл багасна гэж үзэж байгаа.
-Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэхийн тулд олон арга хэмжээ авдаг ч дорвитой буурахгүй байна. Шинэ бодлогоор үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Сүүлийн арваад жилийн дүнгээс үзэхэд хууль бус мод бэлтгэл 30 орчим хувиар буурсан. Гэхдээ цаана нь 70 хувийн зөрчил байгаа нь том тоо. Дээр дурдсанчлан мод тарьдаг хүмүүсийг урамшуулах хэрэгтэй. Хууль бус мод бэлтгэгчдийн тал нь ахуйн хэрэглээгээ хангах зорилготой байдаг.
Эдгээр айлыг орлоготой, байгаль орчны мэдлэгтэй болговол хууль бус үйлдэл хийхгүй. Хүүхдээ дааруулахгүйн тулд мод бэлтгэсэн эцэг, эх бүрийг торгоод, шоронд суулгаад байж болохгүй.
Тиймээс иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь хамгийн чухал болоод байна.
-Мод тарих үндэсний өдрийг энэ жилээс “Тарих бус ургуулцгаая” гэсэн уриатай тэмдэглэхээр болсон. Гэхдээ мод ургуулах тийм ч амар биш байх?
-Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “16 нас хүрсэн иргэн бүр мод тарих ёстой” гэсэн заалт байдаг. Мод тарих үндэсний өдөртэй болохоос өмнө хуулийн энэ заалт төдийлэн хэрэгждэггүй байсан.
Ямартай ч одоо мод тарьдаг уламжлалтай боллоо. Энэ маш чухал ажил. Харин энэ жилээс иргэд хаана ч хамаагүй мод тарьдгийг болиулахаар болсон. Иргэн бүр хашаандаа мод тарьж, арчилж ургуулбал илүү үр дүнтэй.
Орон сууцанд амьдардаг айлууд ойр хавийнхаа цэцэрлэг, албан байгууллагийн ногоон байгууламжийг тордоно биз. Ажил, гэрээсээ хол газар мод тарьчихаар анхаарлаа хандуулж чаддаггүй юм байна.
Түүнчлэн албан байгууллагууд өөрсдийн гэсэн ойтой байж болно шүү дээ. Бид Ойн талаар төрөөс баримтлах шинэ бодлогодоо олон мод тарьж, ургуулсан гурван аймаг, гурван сумыг шалгаруулахаар тусгасан.
-Олон жилийн настай модыг үнэлэх систем байж болох болов уу?
-Үүнийг бид судалж байгаа. Түрийвчтэй нь харьцаад эхлэхээр хүн өөр сэтгэхүйтэй болдог шүү дээ. Тиймээс хотод ургаж буй насжилт өндөртэй модыг үнэлж, хамгаалах хэрэгтэй. Зөвхөн хот ч бус манай орны хамгийн өндөр настай модыг олж, үнэлэх хэрэгтэй гэж би хувьдаа боддог.
-Ойн салбарт ажиллах боловсон хүчний асуудлыг бодлогоор хэрхэн зохицуулах вэ?
-Дээрх бодлогын баримт бичигт их, дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдэд ойн мэргэжилтэн бэлтгэх томоохон зорилт тавин ажиллаж байна. Шаталсан сургалт зохион байгуулж, гадна, дотны хүмүүсээс заавар зөвлөгөө авч, тусгай төсөл хөтөлбөр боловсруулж эхэлсэн.
Тухайлбал, Зүүнхараа, Булган, Мөрөнд ойн анги нээж, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжтайгаар тусгай лаборатори байгуулж, боловсон хүчин бэлтгэж байна. Ийм мэдлэг чадвартай ажилчин бэлтгэж байж бид уул уурхайн салбартай өрсөлдөж чадна.
Э.НЯМДУЛАМ