Болохгүй, бүтэхгүйн тухай хангалттай ярьж, бичиж чадна. Угаас шүүмжлэх хамгийн амархан. Тиймээс хог хаягдлын тухай бичиж буй цуврал нийтлэлдээ шүүмж, магтаалыг хослуулахыг хичээж, бусдад сайн үлгэр дуурайлал үзүүлэх хүмүүстэй уулзахыг зорив. Хоггүй хот болохын тулд иргэдийн ухамсар юунаас ч илүү хэрэгтэй. Гэхдээ машины цонх, гудамж талбайд хээв нэг хог хаяж хэвшсэн 30, 40 настай хүмүүст энэ тухай хэлж, яриад төдийлөн амжилт олохгүй. Харин юм бүхнийг сэргэгээр хүлээж авдаг хүүхэд багачуудад энэ тухай ойлгуулбал ямар үр дүнд хүрч буй талаар сурвалжиллаа.
Хүүхэд бол газарт унаж амжаагүй шинэхэн орж буй цас, ямар ч бэх хүргээгүй цав цагаан цаас. Тэдэнд эцэг эх нь юу ярьж, юу зааснаас ирээдүйд хэн болох нь шийдэгдэнэ. Тиймээс хоггүй хотын тухай мөрөөдөж, хэн нэгнийг шүүмжилж байхаар хүүхэддээ энэ тухай ярьж, ойлгуулах нь илүү ач холбогдолтой. Хүүхдүүд өөрсдөө ч хоггүй нийгмийг хүсэж, чадахаараа арга хэмжээ авч эхэлсэн.
“Шинэ эрин” олон улсын сургалттай, төрийн өмчит лаборатори сургууль олон зүйлээрээ бусдаас тэргүүнд алхдаг. Хичээлийн хөтөлбөр, сургалтын чанарын тухай хойш тавиад сурагчдын экологич сэтгэлгээний тухай хөндөе. Тус сургууль олон улсын хөтөлбөртэй эко сургууль болохын тулд олон жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. Тэдний хамгийн эхэнд хийх зүйл нь хог хаягдалтай тэмцэх юм. Сурагчдадаа хог хаягдлын талаар ойлгуулж, хоггүй сургууль болохын тулд олон ажил хийдэг. Одоогоор сурагчдын зуны амралт үргэлжилж байгаа болохоор сургуулийн орчныг сурвалжлах боломжгүй. Тиймээс “Шинэ эрин” сургуулийн экологийн клубийн тэргүүн 10 дугаар ангийн сурагч П.Мөнгөншатартай уулзлаа.
Түүний хэлж байгаагаар сурагчид их завсарлагааны цагаа “Ухаалаг утаснаас татгалзъя” уриатай өнгөрүүлдэг аж. Тэрбээр “Аав ээж минь бага байхдаа баавгайн чих, дээс, тэвгээр тоглож өссөн тухайгаа ярьж, энэ нь дасгал болдог байсныг дурсдаг. Харин орчин үеийн хүүхдүүд хуруугаараа л тоглодог болж дээ гэдэг юм. Би хоёр жилийн өмнө эко клубт элсэж, сургалтад сууж байхдаа компьютер, ухаалаг утас зэрэг нь тархины хорт хавдар үүсгэдэг тухай олж мэдсэн. Тиймээс манай клубийн сурагчид ядаж их завсарлагааны цагаар гар утас хэрэглэхгүй байхыг бусдадаа уриалсан. Түүнээс гадна хог хаягдал ихтэй хотод амьдрах нь бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Бид хаягдлаар янз бүрийн бүтээл хийдэг” гэв.
П.Мөнгөншатар сургуулиа хоггүй байлгахаас гадна гэртээ ч ийм байдлыг хэвшүүлэхийг хичээдэг. Зажилсан бохио гудманд хаявал шувуу түүж идээд, үхэж ч магадгүй. Ер нь хаягдал бүхэн сөрөг үр дагавар авчирдаг тухай багш нар маань бидэнд зааж, сургадаг хэмээн тэрбээр ярьж байсан. Түүнчлэн тэрбээр хог ялгаж хаях тухай олон зүйл мэддэг юм байна. Тэр сонины цаас сүлжиж, ороогоод хогын сав хийжээ. Энэ хогын саванд цаасан хаягдал хийнэ. Харин кардонон цаасаар хийсэн саванд хатуу хог хаягдлаа хийдэг аж. Зарим аюултай хог хаягдлаас бусдыг би бүгдийг нь ашиглахыг хичээдэг. Хуучин хувцасаа хаяхгүй хайчилж, оёоод шинэ хувцас болгож, гутлуудаа хумсны будгаар будаж, шинэчилдэг гэнэ.
Миний уулзсан дараагийн экологич хүүхдүүд бол Завхан аймгийн сурагчид. Тэд зуны амралтаараа байгаль хамгаалах сайн дурын ажил хийх санаачилга гаргаж, Хяргас нуур, Завхан голын эрэг дагуух хог цэвэрлэж буй. Түүнчлэн хог хаяж байгаа иргэдэд сануулга өгч, зургийг нь аваад Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанд илгээдэг байна. Сурагчдийн илгээсэн зургийг голын эрэг орчимд байрлуулж, иргэдийг ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулдаг аж. Мөн байгаль хамгаалагч эцэг эх, найз нөхдийнхөө хамтаар голын эх цэвэрлэсэн гэсэн.
Энэ тухай Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны дарга Б.Энхбаатар “Голын эх бохирдох ямар аюултайг иргэд ойлгохгүй юм. Эх нь бохирдвол гол тэр чигээрээ бохирдоно шүү дээ. Манай сав газарт бага хэмжээтэй, нөхөн сэргэх чадвар багатай, хөгшин ой байдаг. Хэдий тийм ч энэ ой сав газрын усны эхийг хэвэнд нь байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Үүнийг нутгийн иргэдэд ойлгуулахад сурагчид тус болж байна. Хүмүүс гүний усыг цэвэр гэж ярьдаг даа. Гүний ус чинь газар дээрх усаар тэжээгдэнэ. Тиймээс газар дээр хог хаявал гүн рүүгээ нэвчиж, ундны ус ч бохирдоно” гэв. Дэлхийн байгаль хамгаалах сангаас Завхан аймгийн сургуулиудад хог хаягдлын тухай сургалт зохион байгуулсны дараа байгаль хамгаалагч хүүхдийн тоо нэмэгдсэн гэсэн. Ийнхүү хог хаягдал бидний эрүүл мэндэд хортой гэдгийг хүүхдүүд томчуудаас ч илүү ойлгож буй. Байгаль хамгаалагч хүүхдүүдийг шагнаж, дараа жил зусланд амраахаар болжээ.
Сайн нь муугаасаа хавьгүй их гэдэг дээ. Хүүхдүүд ирээдүйгээ гэрэлтэй, орчноо цэвэр байлгахын тулд үүнээс ч ихийг бүтээж чадна. Тэдэнд ойлгуулж, дэмжих л хэрэгтэй. Хүсэж, тэмүүлдэг гадаадын орнууд ганц өдөр л тийм хөгжилд хүрчихээгүй. Тиймээс бид ч гэсэн нэг өдөр тийм хөгжилд хүрнэ. Нэг л өдөр гадаадынхан Монголыг “Амьдарч болох орон” гэж тодорхойлно.