Гурван ч дайн үзсэн ахмад дайчин Биньяагийн Лааган гуайтай хөөрөлдөхөөр гэрт нь зочиллоо. Чөлөөлөх дайны 70 жилийн түүхийг дурсахаар зэхсэн энэ буурайгийн хувьд мөр зэрэгцэн тулалдсан анд нөхдийнх нь зураг хамгийн үнэтэй хөрөнгө нь ажээ.
Дайны талаар ярих бүрийд сэмхэн санаа алдаж, байсхийгээд л мөнөөх зургаа авч, хэдэн нөхдөө дурсах гэж яарна.
Охиноо дуудан, “Үгүй, энэ хэн байдаг болов уу, сураг гаргаад өгөөч” гэнэ. Б.Лааган гуай шүлс асгарам шүүслэг чацарганаар дайллаа.
Аргагүй, энэ буурал бол ард түмэндээ “Чацарганы хаан” хэмээн алдаршсан хүн. Ингээд уншигч таныг Монгол Улсын Төрийн шагналт, гавьяат агрономич, ахмад дайчин Б.Лаагантай үлдээе.
-Энэ жил Чөлөөлөх дайны 70 жилийн ой тохиож байна. Лааган гуай, нутаг усныхаа талаар яриагаа эхэлье. Нас сүүдэр хэдийг зооглож байна вэ?
-Би Увс аймгийн Зүүнговь сумын Хойд бөөрөг гэдэг газарт төрсөн. Ардын хувьсгалтай нас чацуу хүн дээ.
-Та хэдэн онд цэрэгт татагдсан бэ?
-1939 он хүртэл мал маллаж байгаад, хаваржаанаасаа цэрэгт татагдаж, ижийдээ нэг үнсүүлээд л мордсон. Ээж Жургаа маань хойноос сүү өргөөд хоцорч билээ. Одоогийн Яармагт байрлах нисэх дивизэд хуваарилагдаад очив уу, үгүй юү Халх голын дайн эхэлдэг юм байна.
Тухайн үед Нисэхийн цаг уурын тусгай хэлтэс байгуулагдаад, тэнд орос хэл заалгаж эхэлсэн. Дайн эхлэхэд бид хичээлийн хажуугаар фронт руу сум зөөж, онгоц манаж, цэвэрлэдэг байлаа.
Халх голын дайн ч, цаг уурын зургаан сарын курс ч дууссан. 1940 оноос Цэргийн яамны зэвсэг засварын газарт янз бүрийн байлдааны буу засдаг ажил хийсэн.
-Тэгэхээр Халх голын дайны үеэр 18 насандаа арын фронтод зүтгэж байжээ? Та бас дэлхийн II дайнд оролцсон ахмад дайчдын нэг шүү дээ?
-1941 оны тавдугаар сард ЗХУ-д Зэвсэг техникийн дунд сургуульд 23 хүн сургах Цэргийн яамны сайдын тушаал гарахад би багтсан. Л.Дандар баатар, хурандаа Д.Нянтайсүрэн зэрэг томчуудтай хамт галт тэргэнд явсан юм.
Москвагийн ойролцоох Ярослав хотод зургадугаар сарын 22-нд ирэхэд ЗХУ руу Герман довтоллоо, дайн эхэллээ гээд хүмүүс шаагиж байлаа. Бидний зарим нь дайн эхэлсэн болохоор сургуульд авахгүй байх гэж санаа зовоход ахмадууд удахгүй дайн дуусна аа, хичээлээ л сайн хий гэж захиж байв.
Би ч ээжийгээ л өрөвдөнө. Ах Улаанбаатарт цэрэгт, би энд, ээж гэрт ганцаараа яана даа гээд л. Түүнээс биш, дайн гарлаа гээд нэг их балмагдаагүй. Бас ч гэж, Халх голын дайны арын албанд байсан болохоор.
Москвад гурав хоносны дараа Тамбов хотын Зэвсэг техникийн дунд сургууль руу явсан. Манай сургуулийн 1000 гаруй сонсогчийг анги болгон хувааж, фронтод явуулсан. Гэхдээ биднийг дайнд явуулалгүй, ар талд зэр зэвсэг зас гэж үүрэгдсэн.
Өдөрт нэг хүн 10 винтов, гурван пулемёт засах нормтой байлаа.
-Гадаадын хүнийг фронтод явуулж болохгүй гэсэн цэргийн заалт байгаагүй юу?
-Нэг сургуулийн зарим сонсогчийг фронт руу явуулж, заримыг нь үлдээх боломж ч байгаагүй. Тэр үед фельдмаршал Ф.Паулюс Францыг 49 хоногт эзэлчихээд Гитлерт магтуулж байсан цаг. Гитлер түүнийг Сталинградыг бушуухан эзэл гэсэн даалгавар өгөөд явуулсан юм.
Харин манай сургуулийнхан яг тэр Сталинградын фронт дээр байлаа. Германы танкууд Оросын хамгаалалтыг сэтлэн, гинжээрээ шүргэлцэх шахсан олон танк биднийг зүглэн ирж байсан.
Бид Тамбов, Пенз, Саратов мужийн хот тосгоноор яван, эвдэрсэн буу зэвсэг засах яаралтай, хэцүү ажлыг нугалах ёстой.
Орос дарга нар бидэнд элэгтэй ч гадаад хүн гэж онцгойлохгүй, адилхан л үүрэг даалгавар өгдөг байлаа.
-Та хэдэн он хүртэл фронт дээр байсан бэ, галын шугам дээр тулалдсан уу?
-1941-1943 он хүртэл Сталинградын фронт дээр байрлаж байсан. Биднийг байлдаанд тулалдуулаагүй. Зэвсэг засах ажлаа л хийнэ. Эвдэрсэн, гацсан, шатсан, гол төмөр нь гулзайсан, янз бүрийн эвдрэлтэй буу зэвсэг ар араасаа л ирнэ шүү дээ.
-Та ер нь хэр олон буу зэвсэг зассан бол? Өдөрт 10 винтов зассан гэхээр?
-Зөндөө байх аа, бидний зассан винтов хэдэн хүний аминд хүрсэн гэдгийг яаж мэдэх билээ...
-Фронт дээр байдал хүнд хэцүү байсан биз ээ?
-Тамбовоос Сталинград хүртэл хүнд буу зэвсгээ үүрээд, 1000 км явган явсан. Хоол унд олдохгүй, өдөрт 40-50 км алхдаг байлаа. Замд том гол мөрөн их тааралдана. Оросууд бүгд сэлээд л гарчихна.
Монголчууд сэлж чадахгүй. П.И.Тинков гэдэг орос цэрэг нэг гараараа биднийг тэврээд нөгөө гараараа сэлээд гол гаргачихдаг байлаа.
Хагалсан талбайгаар явахаар хоёр хөлд даахын аргагүй болтол шавар наалдана. Бороо цастай үед айлд хононо. Бүгд хоосон, идэх уух юм байхгүй. Бидэнд ч байхгүй.
Машин, морь тэр шавартай газар явахгүй. Онгоцоор бидэнд хоол өгнө гэж байхгүй. Яаж хооллох вэ дээ. Энэ л хамгийн хүнд үе байсан.
-Та дайнд шархдаж байв уу?
-Зүүн нүдэндээ шархадсан. Тамбовт окопонд байхад бөмбөг дэлбэрээд хэлтэрхий нь нүдэнд зоогдчихсон. Нүднээс хэлтэрхийг авч байгаа нь надад мэдрэгдэж байсан.
Өвчин намдаагч хэрэглэж байгаад л авсан байх. Бөмбөгөнд олон хүн амь үрэгдсэн дээ. Үхсэнийг нь нэг тийш, амьдыг нь нэг тийш болгож байлаа.
Үнэндээ хэдэн хүн үхэв гэж тоолох хүн ч байгаагүй ээ. Өлсөж үхнэ, өвчнөөр үхнэ, ядарч үхнэ...
-Дандаа зэвсэг засаад байгаагүй, бас буудсан биз дээ?
-Тэгэлгүй яахав, дайнд зэвсэг барьсан цэрэг байна даа. Герман цэргүүд их бээрэг, тэсвэр муутай улс. Хүйтэн үед гохоо ч дарж чадахгүй болтлоо бээрчихдэг байсан.
Германы винтов эхний үедээ их мэргэн. Гэхдээ эхний гурван сумыг өнгөрөөчихвөл онодоггүй юм. Буу нь сүүлдээ чалчаад явчихдаг юм.
-Тэгээд 1943 онд буцаж очоод сургуулиа төгссөн хэрэг үү?
-Сталинградыг хамгаалж, ЗХУ ялна гэдэг нь тодорхой болсон 1943 онд биднийг хичээлд минь буцаах тухай Дээд ерөнхий командлалын зарлиг гарсан. Ингээд тавдугаар сард сургуулиа төгсөж, дэслэгч цолтой офицер болсон.
Улаанбаатарт буцаад ирэхэд залуу жанжин Ж.Лхагвасүрэн хүлээн авч уулзаад “За, та нарыг бүгд амь үрэгдсэн гэж бодож байлаа. Хүрээд ирдэг чинь үнэхээр сайн байна. Их баярлалаа” гэж хэлсэн.
Үнэндээ бидний тал нь амиа алдаж, 23 сонсогч Тамбовын сургуульд орсон ч ес маань л төгссөн юм. Бөмбөгдөлтөнд олон ч анд нөхөд минь амиа алдсан даа.
-Цэргийн жанжин нь ч мэдээгүй байсан юм чинь эцэг эхчүүд ямар их шаналж байсан бол? Та ер нь гэр лүүгээ захиа бичиж байсан уу?
-Гадаад руу захиа бичиж болдоггүй, харин Орос дотроо бол зөвшөөрдөг байсан юм. Би эсэн мэнд байгаагаа гурван жил ээждээ дуулгаж чадаагүй.
Ор сураггүй байхад ээж минь уйлж л байсан байх даа. ЗХУ-д дайнд ороод, алга болсон гэж бодож явсан биз. Биднийг Улаанбаатарт ирэхэд Ж.Лхагвасүрэн жанжин 45 хоногийн чөлөө олгосон.
Ингээд төрсөн нутагтаа очиж, ээжийнхээ элгийг дэвтээж билээ. Олон жил сураггүй хүүгээ харсан ээж маань ёстой л магнайгаа хагартал баярласан даа. “Хүү минь эрүүл энх хүрээд ирлээ. Ийм сайхан эр болж” гээд л.
Ээж минь Улаан армид 10 морь, 100 хонь бэлэглэсний дотор миний хайртай улаан морийг минь бэлэглэчихсэн байж билээ. Манай ээж малд сайн, цагаан идээ их сайн хийдэг хүн байсан.
Хүнд тусч, “Хүнд тусалвал хариу нь заавал ирнэ” гэж ярьдаг байлаа.
-Хүний газар, дайн дажинд үзэж харсан зүйлээ ээждээ ярьсан уу?
-Юу гэж ярих билээ. Цэргийн хүн дайн байлдааны талаар хамаагүй ярихгүй гэсэн тангараг байгаа шүү дээ. Их зовж, үхэх шахаж явлаа гэж битгий ярь гэдэг байсан.
Үнэхээр л үхэхээс бусдыг үзэж байсан юм чинь...
-Шинэхэн офицер, залуу дэслэгч дараа нь хаана хуваарилагдав даа?
-Нутгаасаа буцаад иртэл намайг долдугаар дивизийн 20 дугаар морьт хороонд Галт зэвсгийн албаны техникчээр томилсон.
-Монгол Улс 1945 оны наймдугаар сарын 10-нд Японд дайн зарласан. Тэр үед та хаана алба хааж байв?
-20 дугаар хороондоо л алба хааж байсан. Манай хороо Сүхбаатар аймгийн Алтан овоонд байрладаг байлаа.
-Дайн зарлалаа гэдгийг сонсоод бас л амаргүй байсан байх?
-Угаасаа дайн болно гэдгийг мэдээд өдөр бүр бэлтгэл сургуулилалт хийдэг байсан болохоор айж цочирдоогүй. Бид хилд ойрхон, дайн хэзээ болохыг л хүлээж суусан гэхэд болно.
Өмнө нь дарийн утаа үнэрлэчихсэн, дэлхийн дайнд ороод зовлон зүдгүүр, үхэл хагацал үзчихсэн юунаас айх билээ.
Зөвлөлтөд байсныг бодвол энд хоол ундтай, унаа морьтой байхад зовох юм байхгүй л гэсэн үг. Дивизийн дарга Д.Дорж биднийг командлаад ухасхийгээд л хил даваад явсан.
Нийт дөрвөн дивиз яг нэг замаар явж өнгөрсөн. Одоо болтол тэр зам хотгор болчихсон хэвээрээ байгаа. 40 мянган морьт цэрэг нэг дор явахаар хотойх нь аргагүй.
Хятадын нутагт ороход юу ч байхгүй, хүн ард нь зугтаад явчихсан, эзгүй гэр, мал тааралддаг байлаа. Гэрт нь орж, ус байвал уугаад, ааруул ээзгий идээд л цаашаа явна.
-Та чөлөөлөх дайнд хаа хүртэл тулалдсан бэ?
-Манай хороо Жэхэ хүртэл явсан. Монголоос 900 км хол газар. Цөөхөн хоног болсон ч хатуу ширүүн дайн байлаа.
Хилийн цаана дайсны хорлон сүйтгэгчид, тагнуул, армиасаа салсан хэсэг бусаг ангиудтай тулалдсаар Жэхэ орсон. Миний үүрэг бол хорооны зэвсгийн бүрэн бүтэн байдлыг хангах.
Зэвсгийн салааныхаа хэдэн цэрэгтэй хамт буу зэвсэг засаж, үзлэг хийдэг. Хорооныхоо мянган хүний зэвсгийг хариуцдаг байлаа. Жэхэ рүү довтлоход тэнд байсан Японы цэрэг бууж өгсөн.
-Та ямар одон медалиар шагнагдаж байв?
-Би хоёр дайнд орсон. Байлдааны хоёр одон, Алтан гадас, өөр бусад медаль бий. Олон сортын чацаргана ч гаргалаа. Монгол Улсын гавьяат агрономич, Төрийн шагналт боллоо, төр засгаасаа их л шагнал хүртлээ дээ.
-Дайн дууслаа гэдгийг хэзээ сонссон бэ?
-Жэхэд байхдаа сонссон. Энх тайван боллоо гээд их л баярласан. Ялалтын цуглаан болж, ёслолын буудлага хийж байхад эх орондоо очиж ажиллах гэхээс яарч байлаа.
Буцаж явахад өвөрмонголчууд Ар Монголд хүргээд өгөөч, миний хүүхдийг аваад яваач гээд л гуйж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Сүүлд, ардчиллын дараагаар ХААИС-д нэг удаа олон улсын хурал болсон.
Намайг дэлхийн II дайнд оролцож явсан хүн гээд зарлалаа. Гэтэл тэнд байсан герман, америк хоёр мэргэжилтэн “Би бас дайнд явсан” гээд босоод ирсэн. Уулзаад ярилцтал хоёул Сталинградын дэргэд байлдаж байжээ.
Би нүдэндээ шархадсан бол герман нь хөлөндөө, америк цэрэг нэг нүдгүй болсон. Ингээд гурвуулаа бид яаж нэг нэгнээ буудчихаагүй юм гэж яриад салж билээ. Энх тайван гэж тийм сайхан.
-Энх цагт аж төрж буй залууст газар нутгийнхаа төлөө тэмцсэн ахмад дайчдын үг юу юунаас ч илүү үнэтэй гэж бодож байна?
-Япончууд манай сайхан газар нутагт шунаж довтолсон юм. Халх гол хавийн газар чинь нэг метр гүн хар шороотой, үржил шимтэй. Тийм болохоор газар нутгаа хайрлах хэрэгтэй.
Дайнаас би юу сурсан бэ гэхээр цэрэг хүн буудаж сурах хэрэгтэй. Мэргэн байх. Хоёрт, зэвсгээ бүрэн эзэмшиж, хайрлаж хамгаалах. Гуравт, цэргийн сахилга батыг хатуу сахих ёстой.
Бид сахилга бат сайтай, эх орноо хамгаалах тэсвэр хатуужилтай байсан. Хүнд бэрх цаг үе байсан болохоор л эрх чөлөө олдсон юм шүү гэдгийг залуучууд ухаарч яваасай.
Фашист Герман, милитарист Японыг ялахад хувь нэмрээ оруулсан олон баатрыг мартаж болохгүй. Дахиж дайн битгий болоосой. Чөлөөлөх дайнд ялалт байгуулснаар Монгол Улсыг тусгаар улс гэдгийг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн юм шүү.
Жил бүр Ялалтын баяр тэмдэглэдэг. Хөгшин миний бодлоор бол энэ баяраар хойч залуу үед дайн ямар хор уршигтайг ойлгуулах ажил хийж, энх тайвныг авчирсан ахмадуудаа сурталчилмаар санагддаг.
-Дайн дуусахад 24 настай залуу эрийн өмнө энх тайван, амар амгалан амьдрал алгаа дэлгэн угтсан байх?
-1947 он хүртэл хороондоо алба хааж байгаад, өөрийн хүсэлтээр халагдаж, Намын дээд сургуульд суралцсан. 1950 онд төгсөөд Увс аймгийн Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар томилогдсон.
Удалгүй нэгдүгээр нарийн бичгийн дарга бол гэхээр нь татгалзлаа. Учир нь би дэлхийн II дайны үед л чацаргана тарих мөрөөдөлтэй болчихсон байсан.
ЗХУ-д дайны үеэр дээ, нэг голын хөвөөнд чацаргана ургасан харагдана. Идсэн чинь үнэхээр сайхан амттай. Нутагтаа жирийн юм шиг санагдаж байсан жимсний амт харь газар дайны үед өлсөж зовсон үедээ идээд үзэхээр үнэхээр өөр санагдаж байгаа юм.
Ядарсан хүнийг сэргээдэг жимс бол чацаргана юм гэж тэгэхэд л ойлгож, ургуулах хүсэлтэй болсон. Ингээд Москвад К.А.Тимирязовын нэрэмжит ХАА-н академид явуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Зөвшөөрсөнгүй.
Би болохоор намын ажил хийснээс жимс жимсгэнэ таривал эх орондоо илүү хэрэгтэй гэж мэдээд байдаг. Дөрвөн удаа өргөдөл явуулж байж, нэг юм зөвшөөрүүлж дөнгөсөн. 1961 онд Жимс жимсгэнийн салбарын агрономич диплом аваад төгсөж ирсэн.
Увс аймагт ажиллаж байхдаа чацарганы гурван сорт гаргаж, эрдмийн зэрэг хамгаалсан. Нэг шинэ сорт гаргахад доод тал нь 10 жилийн хөдөлмөр.
“Тэс”, “Улаангом”, “Чандмань” гурван сорт шинээр гаргаснаа үрээр суулгадаг болгож, Улаангомд 500 га-д чацарганы цэцэрлэг байгуулж, чацарганаар шарз, дарс, архи, тос, ундаа хийдэг цех хүртэл байгуулсан.
-Таны чацаргана сансарт ниссэн гэж сонссон юм байна.
-Тийм ээ. 1981 онд Ж.Гүррагчаа баатар сансарт нисэхдээ манай сортын чацарганаар шахмал хүнс, ундаа хийгээд авч явсан гэсэн. Дараа нь Ж.Гүррагчаа, В.Жанибеков хоёр манай аймагт зорин ирж, надтай уулзаж байлаа.
Надад “Бид хоёр таны жимсийг сансрын уудамд идэж, ууж байлаа. Баярлалаа. Та ёстой “Чацарганы хаан Лааган” юм байна гэж хэлж байлаа.
-Таны амьдрал яг л тарьж ургуулсан чацаргана шигээ үр жимсээ харамгүй хайрлажээ. Олон ач зээгээ тойруулаад суусан зургийг тань хараад тийн бодлоо.
-Дайны дараа Увсын Намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нутгийн бүсгүй Тошлойтой танилцаж, амьдралаа зохиосон.
Хоёр хүү, дөрвөн охинтой, өнөр өтгөн айл болж, дөрөв дэх үеэ үзээд сууж байгаа буурал даа. Төрсөн ах маань одоо 100 настай буурай бий.
М.СУГАР-ЭРДЭНЭ