Музейн хаалга онгорхой ч дотроос нь хүйт даана. Хөндий хоосон байшинд нь хүүхэд чангахан дуугарвал цуурайтна. Зуны улиралд тур компаниудын хөтчид хөтлүүлсэн хэдэн жуулчнаас өөр үзэгч тэнд бараг л зочлохгүй.
Монголын музейнүүдийн маркетинг, менежмент, хадгалалт, хамгаалалт, судалгаа, шинжилгээний ажлыг сайжруулах цуврал сургалтууд байнга зохион байгуулагдаж музейн ажилтнууд ч шалтгаан, нөхцөл байдлаа ухамсарладаг ч өөрчлөгдсөн зүйл огтхон ч алга.
Улсын хэмжээнд 43 музейд 600 гаруй хүн ажиллаж байгаагийн 44 нь тайлбарлагч. Дунджилбал нэг музейд 1-2 тайлбарлагч л байдаг гэсэн үг.
Гэсэн ч төр хамгийн муу менежер гэдэг “хууль” энд ч үйлчилдэг. Музейн захирал санхүүгийн ямар нэгэн эрх мэдэлгүй төдийгүй, зарцуулах мөнгөө Төрийн сангаас авах гэж нарийн түвэгтэй ажил өрнүүлдэг юм билээ.
Музейн үүдэд орчин үеийн жишгээр менежмент хийж, пиардах тухай удирдлагууд нь төсөөлөх ч эрхгүй. Мэргэжилтнүүд нь өөрсдийнхөө нөөц бололцоог ашиглан мэдээлэл өгч, эрдэм шинжилгээний ажилтан нь хэвлэлийн мэдээ бэлтгэж хөглөнө.
Саяхан Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхантай ярилцаж байхдаа тус музей нэг л тайлбарлагчтай төдийгүй тэр хүнийг амрах эсвэл өвдвөл тайлбар хийх хүн олдохгүй “балардаг” тухай нь мэдсэн.
Ганц хүн тайлбар хийх нь огтхон ч хангалтгүй бөгөөд эхний зочноо угтан аваад аялуулж байхад дараа дараагийн үйлчлүүлэгч ирдэг учраас тэд өөрсдийнхөө авьяас ур чадвараар л музей үзэж ойлгохоос өөр аргагүйд хүрдэг.
Жуулчдыг ихэвчлэн аяллын ахлагч, тур компанийн хөтөч нар дагуулж явдаг учраас тэдэнд ажлаа ацаглах нь ч бий. Монголын музейнүүд өнөөдөр ийм л зарчмаар ажиллаж байна. Улсдаа дээгүүр бичигддэг, нийслэл дэх музей нь ийм байхаар орон нутгийн музейд байдал бүр ч бишдэх нь ойлгомжтой.
Хэдэн жилийн өмнө Дорноговь аймгийн Сайншандад байдаг Данзанравжаагийн музейг үзэх гэтэл ажлын цагаар эрхлэгч нь цоожлоод явчихсан байхтай ч таарсан. Угтаа музей нь чанартай үйлчилгээ бий болгохын тулд үзэгчдийн хүсэл сонирхол болон хэрэгцээ шаардлагыг харгалзах хэрэгтэй.
Хагас зуун жилийн өмнө олон улсын хэмжээнд музейн үйл ажиллагаанд үзэгчийн оролцоо нөлөөг хоёрдогч хүчин зүйл болгон авч үздэг байсан бол өнөөдөр үзэгч төвтэй хандлагад шилжиж, үзэгчийн музейн үзмэр, орчин нөхцөлийн талаар юу бодож байгаад анхаарах болжээ.
Тэр ч бүү хэл өндөр хөгжилтэй улс орнуудад музейн амрах өрөөнүүд шаардлага хангахуйц байгаа эсэхийг үзэгчдээсээ асууж санал асуулга авдаг. Өөрөөр хэлбэл, олон музей үйлчлүүлэгчдийнхээ байр сууринаас үйлчилгээгээ эргэн харах болсон байна.
Чухам юу үзэгчдийг музей рүү татаж, тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлж, дахин дахин ирэх хүсэл сонирхол бий болгож байгааг музейн удирдлага болон музейн албан ажилтнууд ухамсарлах болсон байна.
Харин манайд энэ байдал хуучин хэв маягаараа л байна. Музейн удирдлагуудад үзэгчдээ чухалчлах хэрэгтэйг сануулахаар “Бид эрдэм шинжилгээний ажил давхар хийдэг. Орон тоо хүрэлцээгүй. Ажилтнуудын цалин хангамж дутмаг” гэж хариулдаг нь үүрэг хариуцлагаас мултрах гэсэн заль гэлтэй.
Үнэндээ тэд энэ бүхнийг өөрчл үүлэхийн тулд удирдах байгууллага, харьяа яамандаа хандах эрхтэй. Тайлбарлагчгүй музейд төөрч будилж өнгөрүүлсэн хоёр цагийн аялал тухайн үзэгчийг залхааж, дахин ирэх хүсэл төрүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой.
Үзэгчтэйгээ ойр дотно харилцаа бий болгож хүн нэг бүрт хүрч үйлчилбэл энгийн ойлголтоор дараах эерэг нөлөө бий болох боломжтой.
• Үзэгчдийн тоо болон нийгмийн бүлгийн төлөөлөл нэмэгдэнэ.
• Борлуулалт өснө
• Олон нийтийн үнэлэмж дээшилнэ.
• Ижил төрлийн үйл ажиллагаатай музейдтэй өрсөлдөх чадвар сайжирна.
• Үзэгч болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшилнэ.
• Үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах төдийгүй хэрэглэгчдээ хадгалж үлдэх болно.
2013 онд Тарбозавр Батаарыг эх оронд нь авчирсны дараа төв талбайд Үлэг гүрвэлийн түр музей нээн ажиллуулахад нэг сарын хугацаанд 276 мянган хүн үзсэн байна. Түүнээс хойших хоёр сарын хугацаанд насанд хүрсэн 86.250 хүн, 67.500 хүүхэд ганцхан үлэг гүрвэлийг үзэхээр тус музейд очжээ.
Энэ нь мэдээлэл, сурталчилгаа түгээж, үзэгчдийн анхаарлыг татаж чадвал монголчууд музей үзэх дуртайг харуулж буй. Түүнчлэн “Юнител” компани ойн баяраараа Улаанбаатар хотын музейнүүдийг тав хоног үнэ төлбөргүй үзүүлэх аян эхлүүлэхэд музей дүүрэн үзэгчтэй байсан.
Музей уртасгасан цагаар ажиллаж, тайлбарлагчдынхаа тоог нэмэгдүүлэн, үзэгчдэд зориулсан сонирхолтой хөтөлбөр төлөвлөж, аудио хөтөчтэй болох зэргээр оновчтой хөрөнгө оруулалт хийвэл үзэгчдийг даллан дуудах тийм ч хэцүү биш.
Тухайлбал, аялал жуулчлалын эрчимтэй хөгжлөөрөө гайхуулж буй өмнөд хөршийн ӨМӨЗО-ы ихэнх музейд онцгойлох үзмэр цөөхөн ч сонирхолтой дэглэлт, хөтөлбөрөөрөө үзэгчдийг “хуйлруулсаар” л байна.
Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн үзэгчдээ угтан авах анхны сэтгэгдэл музейн ажилд чухал нөлөөтэй. Харамсалтай нь Богд хааны ордон музей, Үндэсний музей, Чойжин ламын музей, Дүрслэх урлагийн музейн алинд ч зочлохдоо ийм үйлчилгээг үзэж байсангүй.
Тасалбар борлуулагч нь л “Хүүе хаашаа орох нь вэ” гэж цонхны цаанаас хашгирахаас хэтрэхгүй. Өдгөө Монголын музейнүүдийн хүний нөөцийн бодлогыг дахин төлөвлөж, Маркетингийн алба, Мэдээлэл сурталчилгааны хэлтэс бий болгох шаардлагатай болжээ.
Хэдий хүртэл хоцрогдсон, хуучны арга барилаар ажиллах билээ. Магадгүй музейн зарлага орлогоосоо давж байгаа жишгийг эвдэн ашигтай ажиллах ч болно. Гэтэл музейнүүд үзэгчдээ мартсаар, тэдэнд зориулан нээлттэй үйл ажиллагаа явуулах үүргээ умартсаар өнөөдрийг хүрэв.
Музей хүн төрөлхтний баялаг өв санг хадгалж, хамгаалах газар мөн ч тэдгээрийг амьд байлгадаг гол хүчин зүйл нь хүмүүс гэдэг нь маргаангүй. Зундаа ирэх жуулчид л музей үздэг байх нь ч хангалтгүй юм.
Дэлхийн аялал жуулчлалд шинээр хөгжиж буй томоохон чиглэл нь соёлын аялал жуулчлал. Зарим судлаачид үүнийг XXI зууны их хөдөлгөөн буюу давалгаа гэж нэрлэж буй. Соёлын аялал жуулчлалд хүн төрөлхтний гайхамшиг болсон олон төрлийн соёлын өвийг хамруулдаг боловч явцуу утгаараа энэ аяллын маршрут музейг шууд дайрна.
Аль ч улсын хувьд хэзээд нээлттэй байдаг хамгийн энгийн үзвэрийн нэг хэлбэр, соёлын аялал жуулчлалын чухал багана нь музей. Дэлхийн хэмжээнд ч гэсэн музейг байнга сурталчилж, үзэгчдийг татах сонирхолтой хөтөлбөр явуулахгүй л бол үзэгчид цөөрдгийг хэдийнэ нотолжээ.
Хамгийн чухал цөм болсон үзэгчдээ мартсан монгол музейнүүд хэзээ жам ёсоороо хөгжих вэ. Угжны хүүхдүүд шиг уяатай, амаа ангайж хөлөө жийж суух зуур музей хэмээх салбар эрчимтэй хөгжиж, хоцрогдлыг бид нуруундаа үүрэх боллоо.
Бэрхшээл болгоныг тоочвол барагдахгүй, гарц хайвал олддог. Буруутныг эрэх биш ирээдүйн амжилтыг хүсэмжлэн эрэлхийлж, үзэгчдэд зориулсан ээлтэй музейнүүд болцгооё.