Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ургамал хамгааллын мэргэжилтэн Ш.Болорцэцэг өндөр мод ургуулж, сүүдэрт нь хүүхэд тоглож байхыг харахыг хүсдэг гэж хэлэхдээ мөрөөдлөө төсөөлж байх шиг харагдсан.
Түүнтэй адил мөрөөдөлтэй 60 гаруй ажилтан цэцэрлэгт хүрээлэнг ойжуулж буй. Тэдний мөрөөдөл эхнээсээ биелж, хүрээлэнгийн тал гаруй хувь нь “ногоорчээ”. Тус хүрээлэнгийн ногоон байгууламжтай танилцлаа.
Нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувь нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “амилж” буй. Хотын гудманд шарлаж, үхсэн мод их байдаг ч цэцэрлэгт хүрээлэнд тийм зүйлтэй бараг таарсангүй.
Гэхдээ сүүлийн жилүүдэд ган ихтэй байгаа учраас усалгаа, бордоо хийгээд ч зарим мод үхэж буй талаар мэргэжилтнүүд хэлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд мэргэжилтнүүдээс гадна иргэд, албан байгууллагынхан ч мод тарьдаг.

Тиймээс мэргэжлийн бус хүмүүс нүхээ гүн ухахгүй, модоо буруу суулгаснаас зарим мод тааруухан ургаж байгаа гэсэн.
Дүүдээ дугуй унахыг зааж буй бүсгүйн хажууд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэсэн бичигтэй ногоон хувцас өмссөн ажилтнууд ус зөөж, мод хэлбэржүүлж байлаа. Тэд шинэ төгөл байгуулж буй гэнэ.
Хүрээлэнгийн усалгааны системийг бүрэн шийдээгүй учраас ажилчид гүний худгаас ус зөөж, модоо усалдаг байна. Тэнд гүний хоёр худаг бий.
Тэвшин дээрээ усны сав ачсан портер машинууд худгаас ус зөөнө. Зүлэгжүүлсэн талбай ихтэй учраас хүнд даацын машинаар усалгаа хийх боломжгүй аж.
Цэцэрлэгт хүрээлэнгийн 975 га газрын 220 га талбайд мод тарьжээ. Хүрээлэнгийнхэн 2012 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Монгол дахь салбараас хоёр га газрыг ойжуулах санхүүжилт авч байжээ.
Тэр үед тарьсан мод одоо дөрвөн нас хүрч буй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг “Улсын төсвийг хүлээлгүй гадаадынхнаас дэмжлэг авсан анхны ажил маань энэ юм. Солонгосчууд мод тарих арвин туршлагатай.
Тэд санхүүжилт олгох үедээ мод тарьж, ургуулах талаар олон зөвлөгөө өгсөн. Тиймээс тарьсан моднууд нь өдийг хүртэл амжилттай ургаж байна” хэмээв.
Хүрээлэнгийн зүүн хэсэгт хүүхдүүд бужигнаж, чацарганы модноос жимс түүж иднэ. Энд 21 төрлийн мод, бут ургадаг байна. Мэргэжилтнүүд сүүлийн жилүүдэд жимсний мод тарьж, ургацаа амжилттай хурааж байгаа гэнэ.
Хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг иргэдэд зориулж хийдэг учраас чацарганаа хүртэл “харамлахгүй”-гээр өгч байлаа.
Цэцэрлэгт хүрээлэнгийнхэн мод тарих бус ургуулахын төлөө ажилладаг. Нэг хүн таван га газар арчилж, хамгаалах үүрэгтэй. Тэд оноож авсан газартаа мод тарьж, усалгаа арчилгаа хийхээс гадна хог хаягдлыг нь түүнэ.
Хүрээлэнгийн хогийн сав, бие засах газрын асуудлыг бүрэн шийдсэн ч иргэд модны дор бие засаж, хогоо ил хаядаг байна. Энэ тухай ургамал хамгааллын мэргэжилтэн Д.Доржсүрэн “Мод тарих амар ажил биш. Зарим хүн модны ёроолд бие засаж, согтуу хүмүүс бөөлжинө. Түүнийг нь цэвэрлэхгүй бол жорлонгийн муухай үнэр ханхална. Иргэд соёлтой үйлчлүүлээсэй гэж хүсдэг” гэв.
Хүрээлэнгийн 20 га газрыг камержуулсан аж. Удахгүй нэмж 30 га газарт харуул хамгаалалтын камер байрлуулна гэсэн. Иргэд шаардлага тавиулахгүйгээр ухамсарлавал ногоон байгууламж улам нэмэгдэнэ.
ЭЗЭНТЭЙ МОДНУУД
975 га талбайг ойжуулна гэдэг амар ажил биш. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгууллага бүр өөрсдийн гэсэн төгөл байгуулж буй. Энэ жилийн мод тарих өдрөөр УИХ-ын гишүүд “Парламентын төгөл” байгуулсан.
Өнгөрсөн тавдугаар сарын 9-нд байгуулсан тус төгөл хүрээлэнгийн баруун хэсэгт байрлана. “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жил, ялалтын 70 жилийн ойд зориулан УИХ-ын гишүүдийн тарьсан төгөл” гэсэн самбар элэгдэж, тарьсан моднууд нь өндөр ургажээ.
Үүнээс гадна мод тарихыг хүссэн хүн бүрт нээлттэй “Итгэлийн төгөл” тэнд бий. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг “Нэг гэр бүл-Нэг төгөл” хөтөлбөрийг санаачилж “Итгэлийн төгөл”-тэй болжээ.
Тус төгөлд БНХАУ-ын Ойн захиргааны дэд сайд Пан Ёо Дунг болон Кыргыз, Казахстан улсын 40 гаруй зочид, төлөөлөгч мод тарьсан байна.
Хүрээлэнгийнхэн мод бүрийг эзэнтэй болгохын тулд олон төсөл санаачилдаг. Үүний нэг нь “Ээжүүдийн төгөл” юм. Тэд Япон улсын иргэн Сато сан хэмээх бүсгүйтэй хамтарч, тус төглийг байгуулан сакура тарьжээ. Төгөлд монгол ээж нарын мод ч бий гэнэ.
Энд хамгийн сүүлд байгуулагдсан төгөл бол Монголын сайтын холбооноос санаачилсан “Гэр бүлийн төгөл” юм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагаас тэдэнд 0.5 га газар гаргаж өгч өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр төглөө байгуулжээ.
Энэ төслийн хүрээнд иргэдийг цэвэр агаарт гарч амрах дүүжин сандал, модон саравч, шинээр гэр бүл болсон хосуудын гэрлэлтийн зураг авахуулах тайз зэрэг орчныг Монголын сайтын холбооны санхүүжилтээр байгуулах болсон байна.
Цэцэрлэгт хүрээлэнд амарч, зугаалж буй иргэдээс ногоон байгууламжийн талаарх байр суурийг нь сонирхлоо
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Ц.Түмэнжаргал:
-Цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж миний төсөөлж байснаас илүү ургаж байгаа. Манай гэр хүрээлэнтэй ойрхон учраас өдөр бүр хүүхдүүдтэйгээ дугуй унахаар ирдэг юм.
Хэдийгээр ногоон байгууламж сайн байгаа ч үзэмжийг нь сайжруулж, гадаадын цэцэрлэг шиг моднуудаа хэлбэржүүлбэл сайхан. Эмэгтэй хүн болохоороо ч тэр юм уу гадаад үзэмжинд нь анхаарлаа хандуулж байж магадгүй.
Цэцэрлэгт хүрээлэнгээс иргэддээ зориулж олон ажил хийж байхад бид соёлтой амарч, зугаалах хэрэгтэй. Цэцэрлэгжүүлэлт хийж буй хүмүүст туслахгүй юм аа гэхэд хог тарихгүй, мод хугалахгүй байгаасай гэж хүсдэг.
Баянгол дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б.Мянганбаяр:
-Би цэцэрлэгт хүрээлэнд анх удаа ирж байна. Зуныхаа амралтаар хөдөө очиж амардаг ч энэ жил явж чадсангүй.
Цэцэрлэгт хүрээлэнгийн агаар хөдөөнийхийг гүйцэхгүй ч сайхан мэдрэмж төрж байна. Би сургуулийнхаа эко клубийн гишүүн.
Тиймээс модны ач тусын талаар их зүйл мэднэ. Хүрээлэнгийн моднууд нь дөнгөж ургаж байгаа ч хэдэн жилийн дараа сүүдэрлээд сууж болохоор өндөр ургах байх.
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн З.Дашдондог:
-Цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөөний агаар үнэртэж байна. Одооны хөгшчүүл хүссэн үедээ хөдөө явж чадахгүй болсон. Тиймээс ийм агаартай, чийг үнэртсэн орчныг их үгүйлэх юм.
Нийгэмд болж, бүтэхгүй зүйл их байгаа ч иргэдээ амарч, зугаалах бүтээн байгуулалт хийж байгаад нь талархаж байна.
Хүн байгалийн амьтан учраас мод, бут хараад өөрийн эрхгүй баясдаг. Хүрээлэнгийн моднууд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй “ногоорсон” харагдаж байна.
Э.НЯМДУЛАМ