Зам талбай, ногоон байгууламжаас эхлээд бохироо асгах газаргүй гэхэд хилсдэхгүй Улаанбаатараас ус хүртэл дайжиж мэдэх нь. “Арван литр усаар шүдээ угаадаг” гэж шүүмжлүүлдэг нийслэлийнхэн хэрэглээгээ танаж, хэмнэх хэрэгтэй болж байна.
Улаанбаатар өдрөөс өдөрт өргөжин тэлж, хөгжиж буй мэт боловч цаг хугацааны эрхээр олширч буй хүн амынхаа хэрэгцээ, шаардлагыг дийлэхгүйд хүрчээ. “Иргэн аж ахуйн нэгжүүд, үйлдвэр үйлчилгээний газрууд бүгд л бохир усаа Туул гол руу цутгаж, нөөц хомсдож байна” гэж амтай болгон ярьсаар байгаа.
Усны салбарын эрдэмтэн судлаачид ч багагүй тооцоо судалгаа хийж, ус хэрхэн хомсдох хугацааг хэд хэдэн хувилбараар гаргажээ. Түүний нэг нь 2015 он.
2015
Хааяа нэг ус тасарч бухимдуулдгийг эс тооцвол улаанбаатарчууд усны гачаалд орж үзээгүй.
Тэгвэл ойрноос шинэ түүх эхэлж мэдэх нь. Өнөөдөртөө өртөөгүй ч, маргааш, нөгөөдөр ийм зовлонтой нүүр тулж болзошгүй гэнэ. Манай орон усны хязгаарлагдмал нөөцтэй, нийт усных нь 80 хувийг гадаргын, үлдсэн 20 хувийг газрын гүний ус эзэлдэг.
Нийслэлчүүд төдийгүй Монгол орны иргэд нийтээрээ тэрхүү 20 хувийг бүрдүүлж буй газрын гүний уснаас бүрэн хамааралтай. Улаанбаатарчуудын ундандаа хэрэглэж байгаа усны эх үүсвэр нь хатан Туул.
Айл өрх, үйлдвэр, үйлчилгээний газар бүгд л хоол цайгаа хийж идэхээс эхлээд жорлондоо татах усаа ч Туул голын эрэг дагуух цэвэр усны худгуудаас авчихаж байгаа юм. Хэрэглэсэн бүх ус Төв цэвэрлэх байгууламжаар дамжаад буцаад Туул гол руу ирж бохирдуулна.
УСУГ-аас өдгөө орон сууцны айлуудад 160.000-170.000 шоо метр ус нийлүүлж байгаа аж. Гэр хорооллынхны цөөнгүй нь хашаандаа худагтай, орон сууцны зарим хороолол хувийн усан хангамжийн системтэй зэргийг түүнд нэгтгэвэл хотын хэмжээнд хоногт 320.000-330.000 шоо метр ус ашигладаг байх нь.
Гэр хороололд амьдарч буй нэг хүн хоногт зургаа, орон сууцанд амьдарч буй хүн 240-300 литр ус хэрэглэдэг. Улаанбаатар хот 200.000 хол давсан орон сууцтай. Сүүлийн үед жилд багадаа л 10.000 айлын орон сууц шинээр ашиглалтад оруулдаг болсон.
Мөн үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо ч жилээс жилд өсөж байна. Энэ мэтээр хөгжлийн хүчин зүйлс нэмэгдэж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэх бүрт усны хэрэглээ нэмэгдэнэ. Газрын гүний ус энэ өөрчлөлтийг дийлэхээ больж, түүнээс нь шалтгаалж Туул голын ус тасалдах үзэгдэл, усгүй байх хоногийн тоо нэмэгдэх болжээ.
Хур тунадас ихтэй жил голын гадаргын ус нь газар дорх усаа, хур тунадас бага орсон үед гүний ус нь гадаргын усаа тэжээдэг гэнэ. Гэтэл гүний усыг байх ёстой хэмжээнээс нь их авчихаар гадаргын усаа тэжээж дийлэлгүй, тасалдаж эхэлдэг юм байна.
УС ҮНЭГҮЙ
Манайд мөнгөөр хэмжигддэг бараа бүтээгдэхүүн одоо уснаас өөр үлдээгүй л болов уу. Энэ бол бидний эмзэг сэдэв. Гэвч хүн бүр ингэж ойлгохгүй байгаа нь асуудалтай. Ус, сувгийн байгууллагууд өдгөө бүгд алдагдалтай ажиллаж, усны салбарын аж ахуйн нэгжүүд хөл дээрээ зогсож чадалгүй, өргүүлж тэтгүүлэх нь холгүй байна.
Олон асуудал байдаг ч гол нь л үнэ. Энэ талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн “Үнэ тариф эн тэргүүний асуудал хэвээр байна. Иргэд усыг ямар ч үнэ цэнэгүй мэт бодож ашиглаад хэвшчихсэн. Гадаадын байгууллагууд болон манай эрдэмтэн мэргэдийн судалгаагаар Улаанбаатарын хоногийн усны хэрэглээ 2018-2020 онд 400.000 шоо метрт хүрнэ гэсэн.
Бид гүний усыг маш их хэрэглээд эхлэхээр нөөцийн асуудал ноцтой болно. Иймээс усны үнэ цэнийг өсгөж, иргэд ч хайрлаж гамнах хэрэгтэй” гэсэн юм. Өдгөө гэр хорооллын айл өрхүүдийн ус нэг, орон сууцны айлуудын 0.5 төгрөгийн үнэтэй байгаа. Гэхдээ энэ бол усны үнэ биш.
Ус түгээх зардал гэр хороололд л гэхэд нэг литр тутамд 8-10 төгрөг болдог учир усанд төлдөг бидний мөнгө түүнийг түгээх зардлынх нь өчүүхэн хэсэг болдог. Харин бид усаа үнэгүй авч байгаа хэрэг. Тиймээс үнэгүй юм үнэгүй л байдаг гэсэн сэтгэлгээгээр хандсаар иржээ.
2020
2020 он гэхэд ундны ус хомсдоно гэх бас нэг таамаглал бий. Энэ оноос эхэлсэн доройтол явсаар 2020 онд тартагтаа тулна гэсэн үг ч байж мэдэх юм. Тэгвэл 2020 оноос өмнө дан ганц гүний усан хангамжаа өөрчилж, хосолмол хэрэглээнд шилжих шаардлага зүй ёсоор тулгарах нь дамжиггүй.
Гэр хорооллыг дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцэд холбох зэрэг бүтээн байгуулалтын хурдыг туйлдалгүй гүйцэх замын нэг нь усаа дахин ашиглах гэж хэчнээн ч жил ярив. Гэвч ямар ч бодит ажил хийсэнгүй.
“Аж ахуй нэгжүүд газрын гүний цэнгэг, цэвэр усыг шууд ашиглаж байна. Бохир усыг технологийн аргаар цэвэрлэлгүй шууд цэвэрлэх байгууламж руу нийлүүлж сууна” гэсэн яриа ч өөрчлөгдөхгүй байсаар багагүй хугацааг үдлээ.
Ийм технологи хэт өндөр үнэтэй болохоор хэрэгжүүлж чадахгүй яваа ядуу улсын иргэд болж таарлаа, бид. Тэгвэл хамгийн үр дүнтэй арга нь Туул голын усан цогцолбор байгуулах гэж усны салбарын мэргэжилтнүүд сүүлийн үед дуугарах болсон.
Энэ талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн дэд профессор, доктор М.Дугармаагаас тодруулахад “Туул голын усны нөөцийн өөрчлөлт нийслэлийн иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг.
Тиймээс ч нэлээд олон төсөл, хөтөлбөрийн хүрээнд Туулыг тал бүрээс нь сайтар судалсан. Судалгааны зарим дүгнэлт хоорондоо зөрүүтэй байх нь бий. Энэ нь иргэдийг төөрөлдүүлж, Улаанбаатар хот удахгүй усны гачаалд орно, орохгүй гэсэн маргааны эх сурвалж болдог.
Эндээс үзвэл ойрын үед Туул голын жилийн дундаж урсац бага зэрэг өсөх хандлагатай байх ч хавар нь шар усны үер ихтэй, зундаа урсац нь татруу байх бололтой. Харин дунд үед аль ч улиралд нэлээд ус багатай байх юм.
Гэхдээ алс хэтдээ одоогийн түвшинд хүрэх магадлалтай. Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийн нөөцийг найдвартай болгохын тулд үер, хурын усыг хуримтлуулж усан сантай боомт нэн даруй байгуулах шаардлагатай.
Олон жил ярьж буй Туул голын усан цогцолборын төслийг хэрэгжүүлж чадвал нийслэлийг үерийн аюулаас хамгаалах, усаар гачигдуулахгүй байх давхар ач холбогдолтойг засгийн эрх барьж буй хүмүүс ойлгоосой” гэсэн юм.
Уг ажлыг нэн даруй эхлүүлбэл 2021 он гэхэд ашиглалтад оруулах боломжтой гэсэн тооцоо байдаг юм билээ. Ойрын жилүүдэд хийх бүтээн байгуулалтын хүрээнд усны асуудлыг Туул голын усан цогцолбороор шийдэж болно гэж төр засгаас үзэж байгаа.
Ингэж чадвал гүний усыг зөвхөн ундандаа ашиглах аж. Тэр болтол нэлээд хугацаа байна. Хамгийн гол нь шингэн алт биднийг хүлээхгүй дайжчих вий дээ.
Ч.МӨНХЗУЛ