Хатуухан хэлж сануулахгүй л бол юу хийж, хаашаа явж байгаагаа мэдэхээ больж, өөрсдөдөө, түмэн олондоо, цаашлаад олон улсын хэмжээнд эрсдэл учруулж болох шийдвэр удаа дараа гаргаж байгаа учраас иргэний нисэхийн салбарын мэргэжлийн холбоод нэгдэн, наймдугаар сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад захидал хүргүүлжээ.
Өчигдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж энэ салбарт бий болоод байгаа гажуудал, эрсдэлтэй байдлын тухай олон нийтэд мэдээллээ. Саяхан 90 жилийн ойгоо тэмдэглэсэн нисэх хүчний салбарынхан ийн бухимдахаас өөр аргагүй болжээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд удирдлага нь дөрвөн ч удаа солигдож, Иргэний нисэхийн ерөнхий газрынхан тэр тоолонд бужигнан, 2013 оноос хойш хоёр жилийн хугацаанд 295 хүнийг ажлаас чөлөөлж, 382 хүнийг шинээр ажилд авсан байна.
Тэр дундаа төв болон орон нутгийн салбарын удирдах шатны 28 дарга, менежер, иргэний нисэхийн нарийн мэргэжлийн 35 байцаагч, мэргэжилтэнг ажлаас халж, өөрийнх нь хүсэлтээр чөлөөлчихөөд 41 хүнийг шинээр удирдах албан тушаалд, 124 хүнийг мэргэжилтнээр авсан байна.
Зарим албанд орлогч даргын орон тоо бий болгож, хэн нэгэн УИХ гишүүн болон сайд, дарга нарын өгсөн үүрэг даалгавраар “шахааны хүмүүсийг” ажилд авчээ.
Халаа, сэлгээ хэрээс хэтэрч, нарийн мэргэжлийн, бүр энэ салбартаа ажиллаж, мэргэшиж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээ туршлагагүй хүнээр сольж байгаа нь энэ салбарт нүүрлээд буй аюулын харанга юм.

НӨХӨН ТӨЛБӨРТ 90 САЯ ТӨГРӨГ “ХИЙСГЭЖЭЭ”
Энэ хугацаанд шалтгаангүйгээр ажлаас халагдсан 12 хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж, заргаа авснаар нөхөн олговорт 90.620.000 төгрөг зарцуулжээ. Мөн тэдний оронд авч ажиллуулсан хүмүүст 76.324.000 төгрөгийн цалин олгож давхар зардал гаргасан байгаа юм.
Гаднаас томилогдон ирсэн мэргэжилтэн, дарга нартаа эхнээс нь хичээл зааж амжаагүй байтал л олон улсын сургалт семинарт Монгол Улсыг төлөөлөн оролцож, Иргэний нисэхийн ерөнхий газрын нэр хүндийг унагаж, элэг доог болгож буйг салбарынхнаас нь өөр хэн ч мэдэхгүй байна.
Хөгжлийн энэхүү хурдыг гүйцэхийн тулд шинэ технологи, аргачлалыг шуурхай нэвтрүүлж дэлхийн төвшинд үйлчлэх шаардлагатай байдаг.
Гэтэл салбарын ажиллагсдын зайлшгүй хамрагдан, байнга боловсрох ёстой, иргэний нисэхийн дүрмүүдээр шаардсан мэргэжлийн сургалт, дадлагын зардал тогтмол танагдаж, гуйлга түүлгээр аргацаах байдалд хүрсэн атал албан тушаалтнуудын гадаад, дотоод томилолтын зардал өсч, үр дүнгүй айлчлал, аяллууд нэмэгдсээр байгаа аж.
Тухайлбал, 2014 онд Амстердамд болсон олон улсын хуралд оролцох нэрээр Захиргаа удирдлагын газрын дарга Б.Ган-Очир, Санхүү эдийн засгийн газрын дарга Л.Нэргүй 14 хоногийн турш 36.000 ам.долларын зардал гаргасан байдаг.
ДАЛД СОНИРХЛЫН БАЙ БОЛСОН ИНЕГ
2011 он хүртэл иргэний нисэхийн салбар, тэр дундаа ИНЕГ-ын дарга, дэд дарга болон харьяа алба хэлтсийн даргаар салбартаа удирдах албан тушаалд тогтвортой ажилласан, туршлагатай, шат дамжлагаар бэлтгэгдсэн боловсон хүчин томилогдож байсан бол 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш дөрвөн удаа бүтцийн өөрчлөлт хийж, гурван дарга солигдож, өдгөө дөрөв дэх дарга нь үүрэгт ажлаа хүлээн аваад байна.
Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлдэг ИНЕГ сүүлийн жилүүдэд улс төрийн нам эвслүүдийн эдийн засгийн далд сонирхлын бай болж, даргын суудал, эрх мэдлийн төлөөх марафоны зам шиг болжээ.
Өөрчлөлт хийх нэрээр агентлагийн үйл ажиллагааны тогтсон системийг аажмаар алдагдуулж, хүний нөөцийн бодлогогүй, мэргэшсэн мэргэжилтний дутагдалд орсон ядруухан салбар болсон байна.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТААР АЖИЛЛАХ ЁСТОЙ
Монгол Улс 1989 онд иргэний нисэхийн талаарх Чикагогийн конвенцод нэгдэн орж Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) гишүүн орон болсон. Тиймээс тус байгууллагаас гаргасан стандарт, хэм хэмжээ, дүрэм, журмыг баримтлан ажиллах ёстой.
Улстөрчдийн бохир гар энэ салбарт шургалахаас өмнө бий болгосон амжилтаараа 2010 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын аюулгүй ажиллагааны шалгалтад өндөр үнэлгээ авч Азидаа тав, дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Энэ амжилтын үрээр өнөөдрийн байдлаар манай улсын агаарын замаар хоногт гадаадын компаниудын 300 орчим агаарын хөлөг зорчиж байна. Биднийг аюулгүй үйл ажиллагаа явуулж, боловсон хүчнээ сургаж, техник тоног төхөөрөмжөө сайжруул гэж тэд хураамж өгдөг.
Харамсалтай нь тэр мөнгийг улсын төсөвт шууд татан авч, тодорхой хувийг ИНЕГ-ыг биеэ амрааж, зүгээр суух “зочид буудал” гэж эндүүрсэн шахааны дарга нар ямар нэгэн аргаар “шамшигдуулдаг”.
Өдгөө тус байгууллагын аюулгүй ажиллагааны түвшин мэдэгдэхүйц буурсныг ажилтнууд нь хэлж буй юм. Энэ байдал үргэлжилсээр байвал 2018 онд болох ICAO-гийн аюулгүй ажиллагааны USOAP аудит шалгалтад ИНЕГ бүдэрч, олон улсад нэр хүндгүй болбол эрх мэдэлтнүүдийн шуналыг хөдөлгөдөг тэр их мөнгө нь салхинд хийсэж мэднэ.
Бас аюулгүй, тогтвортой үйл ажиллагаа явуулах гол үндэс болсон боловсон хүчний бодлого алдагдсанаар 2017 онд Хөшигийн хөндийд ашиглалтад орох шинэ нисэх буудалд ажиллах ур чадвартай мэргэжилтэн, инженергүй болох нь.
Гэхдээ дээрх гажуудлыг засахгүй бол боломжийн тухай мөрөөдөх ч эрхгүй болно. Энэ салбар ирээдүйн дэвшил рүү урагшлах уу, эсвэл өнгөрсөн хэдэн жилийн алдааг лавшруулан дампуурах уу гэдэг эгзэгтэй байдалд тулж ирээд байгаа юм.
БОДЛОГООР БЭЛТГЭСЭН БОЛОВСОН ХҮЧНЭЭ “ХӨӨЖ” ЯВУУЛСААР Л
Бүтцийн өөрчлөлт болон удирдлага солигдох тоолонд ажлаас гарсан хүмүүсийн олонх нь өөрийн хүсэлтээр өргөдлөө өгчээ. Хэдийгээр дарга нар өөрийнхөө багийг дагуулан ирж, хүрээлэгчдээ сольдог нь бичигдээгүй хууль боловч “цэвэрхэн ажиллах”- ын тулд ихэвчлэн арга заль хэрэглэх болжээ.
Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ гэж амлан өргөдөл бичүүлдэг бол нэг хэсэг нь үзэл бодлын зөрүү, дарамт шахалтаас залхан халагдсан байдаг. Техник, хангалтын үйлчилгээний албаны даргаар нэгэн сумын холбооны эрхлэгчийг томилох гэтэл мэргэжлийн холбоод зөвшөөрөлгүй, албан бичиг өгч, эсэргүүцсэнээр дэд даргын орон тоо шинээр бий болгож тэр хүнээ томилсон байна.
Угтаа бол иргэний нисэхийн салбарт дандаа нарийн мэргэжлийн инженер, боловсон хүчин ажилладаг учраас тэднийг бодлогоор гадаадад бэлтгэдэг. Тухайлбал, хамгийн хямддаа л бакалаврын зэрэгтэй нисэхийн инженер ОХУ-д сургахын тулд 70-80 мянган ам.доллар, гуравдагч оронд нисгэгч, нислэгийн удирдагч бэлтгэхдээ 120 мянган ам.доллар зарцуулдаг аж.
Тэр ч бүү хэл, гадаадад сургууль төгсөж ирээд л энэ салбарт шууд ажиллаж чаддаггүй. Ахмадуудаасаа суралцаж, дадлага хийж, зэргээ ахиулж, байнгын сургалтад хамрагдаж байж л мэргэшсэн мэргэжилтэн болдог.
Гэтэл өдгөө шударга бус томилгоо, улстөрчдийн гар дүрэгдсэн гажуудлаас болж залуу мэргэжилтнүүд ур чадвар, мэдлэгээрээ өрсөлдөхийг биш хэн нэгний нэр барьж, далайлган албан тушаал ахиж, дэвших гэж оролддог жигшим жишиг ч бий болжээ.
Харин шударга ажиллах гэсэн нэгнийг нь хавчиж, дарамталсаар явуулчихдаг учраас бодлогоор бэлтгэсэн мэргэжилтнүүдээ хөөж явуулаад дуусаж буй бололтой.
ТОМИЛГООНДОО ТОХИРУУЛСАН ЗАХИАЛГА
Т.Лхагвасүрэн, С.Даваа, С.Буяндалай нарын найман сараас хоёр жил хүрэхгүй хугацаанд тус байгууллагыг тэргүүлсэн дарга нарт бодлогоо хэрэгжүүлэх хугацаа байгаагүй. Тэднийг ихэвчлэн үүрэг гүйцэтгэгчээр томилж, Төрийн албаны зөвлөлд захиалга өгч сонгон шалгаруулалт явуулж байсан ч дандаа л тэдэнд зориулсан тусгай нөхцөл тусгаж бусад өрсөлдөгчдөд боломж олгодоггүй байсан юм билээ.
Тухайлбал С.Буяндалайг үүрэг гүйцэтгэгч байх үед сонгон шалгаруулалт явуулахдаа ИНЕГ-ын дарга нь эрэн хайх, авран туслах чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байх ёстой гэж байсан бол Т.Лхагвасүрэнг сонгон шалгаруулалтад оролцоход ИНЕГ-ын дарга нь авиацаар мастерын зэрэг хамгаалсан байх ёстой гэсэн зөвхөн тухайн хүндээ байгаа онцлох нэг зүйлийг тодруулсан заалт оруулж, энэ байгууллагыг удирдах боломжтой чадварлаг мэргэжилтнүүдийг оролцуулдаггүй байжээ.
АГААРТ АРЫН ХААЛГА БАЙДАГГҮЙ
Нисэхийнхэн ингэж ярьдаг юм билээ. Учир нь мэргэжлийн ажилтнуудаа алаг үзэж, явуулсаар ур чадвар, туршлагагүй хүмүүсийг авчирсаар, тэд нь ямар нэгэн байдлаар алдаа эндэгдэл гаргавал агаарт болох ослоос хэн ч амьд үлдэж чадахгүй.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, дарга, албан тушаалтнуудын хэнбугайд ч энэ бичигдээгүй хууль үйлчилнэ. Аюулгүй ажиллах хамгийн чухал зорилготой байгууллагад хууль бус томилгоо хийсээр байгаа нь энгийн нэгэн хүнээр мэс засал хийлгүүлэхээр хутга бариулан, хагалгааны өрөө рүү оруулсантай эн тэнцүү тэнэглэл юм.
Алдаа завхарлаа даруй засаж, нарийн мэргэжлийн салбарыг улст өржүүлэлгүй, хууль, дүрмийнхээ дагуу, ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боломж олгохыг төр засгийн удирдлагуудаас нисэхийн салбарт ажилладаг 2000 гаруй хүн хүсэж буйг уламжилъя.
Ж.СОЛОНГО