Анх түүнтэй уулзаад их сайхан энгийн бүсгүй байна гэж бодсон. Харин цаг гаруй ярилцсаныхаа дараа энерги, эрч хүч, хүсэл мөрөөдлөөр бялхаж, түүнийхээ нэлээд хэсгийг бодит ажил болгочихсон ажил хэрэгч, амжилттай бүсгүй гэдгийг нь мэдсэн юм. Түүнийг Данейн Майра гэдэг. Монголын олон эсгий урлаач түүнийг “багш аа” хэмээн хүндэтгэдэг. Норвегийн тусламжийн байгууллагын эсгий урлалын багш, дизайнераар долоон жил ажиллаж, 1000 гаруй шавьтай болсон тэрбээр энэ чиглэлээр дөрвөн гарын авлага хэвлүүлж, хоёр технологи боловсруулан 20 гаруй загвараа патентжуулжээ.

Алтан гадас аав
Математикч болохыг мөрөөддөг байсан охиноо амьдралынх нь замд хөтлөн, мөрөөдлийнх нь эхийг тавьсан хүн бол түүний аав Х.Даней. ХААИС-ийн физик, математикийн тэнхмийн эрхлэгчээр олон ажилласнаас гадна казах түмний соёл заншлыг дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн. 1990 онд түүний санаачилгаар “Наурыз” тоглолт анх зохион байгуулагдаж, улмаар Казахстанд манай уран бүтээлчид урилгаар очиж тоглож байсан гэдэг.
Д.Майрагийн хамгийн дотнын найз нь аав. Дунд сургуулийн сурагч байхдаа Д.Майра математикийн хичээлтэй их дуртай байжээ. Аав нь сургууль төгсөж байгаа хүүхдүүдэд гэрээрээ тусгай сургалт явуулахад Д.Майра охин оролцож, тэр ч бүү хэл зарим хүүхдэд хичээл заадаг байж. 11 дүгээр сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн орохоор бэлтгэж байсан охиноо аав нь нэг өдөр дизайнер бүсгүйтэй уулзуулжээ. Энэ тухай Д.Майра “Их сайхан эмэгтэй байсан санагддаг. Яг хэн гэдэг хүн байсныг санахгүй байна. Аав намайг тэр эгчтэй уулзуулж, бүтээлийг нь харуулаад бодлыг маань өөрчилсөн. Ингээд би Залуу зохион бүтээгчдийн ордны сурагч болж улмаар Урлах эрдэм дээд сургуульд элссэн” хэмээн ярив.
1990-ээд оны эхээр амьдрал тийм ч сайн байсангүй. Хүн бүр хүссэн хувцасаа худалдаж аваад өмсөх боломжгүй. Ялангуяа гутал үнэтэй байсан учраас Д.Майра “Гутлаа л өөрөө хийгээд өмсчихдөг болъё” гэж зориод гутлын дизайнер болохоор шийджээ. Гэхдээ түүний хувьд арьс, савхи боловсруулан гутал хийх нь ойр санагдсангүй. Энэ үед дахиад л аав нь шинэ зам зааж өгчээ. “Эсгийгээр юм хийвэл ямар вэ” гэсэн аавынхаа саналыг талархан хүлээн авч, дипломын ажлаа бөөгийн хувцасаар хийхдээ түүндээ эсгий урлал оролцуулжээ. Тухай үед зурагтаар эсгий хэрхэн боловсруулж бүтээл хийх тухай нэвтрүүлэг гардаг байсан учраас түүнээс санаа авч, гараа эхэлсэн гэнэ.
Сургууль төгсөөд ШУТИС-ийн ҮТДС-ийн магистрантурт суралцахдаа эсгий урлалын хичээлийг сонгон Л.Ишдорж багшаар албан ёсоор эсгийний “А” үсгийг заалгажээ. Ганц, хоёр бүтээл хийж байтал Норвегийн тусламжийн байгууллагад эсгий урлалын багш ажил авах зар гарчээ. Охины зориг хүрээгүй ч аавынх нь санаанд харин энэ боломж багтсан юм билээ. “Чи хийж чадна” хэмээн түүнийг урамшуулж, Д.Майра тус байгууллагад очиж шалгуулснаар багшлах эрхтэй болжээ. Тухайн үед эсгий урлалын сургалт зохион байгуулагдаад удсан байсан ч загварын хувьд шинэчлэл багатай байжээ. Мэргэжлийн дизайнертай хамтран ажиллаж загвараа сайжруулах нь Норвегийн сангийн зорилго байжээ.
Гэнэтийн амжилт, шаргуу хөдөлмөр

“Дөнгөж эхэлж байгаа болохоор” хэмээн алгуурлаж суулгүй Д.Майра завгүй хөдөлмөрлөжээ. Бүсгүйчүүд эсгий хэрхэн боловсруулж, бүтээгдэхүүн хийхийг заахын зэрэгцээ загваруудаа өнгө үзэмжтэй, чанартай, хэрэглээнд нийцсэн байдлаар шинэчлэхийг зорив. Хичээл зүтгэл нь талаар болсонгүй. Түүний зохион бүтээсэн “Хелена” нэртэй шаахай гэхэд 7000 ширхэгээр захиалга авч, Норвеги руу экспортлогдож байжээ. “Уянга”, “Халзан” гээд түүний зохион бүтээж, олонд түгээсэн шаахайнууд одоо ч олон байгууллага, хувь хүний амьжиргааг залгуулж байгаа. Тэр бүтээснээ бусадтай хуваалцдагаас биш харамладаггүй. Дахин шинийг эрэлхийж, өмнөхөөсөө илүүг бүтээхээр шамдан ажиллаж байна.
Эсгийтэй танилцсан түүх эртнийх
Д.Майра бол казах бүсгүй. Түүний эмээ эсгий ширдэг хийдэг хүн байсан аж. Энэ тухайгаа тэрбээр “Бид бага байхдаа жил болгон зуны амралтаараа Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд амьдардаг өвөө, эмээгийндээ очдог байсан. Миний эмээ Б.Күлимхан нь нутаг усандаа гайхагдсан эсгий ширмэл ширдэг, "Сырмак" хийдэг хүн байлаа. Хүүхдийн сониуч зангаар эмээгийнхээ ширдэг хийхийг харах дуртай. Харин ээж маань эсгий ширдэг цуглуулах хообийтой. Манайд нэг биш нилээн олон ширмэл ширдэг байсан бөгөөд өвөл болохоор цагаан эрвээхэйнээс хамгаалж цасан дээр гөвдөг байлаа. Ингэж эсгий ширмэл ширдэг миний амьдралын нэг хэсэг болсон юм даа” хэмээн бичсэн байдаг.
Буган хөшөөг хүзүүндээ ороо
Чулуу биш учраас боломжтой. Буган хөшөөг бүтээл бас хэрэглээ болгосон хүн бол Д.Майра. Шинийг эрэлхийлдэг санаачилгаараа хэдэн жилийн өмнөөс эсгийгээр хүзүүний ороолт хийдэг болжээ. Тэгэхдээ зүгээр нэг ороолт хийсэнгүй. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд байдаг буган хөшөөнөөс санаа авч, ороолтоо хээлэн жинхэнэ урлагийн бүтээл болгосон байгаа юм. Д.Майрагийн бүтээл Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээлтэй салшгүй холбоотой. Түүний бүтээлүүдийг энэ музейн “Арт шоп”-т худалдаалдгаас гадна Д.Майра их соён гэгээрүүлэгчийн бүтээлээс санаа авч, бадамлянхуа цэцэг болон төрөл бүрийн хээг нь ашиглан ороолт, цүнхээ “гоёдог”.
Эсгий гутал гэж мэдэхээс цаашгүй над шиг хүний хувьд эсгий ороолт хүзүүндээ зүүнэ гэдэг амаргүй санагдсан. Гэхдээ эсгий хатуу, зузаан, ширүүн гэдэг ойлголтыг тэр халчихсан юм билээ. Хамгийн нарийн ширхэг хонины ноосыг ялган авч, боловсруулаад сайн чанарын торготой хослуулж ороолт хийдэг учраас маш зөөлхөн санагдсан. Жил бүр үзэсгэлэн гаргахдаа шинэ санаагаар баяжуулж, олон бүтээл туурвидаг бүтээлч Д.Майрагийн ороолт, шаахайнууд одоо “Бугат” нэрээр алдаршиж байгаа. Түүний хэтийн мөрөөдөлд “Говь”, “Гоёо” шиг том үйлдвэр ч багтсан байгаа. Тэр дэлхийн хэмжээнд бүтээгдэхүүнээ таниулсан том брэндтэй болохын төлөө хөдөлмөрлөж байгаа.
Бид

Дизайнер бүсгүй “Би” гэж ярих дургүй. “Бид бүтээлээ хийхдээ...”, “Бид ингэж мөрөөддөг” гээд л үргэлж олон тоо ашиглана. “Яагаад” гэж яриаг нь таслах асуухад “Би гэж ярих дургүй. Бид хамтдаа л бүтээж байгаа. Анхнаасаа олуулаа ажилласан. Одоо ч олуулаа. Миний хүүхдүүд, нөхөр маань надад шинэ санаа өгч, хамтдаа ажиллаж байна. Заримдаа охин маань сонирхолтой зураг зураад “Ээж ээ үүнийг ороолт болгоорой” гэдэг. Тэр зурагтай ороолт маш хурдан зарагдчихдаг. Хүү маань эсгий гуталны шинэ загвар санал болгоно. Бас тэднийгээ өсгөж байхдаа би хүүхдэд ямар шаахай, гутал өмсгөх хэрэгтэйг сайтар мэддэг болно. Ингээд л хамтдаа ажиллаж байгаа болохоор үргэлж бид байх болно” хэмээн хэлсэн.
Нэг ороолт хийхийн тулд тэр өдрийн найман цагийн хөдөлмөрөө зориулдаг. Гэхдээ хурдан хийхгүй бол эсгийний шахалт, хатаалтанд нь тохирохгүй, торготойгоо нэгдэхгүй байх бэрхшээлтэй. Хурдан гэхдээ нямбай байхыг түүнээс үргэлж шаарддаг ч багаасаа тоо бодож, анхаарлаа төвлөрүүлэн, сонирхсон зүйлдээ шамдаж сурчихсан зан нь түүнийг огт ядраахгүй хөдөлмөрлүүлдэг. Өдөржин сууж ажиллахдаа цайгаа ууж, гэрлээ асаахаа мартах нь олонтаа. Ийм үед түүнд үргэлж хань болдог туслагчтай байх нь сайхан. Халуун цай дөхүүлж, анхаарал тавина шүү дээ.
Нийгмийн бухимдал, элдэв асуудлаас түүнийг ангижруулдаг зүйл нь бүтээл. Тэр хүссэнээ хийхийн тулд юуг ч үл ажран, аз жаргалтай болж, “бясалгадаг”.
Торгон дээрх байгалийн өнгө хоршил

Дэлхийн хэмжээний алдартай дизайнерууд байгальтай ойр байх, байгалийн өнгөөр гоёх чиг хандлага руу бүтээлээ чиглүүлэх болжээ. Тэр дундаа химийн будаг хэрэглэхээс өмнө хүн төрөлхтөний хэрэглэж байсан ургамлаар даавууг будах технологийг хөгжүүлэхээр хичээж байна. Тэгвэл Монгол дизайнер бүсгүй үүнийг аль эрт ажил хэрэг, бүтээл туурвил болгочихсон. Мэдээж тэр нь Д.Майра. Хамгийн анх “Гоёл” наадмын тайзнаа дизайнер Сэндэмийн урласан торгон алчууруудыг топ моделиуд намируулан алхахыг хараад л тэр торгонд дурласан. Хүсэл мөрөөдлөө тээж явсаар 2002 онд “Гоёл” наадамд торго, эсгийний урлалаар орх гэж зорьсон хүссэн торго нь олдоогүй болохоор торон материалтай эсгийг нэгтгэж оролцсон. Эрэлхийлэл нь үргэлжилсээр 2005 онд Биологийн хүрээлэнгийн доктор Гарамжаваас ургамалаар будах технологийг суралцаж, 2007 онд түүнтэй хамтран “Ноос будах технологи” ном гаргажээ. Эрэл хайгуул, туршилтын үндсэн дээр бий болгосон торгон алчуур дээрх эсгий урлал, түүнийг навч, цэцгээр будсан өвөрмөц технологи бол зөвхөн түүнийх. Ороолт, алчуур болгонд цэцэг, навч шингэн дахин давтагдашгүй цор ганц урлал бий болдог.
Одоо Д.Майра "Бугат" урландаа дараагийн үзэсгэлэндээ бэлдэж байгаа. Удахгүй Дани улсад болон Монголын соёлын өдрүүдийн хүрээнд гарах үзэсгэлэнд тэр эх орныхоо нүүр царай болно. Хийсэн бүтээлтэй, бий болгосон амжилттай хүн энд байх нь зүй. Магадгүй түүнээс өөр олон гайхамшигтай урлал хойшид ч ундрах биз ээ.
Ж.Солонго