Солонгост нохойн мах иддэгийг Өрнөдийн хүн бүр мэднэ. Энэ бол солонгосчуудын нэг гол онцлог. Тэднийг муурнаас айдаг гэдгийг харин сонссон хүн цөөн байх. Ердийн энэ дөрвөн хөлт амьтан солонгосчуудын соёлд ямар үүрэг гүйцэтгэдэг талаарх бидний мэдлэг үүнээс цааш хэтрэхгүй.
Бодит байдал дээр бол бүх юм нэлээд нарийн утга учиртай. Солонгост заяасан нохой болгон амьдралаа шөлний холио болгож дуусгах тавилантай биш бөгөөд аймшгийн кино, үс босгосон домгийн баатар болдог муур харин амжилт олж, ахиж дэвшиж буй хүний нэр хүндийн баталгаа болж хувирах нь олонтаа.
Солонгос үндэсний хоолонд нохойн махаар хийсэн зууш тааралдах нь үнэхээр элбэг. Хамгийн түгээмэл нь посинтхан. Уг нэрийг “урт наслуулах шөл” гэж хөрвүүлж болно. Энэ шөлийг голдуу зуны халуунд хэрэглэдэг нь үе мөчний үрэвсэлт өвчин, их хөлрөх, бэлгийн сулрал болон бусад өвчнийг анагаах чанартай гэж үздэгтэй холбоотой.
Тэгэхдээ өдөр тутам хэрэглээд байдаггүй. Нохой махчин амьтан юм болохоор түүнээс олж авдаг мах нь хоол тэжээлд нь зарцуулдгаас илүү гардаггүй. Тийм болохоор ер бусын юм сонирхдог хүмүүст зориулж, улирлын чанартайгаар л хүнсэнд хэрэглэнэ.
Солонгост хэд хэдэн үүлдрийн нохой байх бөгөөд тэр бүгдийг хүнсэнд хэрэглэдэггүй. Хамгийн өргөн хэрэглэдэг нь “чиндоккэ”. Гадаад төрхөөрөө тачир үст лайка юм уу япон инуг санагдуулам “их ухаантай”, овсгоотой нохой.
Хүнсэнд хэрэглэдэг нохдыг 1990-ээд онд Солонгост улирлын ажиллагаатай зах дээр их борлуулдаг байв. Тэр байдлыг нь ажвал Орост тахиа, гахайг хүмүүсийн нүдэн дээр нядалж, хуваагаад зарж байдагтай адил.
Нохойн мах иднэ гэдэг монголчууд шиг малаас өөр амьтны мах ховор хэрэглэдэг хүмүүс хийгээд европчуудын хувьд санаанд багтамгүй явдал.
Түүнээс гадна амьтан хамгаалагчид нохой алдаг зэрлэг уламжлалыг эсэргүүцдэг бөгөөд 1988 онд Сөүлд Олимп явуулах болоход нохойн мах худалддаг бүх газрыг хотын зах руу нүүлгэх, тэдний нэр хаягийг гадаадын хүмүүсийн нүдэнд өртүүлэхгүй байхыг Засгийн газраасаа шаардаж байжээ.

2002 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр бас л нохойн махаар хоол хийхийг эсэргүүцсэн кампанит ажил өрнүүлсэн ч Засгийн газар нь шал өөрөөр хандаж, “Энэ бол манай үндэсний уламжлал, үүнийгээ бид хэнд ч тулгахгүй, сурталчлахгүй.
Гэхдээ л энэ чинь бидний эрх. Тийм болохоор посинтхан хийхийг хориглох талаар ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй” гэсэн аж. Одоо цагт нохой төдийгүй ерөөс гэрийн тэжээмэл амьтанд хэрхэн хандахад даяарчлал хийгээд хот сууринжих үйл явц нөлөөлж байна.
Зарим тохиолдолд дөрвөн хөлтнүүд маань айл гэрт хүүхдийг нь орлож, түүгээр ч барахгүй тухайн өрхийн зэрэг зиндааг ч илэрхийлэхэд хүрч байна. Годуу чинээлэг хүн л гэртээ амьтан тэжээдэг нь нууц биш. Үүнээс үүдээд гэртээ тэжээх амьтны төрөл зүйлд ч сонголт бий болсон байна.
Нэг талаас тухайн амьтныг харж хандахад их цаг зарцуулаад байхгүй, нөгөө талаас түүнтэйгээ хүн ойр дотно харилцаатай байх харилцан уялдаа муутай гэмээр шаардлага байх юм, өнөөгийн нөхцөлд. Овор бие томтой ноход тэжээхэд цаг их зарцуулж, байр сав ч том байх хэрэгтэй болдог бол шувуу, загас мэт нь харилцааны зохих түвшинг хангаж чаддаггүй аж.
Тиймээс нохой, муур тэжээхийг хүмүүс илүүд үзэх болсон бөгөөд энэ тухайд Солонгост өвөрмөц хандлага бий. XI-XII зуунаас Солонгост муур үзэгдэх болсон бөгөөд уламжлалт зургийн бүтээлд нь XVII зуунаас муурыг элдвээр дүрслэх болжээ.
Гэтэл наад зах нь XIX зууны эцсээс солонгосчууд муурнаас айх, зэвүүцэх болсон нь одоо хэвээр байна. Нэг ийм яриа байдаг аж. Солонгосын ханхүү Америкийн төлөөлөгчийн газар очжээ. Оготнотой тэмцэхийн тулд тус газар муур тэжээдэг байж.
Тэгтэл шинэчлэгч гэгддэг, ер нь бол дэвшилт үзэл санаатай ханхүүгийн өвөр дээр нэг муур үсэрч гарснаас ихэд айж ухаан алдаад уначихав гэнэ. Муурыг хувалз мэт амьтан, гэрт байх ёсгүй, арын хашаанд юм уу угаалгын газар байх ёстой гэж солонгосчууд үздэг юмсанж. Эзэнгүй муурыг энд “хулгайч” гэж үзнэ.
Тэгсэн хэрнээ муурыг муулсан, харааж ерөөсөн үг хэллэг солонгос хэлэнд байдаггүй. Солонгосчууд муурнаас зэвүүцэх нь тэдний уламжлалт соёлд маш түгээмэл зүйл аж. “Дөрвийн” тооноос айх, шөнө унтраалгүй орхисон агааржуулагч сэнс хүний сүнсийг сорчихдогт итгэх явдал солонгосчуудын хувьд муурнаас зэвүүцдэгтэй нь өрсөлдөж магадгүй.
Хятад хэлэнд “дөрөв” гэдэг үг “үхэх” гэдэгтэй адил сонсогддог аж. Энэ айдас Хятадаас уламжилж Солонгос, Японд бий болсон байна. Мууртай холбоотой мухар сүсгийн чанартай зүйл Солонгост их элбэг. Тухайлбал, улирч буй оны сүүлчийн шөнө аймшигтай том муур үүдэнд орхисон гутлыг хайдаг гэдэгт солонгосчууд итгэдэг.
Тэгээд тийм гутал олох юм бол хүний санаанд багтамгүй юм хийж, муу ёрын энэ амьтан уг гутлыг дүрж үзээд, эзнийх нь цаашдын хувь заяаг хамгийн муу муухайгаар өөрчилдөг. Гэрт орж ирсэн муурын сүүлэнд үхсэн хүний сүнс шингэсэн байдаг төдийгүй алагдсан эмэгтэй хүний сүнс уг муурт оршсон байх нь ч бий.
Японы соёлын эзэрхийлэлтэй холбоотойгоор 1990 оноос өмнө бол хүмүүст үзүүлдэггүй байсан, хожим нь Солонгос маяг оруулж өөрчилсөн хувилгаан муурын тухай Японы киноны нөлөөгөөр бас нэг айдас хүйдэс бий болжээ. Үндэсний үзэлт зарим солонгос хүн мууранд дургүйгээ “муур бол Японы бэлгэдэл.
Колоничлогчдоос үүнээс илүү юу хүсэх билээ” хэмээн илэрхийлдэг аж. Солонгосчуудын ийм хандлагаас эзэнгүй муурнууд ихээхэн хохирол амсах болсон байна. Сөүлд ийм муур 30-200 мянга (хэн тоолсноос хамаарч энэ тоо хэлбэлзэнэ) бий гэж үздэг.
Уламжлалт эмнэлгийн зарим эмч муурын махыг үе мөчний өвчинд сайн гэж үздэгээс улирлын чанартай ажилладаг зах дээр түүнийг худалдах болсон байна. Тэгэхдээ муурны мах нохойнхыг бодвол ховор тааралдана. Муурны мах хүний биед сайн гэх яриаг амьтан хамгаалагчид үгүйсгэдэг юм. Сүүлийн 10-15 жил Солонгост муурны амьдрал сайжирч байгаа гэж хэлж болохоор.
Муурыг хайрлах үзэл интернетийг эзэлж, амьтны талаарх нэвтрүүлэг түгээмэл болж, хүмүүсийн амьдрал сайжирснаар тэнэмэл амьтанд уураа гаргах хэрэгцээ багассан зэрэг нь үүнд зохих ёсоор нөлөөлсөнд эргэлзэх юмгүй.
Тэгэхдээ л солонгосчууд нохойг илүүтэй хайрласаар. 5000 солонгос хүний нэг нь л муур тэжээдэг гэх үзүүлэлт байдаг. Энэ нь өндөр үнэтэй, угсаа сайтай муурын тухай ярьж буй хэрэг бөгөөд түүний үнэ өртөг Европынхыг лавтайяа нэг нугална. Золбин мууранд солонгосчуудын хандах нь өөр болж ирж байна.
Тэд урьдын хэвээр Буддын сүмийг бараадахын зэрэгцээ зарим зоогийн газар орчмоор үзэгдэх болсон нь гадаадын хүмүүс хүнс тэжээл өгөөд байдагтай холбоотой аж. Тэнүүлч амьдрал нь муурын хувь ерөөл учир түүнийг гэр рүүгээ авч явах нь солиотой хүний үйлдэл гэж үзнэ. Тэгвэл байнга муур хооллож байдаг хүмүүс бас бий аж.
Найз нөхөдгүй, хажиг зожиг, албан ажилдаа ахиж дэвшдэггүй хүн л муур тэжээдэг гэж үздэгээс нийгэм нь ийм хүмүүстээ таагүй хандана. Тиймээс амьтан хайрладаг солонгос хүмүүс муур хооллох ажлыг шөнийн цагаар л хийдэг байна. Залуучууд бол мууртай нэлээд ойр харилцана. Гэртээ мууртай байхаас гадна саяхнаас бий болсон муур-кафед очих болжээ.
Энд залуус мөнгийг нь төлчихөөд янз бүрийн өнгө зүстэй мууртай тоглох боломжтой. Урьд нь ийм газарт ихэнхдээ аргаа барсан “амьтад” л ирж цагаа нөхцөөдөг байсан бол одоо янз бүрийн насны солонгос хүмүүс ирж мууранд биеэ дасгаж, тэднээс зэвүүцэж ширвээтэхээ болих болсон байна.
Муурыг сурталчилгаанд ашиглаж, хувцас, гоёл чимэглэлийн зүйл дээр дүрсэлж, харилцуур утас, интернет худалдаа, фото аппарат, эмэгтэйчүүдийн гоо сайхны бараа, залуусын брэнд хувцас зэргийн илэрхийлэл байх болжээ.
Муурын тухай өгүүлсэн хүүхдийн дуртай дуу, бүжиг ч бий бөгөөд тэдгээрийг цэцэрлэгийн хүүхдүүдэд зааж сургадаг аж. Муурыг баримтат болон уран сайхны кинонд харуулахдаа муу муухай амьтан гэхээ больсон байна. Золбин муурын тухай богино хэмжээний кино бий бөгөөд зохиогч нь нэр хүндтэй хэд хэдэн шагнал хүртсэн байх жишээтэй.
Түүгээр ч барахгүй тавилганы загвар зохион бүтээгч нэгэн хүн дотор нь муур нуугдах зайтай, тэнд байхдаа муур хумсаараа гэмтээхгүй байхыг бодолцсон буйдан бий болгожээ.
Солонгос даяар мууранд хайртай дуртай болсон гэж хэлэхэд одоогоор эрт ч муур хөтөлж явах хүмүүсийг хараад нүүрээ буруулдаг хүний тоо эрс цөөрч, түүнд элэгсэг хандагчид олширч буй нь илт.