Найр наадмаа мартаж, намрынхаа ажилд анхаарах цаг ирлээ. Өвлийн бэлтгэлээ хангадаг энэ үеийн том ажлын нэг нь ургац хураалт. Ургацаа алдаж байна гэсэн шуугиан улс даяар түгэж, сургаар нь л гурил, талхны үнэ өсөв.
Тариалангийн талбай руу анхаарахаасаа илүү улстөржсөөр байгаад л ийм үр дүн авчирлаа. Газар тариалангийн үйлдвэрлэл хүнд байгаа нь үнэн гэдгийг салбарын яамнаас ч мэдээлж буй.
Тэнгэрийн араншин, техникийн дутагдалтай холбоотойгоор үүссэн уг нөхцөлөөс болж бид хэр хэмжээний “юм” алдсаныг ирэх долоо хоногийн ихээр гаргах ургацын баланс харуулах учиртай.
Тариаланчид хавар, зуны хөдөлмөрийнхөө тодорхой хувийг салхинд хийсгэж, наранд “шатаачихсан” нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс үлдсэн ургацаа хэрхэн хаягдалгүй хурааж, хүнсэнд нийлүүлэх нь өдгөө тэдний гол ажил.
Өнгөрсөн намар 15.8 цн-ээр хэмжигдэж байсан нэг га талбайгаас авах ургацын хэмжээ өдгөө нэг оронтой тоонд шилжиж, аргаа барахдаа 10 цн хүрчихээсэй гэж залбирагсад олширч буй. “Нэг га талбайгаас 5-7 цн ургац авч болохоор харагдана. Гэсэн ч хураах үед энэ хэмжээнд хүрнэ гэсэн итгэл төрөхгүй байгаа”-г тариаланчид дуулгаж байна.
Бүрмөсөн шатсан аж ахуйн нэгж ч байна, тарьсан буудайгаа хадаад ногоон тэжээл болгочихсон, уриншид шилжүүлчихсэн компани ч бий аж. “Давжаа тариа хураах амар ажил биш” гэж биднийг талх, гурилаар хангадаг тариаланчид халаглаж сууна.
Маш их хаягдал гардаг учраас тэр. Тиймээс техникээ бэлэн байдалд байлгах нь тэдний гол ажил болжээ. Өнгөрсөн намар ашиглаж байсан комбайнаа ажилд гаргана гэж санахын ч хэрэггүй гэнэ. Тариагаа хаялгүй хураахад туслах нэмэлт төхөөрөмжүүдээр тоноглож байж л энэ зовлонгоос ангижрах нь.
Ирэх өвөл, намар хэдэн төгрөгийн үнэтэй гурил, талх идэх нь өдгөө ургацын талбайдаа гарах цагаа хүлээн, засуулж сэлбүүлж буй “төмөр цэргүүд”-ээс хамаарах нь энэ. Мөн тариа хураахад технологийн ямар зөвлөмж хэрэгтэйг мэргэжлийн байгууллагууд, яам хамтран гаргаж, тариаланчдад хүргэх чухал гэж тэд үзэж буй.
“Тариалалт хийснээс хойш 45 хоног бороо орсонгүй. 20 гаруй хоногт нь 40 градус хүрч халлаа. Хөрсөн дээрээ бүр 60 гаруй градус хүрсэн. Ийм байхад ургацтай үлдэнэ гэдэг бол техник технологи сайн байсных” гэх тариаланчид ч байгаа юм.
Нэлээд халснаас болоод тариа эхнээсээ шарлаж, тэр хэсгийг нь хураах шаардлагатай болсон нь ч бий гэнэ. Тиймээс зарим газарт ургац хураалтаа эхэлчихсэн сурагтай. Энэ сарын 25-наас зарим талбайн ургацыг ангилан, заримыг шууд хураах төлөвтэй гэнэ.
Тиймээс газар тариалангийн салбарын аж ахуйн нэгжүүд ургац хураалттай холбоотойгоор салбарын яамнаас холбогдох шийдвэр гаргах бол түргэвчлэхийг шаардаж буй юм байна.
Газар тариалангийн бүс нутгуудад өдгөө байдал ямар байгаа, ургац хураалтад хэр бэлдэж байгааг Монголын тариаланчдын холбооны ерөнхийлөгч Ч.Пэрэнлэйгээс тодруулахад “Хүмүүс ган боллоо гэж ярьж байна.

Харин бид авах гэж байгаа ургацаасаа гамшиг нүүрэлчихлээ гэдгийг харж байгаа. Газар тариалангийн үйлдвэрлэл ганцхан жилд дуусчихгүй учраас дараагийнхаа ажлыг явуулахын тулд төр, засаг, тариаланчид гэсэн хоёр талын чармайлт хэрэгтэй.
Манайхан техникээ нэлээд эрчимтэй засаж буй. Тариалангийн үйлдвэрлэлд техник технологийн дэвшил гарсан нь ажиглагдаж байгаа. Уриншаа сайн хийж чаддаг болсон, техникээ тодорхой хэмжээнд шинэчилчихлээ.
Сайн үр тарьдаг, хөрсөө бордоод сайжруулчихдаг зэрэг нэлээд ахиц бий. Үр дүнд нь өнөөгийнх шиг хүнд нөхцөлд ч ургац авах гэж байна шүү дээ. Хэдэн жилийн өмнөх техник технологитойгоо байсан бол ургацаа бүрэн алдах хэмжээнд тулчихсан.
Эндээс газар тариалангийн салбарыг бага ч гэсэн дэмжихэд ямар ахиц гардгийг харж болно. Ургамал тодорхой үе шаттай боловсордог учраас цаашид хэчнээн их бороо орж, нар гараад ч нэмэр болохгүй гэдэг нь Наадам болохын өмнөхөн тодорхой болчихсон, мэргэжлийн хүмүүс ойлгочихсон байсан.
Тарианых нь болц гүйцчихээд хураах гэтэл ногоон тариа дороос нь түрээд ургачихсан байна.
Ангилж болдоггүй, болцыг нь гүйцтэл хүлээж ч болохгүй учраас ихэнх буудай ногоон тэжээл болох нь. Хүлээж, бүр ч эрсдэлд оруулж, хууртаж байснаас байгаагаа аваад үлдсэнийг нь ногоон тэжээл болгохоос өөр аргагүй дээ” гэв.
Газар тариалангийн үйлдвэрлэгчид хөрөнгө оруулах чадвар сул, нийт тариаланчдын 80 хувь нь 800 хүрэхгүй га талбайд үйлдвэрлэл эрхэлдэг. Тиймдээ ч өндөр хүчин чадалтай техник авч дийлэх нь ховор.

Хэдийгээр зарим нь дэвшилт техник, технологи нэвтрүүлж эхэлж буй ч олонх аж ахуйн нэгж өнгөрсөн зуунд хэрэглэж байснаа ашигласаар байгаа. Сүүлийн үед аль аль талдаа нэлээд анхаарч, нэг үеэ бодвол харьцангуй өөрчлөгдсөн ч бусдынхыг гуйж хэрэглэдэг, шинийг авах гэхээр мөнгөгүйн зовлон байсаар л.
Булган аймгийнхны хувьд тариагаа ангилалгүй, ихэнхдээ л шууд хураадаг аж. Тиймээс шууд хураалтын технологи нь нэлээд боловсронгуй болчихсон ч ангилж хураахад хүрвэл тоног төхөөрөмж дутагдах гэнэ.
Гэхдээ шинэ техник хэрэгсэл авах хүсэлтэй аж ахуйн нэгжийн олонх нь урьдчилгаа төлөх боломжгүй, санхүүгийн бэрхшээлтэй гэнэ. Тус аймгийнхан Дархан-Уул аймгийн Газар тариалан, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн оролцоотойгоор технологийн зөвлөмж өгөх багийг бүх сумдад гаргаж ажиллуулах аж.
Тэр баг нь газар дээр нь очиж, шууд хураах, ангилах, эсэхийг зөвлөх юм байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас намрын хураалтын технологийн зөвлөмж боловсруулан тариаланчдад хүргүүлэх гэнэ.
ХХАА-н сайдын өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тушаалын дагуу бага оврын тракторуудын үнэ болох таван сая төгрөгийн 20 хувийг урьдчилан авч, үлдэгдлийг дөрвөн жилийн хугацаанд төлөх боломж олгожээ.
Өмнө нь 40 хувь буюу хоёр сая төгрөгийг урьдчилан төлөөд үлдэгдлийг нь гурван жилийн хугацаанд барагдуулдаг байсан аж. Энэ онд 165 морины хүчтэй трактор 15, 125 морины хүчтэйгээс нь 33, мөн хүнсний ногоо тариалах, хураах цөөнгүй техник олгожээ.
Өдгөө аймгууд руу хэрэгцээтэй техникийг нь явуулж байгаа бөгөөд 16 аймгаас 1200 трактор авах захиалга ирсэн байна. Тариаланчид аймагтаа хандаж, аймгаас нь ХХААЯ руу хүсэлт явуулж, гэрээ хэлэлцээр хийсний үндсэн дээр техник хэрэгслээ авч байгаа аж.
Тухайлбал, Ховд аймаг 200, Сүхбаатар аймаг 39 трактор авах гэрээ байгуулсан бөгөөд техникийг нь явуулж эхэлсэн гэнэ. Тариаланчдын хамгийн их сонирхож байгаа техник нь БНХАУ-аас авчрах үр тарианы 51 комбайн.
Комбайны эхний ээлжийг энэ долоо хоногт багтааж Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн агуулахад буулгах юм байна. Нэг бүрийнх нь үнэ 62.275 орчим ам.доллар. Тэдгээрийг урьдчилгаа төлбөрт, барьцаат зээлийн гэрээгээр борлуулна гэж ХХААЯ-наас мэдээллээ.
Энэ онд өмнөх жилүүдтэй харьцуулахад тоног төхөөрөмжийг харьцангуй сайн шинэчилсэн гэж тус яамныхан хэлсэн юм. Ургацын хэмжээ, техникийн шинэчлэлийн түвшингээр тэргүүлдэг Сэлэнгэ аймагт байдал ямар байгааг тодруулахаар Хөдөө аж ахуйн газрын дарга Х.Даваахүүтэй холбогдоход “Ургацын баланс гаргахаар бүх суманд очлоо.

Техник хэрэгсэл бүрэн бүтэн, бэлтгэл ажил сайн байна. Үнэндээ бол налсан тариаг хураах амаргүй болохоос намхан тариа хураах хэцүү биш. Комбайнаа маш удаан явуулах шаардлагатай байдаг юм. Тарианы болц талбай бүрт төдийгүй нэг талбай дотор хүртэл харилцан адилгүй. Түүнийг ангилан хураахад багагүй хугацаа зарцуулна.
Энэ хэмжээгээр их шатахуун шаардагдах нь. Шууд хураах, ангилан хураах хоёр арга бий. Манайхан сүүлийн үед голдуу шууд хурааж байсан бол энэ жил бараг бүх талбайныхаа ургацыг ангилан хураана. Үтрэм дээр ажиллах шаардлага их тулгарах учраас хүн хүчээ нэмэх нь.
Одоогоор нарийн тооцоо гаргаагүй байна. Зарим аж ахуйн нэгж, ялангуяа жижиг компаниуд “Өмнөх жилүүдээс арай ахиу шатахуун өгөх болов уу, эдийн засгийн хүнд нөхцөл учраас улсад ч ийм боломж гарахгүй байх даа” гэж ярьж байна.
Ургац хураалт манайд ирэх сарын 5-наас эхэлнэ. Үүнээс өмнө тариа авах боломжгүй зарим талбайг шууд хадаж ногоон тэжээл бэлтгэх байх. Одоогоор Мандал суманд хоёр компани ийм байдалтай байна” гэсэн юм. Техник технологи шаардах том ажлын нэг нь хадлан.
Энэ онд улсын хэмжээнд 58 сая мал өвөлжиж, хаваржина гэж тооцон ойролцоогоор 1.4 сая тонн өвс бэлтгэх шаардлага гарчээ. Зуншлага оройтсон бүс нутгуудад хадлан бэлтгэх хүндрэлтэй тул зуншлага сайтай Дорнод, Сүхбаатар зэрэг аймгаас бэлтгэх гэнэ.
Харин газар тариалангийн бүс нутгаас ногоон тэжээлд шилжиж буй үр тариаг авахад шаардлагатай хаман боогчийг нийлүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ нь ямар үр дүнд хүрэхийг шалгах цаг энэ намар. “Төмөр цэргүүд” ид шидээ хэрхэн харуулах юм бол доо.
Ч.МӨНХЗУЛ