Эдийн засгийн температур нэг хэмээр хүйтэрснийг банкуудын чанаргүй зээлийн өсөлт харууллаа. Судлаачид арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ нь эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлэх нэг индикатор болдог гэж үздэг.
Дулаан, хүйтнийг хэмжих багаж буюу термометр нь энэ үзүүлэлт гэж ойлгож болох юм. Уг үзүүлэлт өсөх тусам агаарын хэм буурч эдийн засгийн уур амьсгал ширүүсэх болно.
Өөрөөр хэлбэл, нийт мөнгөний хэмжээ багасах тусам иргэдийн худалдан авах чадвар хумигдаж, дагаад аж ахуйн нэгжүүд орлогогүй болоод зээлээ төлж чадахаа байж буй аж.
Иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон арилжааны банкуудын зээлийн хэмжээ өнгөрсөн сарын байдлаар 12 их наяд төгрөгт хүрч бага зэрэг өсчээ. Харин хугацаа хэтэрсэн зээл 716.4 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 30 хувь, чанаргүй зээлийн хэмжээ 824 тэрбумд хүрч 37 хувиар нэмэгджээ.
Энэ хоёр үзүүлэлт сүүлийн саруудад тогтмол өсөж байгаа бөгөөд нийлээд нийт зээлийн 13 орчим хувийг бүрдүүлж уй нь агаарын температур доошилсоор буйг илтгэнэ. Ам.долларын орох урсгал багассанаас болж эдийн засаг ийнхүү бүхэлдээ царцанги байдалд орлоо.
Гэхдээ энэ нь харанга дэлдэж дохио өгөхөөр хэмжээ биш аж. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ цаашид энэ хэвээрээ өссөөр байвал санхүүгийн салбараа татаж унагах, цаашлаад уур амьсгал сэрүүссээр, хүндхэн өвөл болох эрсдэл бий ч 1990-ээд оны эхэн, 2008 оны хямралын үетэй харьцуулбал хэвийн зүйл гэнэ.
Тухайлбал, 2009 онд зөвхөн чанаргүй зээл нийт зээлийн 20 орчим хувийг эзэлж байсан бол одоо долоо орчим хувьтай байгаа юм. Төрийн салбарт олгосон 474 сая, хувийн хэвшлийн 704 тэрбум, иргэдийн 119 тэрбум төгрөгийн зээл чанаргүй гэдэг ангилалд оржээ.
Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний зээлийг төлөх хугацаа нь 90 болон түүнээс олон хоногоор хэтэрсэн байна. Хувийн хэвшлийнхний чанаргүй зээлийн хэмжээг томруулж харвал уул уурхай болон барилгын салбарын салбарт бараг тал хувь нь ногдож буй аж.
Харин үлдсэн хэсэг нь хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, тээвэр, агуулах, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын компаниудын авсан зээл байна. Мөн арилжааны банкуудын нийт гаргасан зээлийн тал хувийг иргэд авчээ. Үүнийх нь дийлэнхийг орон сууцны ипотекийн зээл эзэлж буй юм.
Тухайлбал, энэ оны эхний хагасын байдлаар 3.2 их наяд төгрөгийн орон сууцны зээлийг иргэдэд олгожээ. Үүнээс чанаргүй зээл ердөө 0.5 хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн өсөлт саарч, бүүдгэр сэрүүн өдрүүд үргэлжилж буй энэ үед сайн мэдээ болж буй.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 100 гаруй мянган аж ахуйн нэгжийн тал хувь нь сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа зогсоосон, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч буй хүний тоо эрс өссөн зэрэг таагүй мэдээ бий боловч иргэд орон сууцны зээлээ цагт нь төлөх гэж хичээж байна.
Угаасаа амьдралдаа худалдан авсан гол барааных нь нэг учир хариуцлагатай байх нь гарцаагүй юм. Харин аж ахуйн нэгжүүдийн хувьд байдал огт өөр байна. Манай улсын экспортын 90 хувийг уул уурхайн салбар дангаараа эзэлж байгаа.
Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын түүхий эдийн үнэ ар араасаа цувран уруудаж, дотоодод төгрөг үнэгүйдсээр байгаа нь аж ахуйн нэгжүүдийг булан руу улам бүр түрсээр. Зөвхөн нүүрсний салбарт гэхэд ихэнх компани үйл ажиллагаа явуулахаас илүү сул зогсох болов.
Тухайлбал, нөөцөөрөө дэлхийд данстай ордод үйл ажиллагаа явуулж буй гурван компанийн нэг нь болох “Энержи ресурс” үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бол, нөгөө хоёр нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна.
Одоо нүүрсний үнэ дахиад унавал орон нутгийн “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” хоёул сул зогсохоос аргагүй болох гэнэ. Манай улсын нүүрсний 70 гаруй уурхайн тоотой хэд нь л ажиллаж буй аж. Нэгэнт үйл ажиллагаа нь зогссон, орлогогүй учраас зээлээ төлөхөд хэцүү болох нь ойлгомжтой юм.

Монгол хүн бүрийн амьдрал уул уурхай, барилга гэсэн хоёрхон салбараас дэндүү хамааралтай болсныг эдийн засагчид хэлдэг. Үнэхээр энэ хоёр салбар зогсвол иргэдийн амьжиргаа дагаад уруудна. Өнгөрсөн хугацаанд бид уул уурхайгаас олсон орлогоо барилгын салбар руу хийж эдийн засгаа тэтгэж ирэв.
Харин экспортоос олох орлого хумигдах үед төр Монголбанктай хамтран мөнгө хэвлэх замаар барилгын салбарыг дэмжиж, дөрөв орчим их наяд төгрөг гаргасан. Үр дүнд нь энэ салбар 66 хувиар тэлж, 2013 оны эдийн засгийн өсөлтөд нэлээд хувийн жин дарж байв. Харин одоо тус салбар уулын оройгоос эргээд өнхөрч буйг статистик харуулж байгаа.
Төлбөрийн тэнцлээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэл Монгол Улсыг тэр чигээр нь чөтгөрийн тойрогт орууллаа гэж зарим судлаач хэллээ. Ам.долларын орох урсгал татарснаар эдийн засаг дахь мөнгөний хэмжээг нэмэх боломжгүй боллоо.
Сүүлийн үед мөнгөний нийлүүлэлт жилд 10-20 хувиар өсөж ирсэн бол өнгөрсөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар буурав. Эдийн засгийн хямрал, хүндрэл гэдэг нь энгийнээр бол иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөгүй болохыг хэлдэг.
Төлбөрийн тэнцэл дэх дарамт мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх замыг хааж буй бөгөөд цаашид ч энэ хэвээрээ үргэлжлэх магадлал өндөр гэж зарим шинжээч ярьж байна. Худалдааны салбарын борлуулалт өнгөрсөн сард буурсан гэдгийг Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харж болно.
Энэ нь иргэдийн худалдан авах чадвар дордсоны илрэл. Мөн өндөр өсөж байсан барилгын салбарын өгсөж байсан эрэлт ч дагаж буурлаа. Энэ нь тус салбараас өгөөж хүртэж байсан бусад салбарыг ч араасаа чирэв. Ингэж эдийн засгийн салбарууд нэг нэгнээ татан унагаж буй талаар МУИС-ийн багш, эдийн засагч Л.Оюун ярилаа.
Өнгөрсөн сарын байдлаар татварын орлого тасарснаас төсвийн алдагдал 637 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь мөн л аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдаж буйг харуулж байгаа аж. Үүнээс гадна төрөөс зарласан тендерт шалгарч, ажил хийгээд мөнгөө авч чадаагүй компаниудын чанаргүй зээлийн хэмжээ их байгаа юм.
Одоогийн байдлаар хэчнээн компани, хэдэн төгрөгийн ажил хийсэн нь тодорхой болоогүй. Гэхдээ өнгөрсөн сард Сангийн яам 286 аж ахуйн нэгжийн 160 гаруй тэрбум төгрөгийн төлбөрийг вексель буюу өрийн бичиг гаргаж барагдуулахаар шийдвэрлэсэн ч улс төрийн шалтгаанаар хэрэгжсэнгүй.
Үүнээс болж авсан зээлийнх нь чанар муудаж, улмаар барьцаалсан хөрөнгөө алдахад хүрч байна. Одоогоор чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл хэвийн хэмжээнд байгаа боловч өсөлт нь энэ хэвээрээ байвал, агаарын температур буурсаар байвал санхүүгийн салбар эрсдэлд орох, цаашлаад эдийн засагт зуд нүүрлэх аюул бийг судлаачид сануулж байна.
Н.САНЖААСҮРЭН