Гадаадаас Монгол Улсад орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 44.3 сая ам.доллар. Энэ бол Монголын эмгэнэлийг харуулсан тоо. Оны эхний саруудад хасах руу орчихсон байсныг бодвол арай дээрджээ. Монгол Улс бараг л гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр амьдарч байна. Бусдын хөрөнгө оруулалтгүйгээр амьдарч болохгүй гэсэн теорем, хууль байхгүй л дээ.
Гэхдээ дэлхийн эдийн засгийн интеграцад нэгдсэн манай орныг гадаадын хөрөнгө оруулагчид сонирхохгүй байна гэдэг сүйрэл юм. Хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй л бол сүйрнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарснаас шалтгаалаад манай улс аль хэдийнэ төлбөрийн тэнцлийн хямралд орсон.
Энгийнээр тайлбарлавал, манайхаас бусад улс луу хийх төлбөр тооцооны дүн гадаадаас Монгол руу шилжүүлдэг ам.доллараас давсан хэрэг. Зөрүүг нь төлөх валют байхгүй гэсэн үг. Төлбөр тооцооны зөрүүг төгрөгөөр төлж болохгүй. Учир нь төгрөг олон улсад хөрвөдөг валют биш. Тиймээс дэлхий нийтээр түгээмэл хэрэглэдэг ам.доллараар төлөх шаардлагатай.
Төлөхийн тулд түүнийг олох хэрэгтэй. “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалт өрнөн нүүрсний үнэ тэнгэрт хадаж асан өнгөрсөн жилүүдэд манайд хөрөнгө оруулалт ихээр цутгаж байв. 2011 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 4.1 тэрбум ам.доллар хүрч байсан удаатай.
2012 оноос хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Учрыг нь монголчууд сайн мэдэж байгаа. Дээрх оны хавар стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах хууль баталснаас хойш хөрөнгө оруулагчид үргэсэн юм.
Дээрээс нь гадаадынхны хөрөнгө оруулах дуртай уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ уначихлаа. Энэ нь даарин дээр давс нэмсэнтэй адил болж, хөрөнгө оруулагчид бүрмөсөн хулжив. Өнгөрсөн жилүүдэд манай улсын төлбөрийн тэнцэл байнга л алдагдалтай явж ирсэн.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайн байх үед нөөцөлсөн хэдэн ам.доллар, “Чингис” бондын хөрөнгөөр төлбөрийн тэнцлийн зөрүүг нөхсөөр өдий хүрлээ. Төвбанк 2013 онд дөрвөн тэрбум ам.долларын нөөцтэй байв.
Хоёр жилийн хугацаанд 1.2 тэрбум болтол шавхаж гадаад төлбөр тооцоогоо хийсэн юм. Одоо ам.долларын хомсдолыг урт хугацаанд нөхөх нөөц Монголбанкинд үлдээгүй. Тавдугаар сард Худалдаа хөгжлийн банк 500 сая, зургадугаар сард Засгийн газар 160 сая ам.долларын бонд гаргасан.
Үүний хүчинд Төвбанкны нөөц 1.6 тэрбум ам.долларт хүрч, арай дөнгүүр болоод байна. Манай улс өнгөрсөн сард 370 сая ам.долларын үнэтэй бараа, бүтээгдэхүүн гадаадаас импортолжээ. Тэгэхээр дөрвөн сарын хэрэглээгээ хангах валютын нөөцтэй болсон гэсэн үг.
“Найман шарга” худалдааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1992 төгрөгөөр авч, 1995-аар борлуулж байв. Тэд “Харин буурч байна. 1999 төгрөгт хүрлээ. Арай л 2000 давчихсангүй” гэж ярилаа. Хэн ч ам.долларын ханш 2000 төгрөг даваад талийгаад өгөөсэй гэж хүсэхгүй.
Төвбанк ч дуудлага худалдаагаараа дамжуулан интервенц хийсээр байна. Өчигдрийн дуудлага худалдаагаар зах зээлд 16.2 сая ам.доллар, 54.7 сая юань нийлүүллээ. Тэднийх наймдугаар сар гарснаас хойш нийт 87.2 сая ам.доллар, 332 сая юань зах зээлд нийлүүлжээ.
Энэ бол ам.долларын ханшийг огцом өсгөхгүй барих төдий л арга хэмжээ. Харин бууруулах гэж оролдвол багахан нөөцөө шавхаад балрах биз. Энэ оны эхний хагас жилд гадаадаас 44.3 сая ам.долларын хөрөнгө шууд орж ирснийг дээр дурдсан.
Тэгвэл сар хүрэхгүй хугацаанд үүнээс хоёр дахин их “ногоон”-оор интервенц хийж байна. Ядаж нэг тэрбум ам.долларын хөрөнгө ороод ирсэн бол ам.долларын ханш “хоолойд тулгасан хутга” болчихгүй байв.
Валютын ханш өссөнөөр импортын барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадварыг сульдуулж байна. Хятадууд юаний ханшийг бодлогоор сулрууллаа. Энэ нь бидэнд бага боловч нэмэр болох нь дамжиггүй. Юань 322 төгрөгийн ханштай байсан бол 310 болж буурав.
Хятадууд юаниа ам.доллартай “уячихсан”. Юаниа албан нөөцөд багтдаг валют болгох санал тавьтал чөлөөтэй хөрвөдөг байх шалгуурыг нь давсангүй. Иймээс “уяа”-гаа тайлж байгаа бололтой. Энэ үйл явц юутай ч бидэнд ашигтайгаар эргэлээ.
Манай улс гадаад худалдааныхаа дийлэнхийг хятадтай хийдэг учраас чамгүй хөнгөлөлт болох нь мэдээж. Үүнийг ашиглаж чадвал бидний зовлон нимгэрнэ. Зовлон зоргоороо ирээгүй. Бид өөрсдөө дуудаад авчирчихсан гэж хэлэхэд хатуудахгүй.
Манай төр сагсуу зангаасаа болж олон алдаа гаргасан. Түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсныг цухас дурдсан. Одоо хөрөнгө оруулалтыг хязгаарлах биш, дэмжих хууль баталчихаад дуудаад байхад тэд ирэхгүй байна.
Ерөнхий сайд маань нүүрээ ширлээд “Бид алдаагаа ухаарсан. Одоо та нарыг дэмжинэ” гэж амлаад санхүүгийн төвүүдээр “тэнэлээ”. Түүний бодлыг улстөрчид ойлгохгүй байх шиг. Ер нь улстөрчдийн авир эдийн засаг хүндрэх гэж байгааг үл тоосон шинжтэй байгаа.
Үүнээс өмнө Төвбанкныхан Олон улсын валютын сангийнхны зөвлөгөөг дагаад алдсан байдаг. ОУВС-гийнхны зөвлөснөөр Төвбанк 2011 онд ам.долларын ханшийг 1600 төгрөгөөс 1300 болтол интервенц хийсэн. Ханшийг чангалахын тулд өчнөөн “ногоон” зах зээлд гаргаж цацсан.
Эцсийн бүлэгт 1300 болгосны гавьяа юу байсан вэ. Ам.доллар 1600 биш, 2000 төгрөг давах шахаад байна. Бэлэн мөнгө тараасан нь бас л алдаа болов. Тараасан бэлэн мөнгө хэрэглээг дэмжсэн. “Эх орны хувь, хишиг” нь ам.доллар, юаньд хөрвөөд л Эрээн рүү гараад байлаа. Монголчуудын импортын хэрэглээ 30 хувиар буураад өмнөх сарын байдлаар 370 сая ам.доллар болсон.
Зоргоороо ирээгүй зовлон бидэнд том сургамж үлдээв. Ам.долларын ханшийг сулруулах гэж валютын нөөцөөрөө “зодох” хэрэггүй юм байна, мөнгө тараах нь эдийн засгийг гажуудуулдаг, хөрөнгө оруулагчдыг хөөж болохгүй гэдгийг мэдлээ.
Бас валютын хомсдол эдийн засгийг маань элгээр нь мөлхүүлдэг юм байна. Тиймээс хэзээ ч ирж мэдэх “аюул”- д бэлэн байхын тулд авдраа валютаар дүүргэх хэрэгтэй гэдгийг ойлголоо. Бидэнд ам.доллар хэрэгтэй. Одоо бүр ч их хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагч ирэхгүй бол зээл авч аргацаахаас өөр аргагүй.
Засгийн газар уг нь ахиухан хөрөнгө татах санаатай мордсон ч бүтээгүй юм билээ. Төр бол чадаагүй юм чинь хувийн хэвшлийнхэн мөнгө босгож чадахгүй л болов уу. Ер нь зээл богино хугацаанд гал унтаарах л хэрэгсэл.
Тиймээс хөрөнгө оруулалт татаж, алсдаа ам.доллараар борлуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Ойрын хугацаанд “Оюутолгой”-н далд уурхай, “Тавантолгой” төслийн бүтээн байгуулалтад оруулах хөрөнгө “амь тариа” болох болов уу.
Яг одоо Монголбанкны жаахан нөөц л эдийн засгийг торгоож байна. Энэ нөөцийг сэлбэхгүй, энэ янзаараа интервенц хийсээр байвал удахгүй дуусна. Монголбанкны ерөнхий эдийн засагч С.Болд “Төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болгочихгүй юмсан” гэж ярьж байсан.
Валютын нөөц дуусвал ам.долларын ханшийг алдаж, эдийн засаг ангал руу унана. Тэр үед одоогийнхоос бүр ч илүү зовно шүү дээ, бид.
Т.ЭНХБАТ