Тавантолгойн ордын Цанхийн урдах Бортээгийн талбайд нүүрсний давхаргын метан хийг ашиглах туршилтын үйлдвэр байгуулжээ.
“Эрдэнэс Тавантолгой”, “Элгэн”, “Когаз” компани 2014 оны хоёрдугаар сарын 24-нд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийг ашиглах төслийг эхлүүлсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” компани тусгай зөвшөөрөлтэй талбайдаа хий судлахыг зөвшөөрч буй бол “Элгэн” компани өрөмдлөгийн ажлыг хариуцаж байгаа аж. Харин Өмнөд Солонгосын “Когаз” компани судалгааны зардлыг бүрэн дааж байгаа гэнэ.
Өдгөөгөөс яг жилийн өмнө туршилтын үйлдвэр барих цооногийг анх өрөмдөж эхэлсэн. Тэгвэл өрөмдсөн цооногийнхоо хийг турших үйлдвэрийг ийн ашиглалтад орууллаа.
Цооногоос хий болон гүний ус татах нэг тонголзуур, уснаас хий ялгах төхөөрөмж, ялгасан усыг хадгалах сан, хийг цэвэршүүлэх төхөөрөмж зэргээс бүрдсэн, цагт 50 шоо метр гааз боловсруулах хүчин чадалтай цомхон үйлдвэрийг солонгосчууд 1.2 сая ам.долларын өртгөөр босгожээ.
Тэд Тавантолгойн ордын нүүрсний давхаргын метан хийг судлахаар нийт 8.6 сая ам.долларын хөрөнгө төсөвлөсөн байна. Нээлтийн ажиллагааны үеэр “Когаз” компанийн дэд ерөнхийлөгч Ким Еонг Ду туршилтын үйлдвэрийг таван жил ашиглах боломжтой гэж ярив.
Тэгвэл “Туршилтын үйлдвэрээ 12 сар хүртэл ажиллуулна. Тэгээд цаашид гаргах зардлаа тооцоод цааш нь үргэлжлүүлнэ” гэж манай албаны хүмүүс мэдээлж байна. Тавантолгойн ордын хийн агуулга найрлагыг урьдчилсан байдлаар судалж тогтоожээ.
Ингэхэд хамгийн дээд тал нь 93 хувь хүртэл метаны агуулгатай байсан аж. Мөн нөөцийг нь 40 сая тонн гэж тооцсон байна. Туршилтын үйлдвэр ажиллуулснаар Тавантолгойн метан хийн агуулга, найрлага, нөөцийг бүрэн тогтоох юм.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Судалгааны үр дүн ямар гарахаас шалтгаалж цаашдын ирээдүй нь харагдах ёстой” гэж ярив. Судалгаандаа тулгуурлаж, эдийн засгийн үр ашгийг тооцно. Ямар овор хэмжээ, хүчин чадалтай үйлдвэр барих вэ, хаана борлуулах вэ гэдгээ шийдвэрлэнэ.
Ер нь ч манайхан гаазын үйлдвэр байгуулбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгах зорилгоор ашиглах бодолтой байгаа гэнэ лээ. Тиймээс “Когаз” компанийнхан Улаанбаатар луу хийн хоолой татах боломжийг судалж эхэлсэн гэнэ.
Улаанбаатарчууд галаа хийгээр ноцоож, гэр орноо дулаацуулж эхэлбэл утаанаас салах нь мэдээж. Дэлхий нийтэд гаазыг хэрэглээнд нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулсан жишээ бишгүй бий. Хий ашиглахтай холбоотой харилцааг Газрын тосны тухай хуулиар зохицуулахаар болсон.
Өөрөөр хэлбэл, манай улсаас хий олборлох аж ахуйн нэгж газрын тосны компаниуд шиг бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж ажиллана.
Үйлдвэрийн нээлтэд оролцсон Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Одоо бүтээгдэхүүн хуваах гэрээ яаралтай байгуулах хэрэгтэй. Ингэхгүй бол мэргэжлийн хяналтын байцаагч ирээд үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоочих бүрэн эрхтэй. Учир нь уг үйлдвэр ямар ч зөвшөөрөлгүй ажиллаж байгаа” гэсэн юм.
Харин төсөл хэрэгжүүлэгч талынхан “Туршилт учраас бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах шаардлагагүй. Нарийвчилсан судалгааны гэрээ байгуулаад ажиллах хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
Иймээс Тавантолгойн ордын метан хийг ашиглах нь байгаль орчинд эергээр нөлөөлнө гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн дэд захирал С.Цэвэгжав дурдаж байлаа. Метан хийн дулаан гаргах чадвар нүүрснээс 2.5, бензинээс 1.2 дахин өндөр, олборлолт, тээвэрлэлтийн зардал бага учраас эрчим хүчний хямд эх үүсвэр болдог байна.
Б.Батбилэг: Тавантолгойд өртөг зардлаа бууруулах орон зай бий
Нүүрсний давхаргын метан хийн туршилтын үйлдвэрийг нээсний дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбилэгтэй ярилцлаа.
-Нүүрсний борлуулалт хэрхэж байна вэ. Муудсаар л байна уу?
-Манай компанийн нүүрсний борлуулалт энэ сард харьцангуй идэвхжлээ. Гурав, дөрөвдүгээр сард муу, тав, зургадугаар сард гайгүй байсан.
Бидний түүхэн амжилттай дүйцэхгүй ч боломжийн түвшинд явж байна гэж ойлгож болно. Сайн байгаа гэж хэлэхгүй.
-Танай уурхайн агуулахад хэдэн тонн нүүрс байгаа вэ?
-Хоёр сая тонн орчим нүүрс бий.
-Зүүн Цанхийн амнаас нүүрс борлуулж байгаа юу?
-Зөвхөн баруун Цанхийн уурхайгаас борлуулалт хийж байна. Ер нь зүүн Цанхийн нүүрсийг “Чалко” компани л авдаг. “Чалко” компанид нүүрс нийлүүлэхээ зогсоосон.
Мөн оператор компанитай үүссэн асуудлаас шалтгаалаад зүүн Цанхийн уурхайн олборлолтыг ч зогсоогоод байгаа. Оператор компанитай олборлолтын өртөг зардлыг багасгах талаар ярилцаж байна. Нааштай шийдэлд хүрнэ гэж найдаж байгаа.
-Баруун Цанхийн ордоос олборлосон нүүрсээ тонныг нь хэдэн ам.доллараар худалдаж байна вэ?
-Нүүрснийхээ чанараас хамаараад уурхайн амнаас нь 25-31 ам.доллараар борлуулж байна.
-Танай уурхайн олборлолтын зардал хэдэн ам.доллар вэ? Нүүрсний үнэ олборлолтын зардлаасаа доош орж буураагүй биз дээ.
-Баруун Цанхийн уурхайн нүүрсний үнэ зардлаасаа арай жаахан илүү байгаа. Харин зүүн Цанхийн уурхайн нүүрс арай өөр өртөгтэй байдаг. Баруун Цанхийн уурхайн олборлолтын зардал 25 ам.доллар.
Харин зүүн Цанхийн уурхайн олборлолтын зардал 37-40 ам.доллар орчим байсан.
-Зүүн Цанхийн ордын олборлолтын зардал өндөр байгаа нь “Макмохан” компанийг хэт өндөр үнээр хөлсөлж, оператор хийлгэж байгаатай холбоотой юу?
-Зүүн Цанхийн олборлолтын зардлыг бууруулах нөхцөл бүрдэх байх. Хэдэн ам.доллар болохыг одоо хэлэх боломжгүй.
-Нүүрсний үнэ цаашид хэрхэх бол. Дахиад буурвал компани ашиггүй ажиллах нь байна шүү дээ.
-Ирэх 3-4 жилд үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч өсөхгүй байх. Түүнээс хойш өсөлт гарч магадгүй. Зах зээлийн нөхцөл байдал маш тааруухан байгаа. Бид зах зээлийн нөхцөл байдал тааруухан байна гээд гараа хумиад сууж болохгүй.
Тавантолгойн нүүрсний ордод өртөг зардлаа бууруулах орон зай бий. Үүгээрээ өрсөлдөгчдөөсөө давуу талтай. Австралийн нүүрсний ордууд өртөг зардлаа чинээнд нь тултал бууруулчихаад байхад Тавантолгойд дахиад бууруулах боломж бий.
Төмөр замаа тавьчихвал бидэнд өртөг зардлаа бууруулах том орон зай бий болгоно. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 10 ам.долларын хэмнэлт гаргах юм.
Энэ хэмнэлт бол Тавантолгойн ордоос экспортлох нүүрсний хэмжээг магадгүй гурав дахин нэмэгдүүлэх нөхцөл болно. Төмөр зам тавьсан тохиолдолд зардлаа бууруулж ашгаа өснө. Нөгөөтэйгүүр их хэмжээний нүүрс зарж, ашгаа өсгөх боломжтой.
-Танайх энэ жил хэдэн тонн нүүрс борлуулж, хэр хэмжээний орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн жил манай компани 5.7 сая тонн нүүрс экспортолсон. Өнгөрсөн жилийнхээ хэмжээнд барихыг хичээж байна. Харамсалтай нь Хятадын нүүрсний импорт буурах нь тодорхой боллоо.
Урд хөршийн нийт импортын хэрэгцээ 2014 онд 15 хувиар унасан. Энэ жил дахиад 15 хувиар унах магадлалтай байна. Тэднийх өнгөрсөн жил 62 сая тонн нүүрс импортолсон.
Энэ жил нийт 45-50 сая тонн нүүрс худалдаж авах болов уу. Хятадын импорт буурч буй учраас манайх ч буурна. Манай нийт экспорт оны эцэст 12 сая тонн болох болов уу. Хятадын импортын бууралтыг дагаад манай компанийн борлуулалт 15-30 хувиар багасах магадлал бий.
Гэхдээ бид аль болох их нүүрс борлуулахыг хичээж ажиллана.
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн байдал хүнд байгааг монголчууд мэднэ. Нүүрсний үнэ, экспорт буурч байгаа энэ үед ямар бэрхшээлтэй тулгарна гэж бодож байна вэ?
-Санхүүгийн байдал мэдээж амаргүй байгаа. Төлбөр тооцоогоо тэр даруйд нь шуурхай хийчих чадалтай нүүрсний компани бараг байхгүй байгаа. Зах зээлийн нөхцөл байдал “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.
Гэхдээ нөхцөл байдлыг хөнгөвчлөх таарсан, тохирсон арга хэмжээ авч ажиллах нь бидний үүрэг. Менежментийн багийнхан хэд хэдэн аргаар хүндрэлийг даван туулахыг хичээж байна.
Ямартай ч үйл ажиллагаандаа сөргөөр нөлөөлүүлэхгүй, тасалдуулахгүй даваад гарчихна гэж бодож байгаа.
Т.ЭНХБАТ