Өнөөдөр монгол хүүхдүүд их сургуульд мөнгө төлөхийн тулд л сурдаг юм шиг ээ. Гэтэл америк хүүхдүүд их, дээд сургуулиас мөнгө, тэтгэлэг авахын тулд хичээн суралцдаг. Оюутан бүр тэтгэлэгт хамрагдахын төлөө байдаг гэхэд хэлсдэхгүй.
Тэд 16-18 наснаасаа эцэг эхээсээ хамааралгүйгээр “үүрнээсээ” ховхорч, хорвоог таньсан байдаг. Харин монголчууд сургуулиа төгсөтлөө аав ээж, ах дүүгээ холгосоор “дипломны гол” болж үлддэг.
Монголд төрийн болон хувийн 101 их, дээд сургууль жилд дунджаар 30 гаруй мянган оюутан төгсгөдөг. Гэтэл энэ олон цагаан гартнуудын 60 орчим хувь нь ажлын байргүй хоцордог гэхээр манайхны боловсролын систем хэдэн жилээр хоцорч буйг харуулна.
Тиймээс өсвөр үеийнхэн маань гадагшаа сэтгэх цаг хэдийнэ болжээ. Дэлхий нийтээрээ даяарчлагдаж байна шүү дээ. Бид яагаад 12 дугаар ангиа төгсөөд гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сурч болохгүй гэж.
Манай монгол хүүхдүүд оюуны чадавхиараа бусдаас хамаагүй дээгүүр гэдгийг судлаачид тогтоосон байдаг. Харин үүнийгээ хэрхэн “чулуу” болгох, бас тэдэнд хэрхэхийг нь заах хүмүүс байхгүйд л учир байна. Саяхнаас Монголд САТ-д бэлтгэж буй талаар дууллаа.

Тэр дундаа монгол багш монгол хүүхдүүдийг бэлтгээд тэд нь АНУ-ын Нью-Йоркийн багачуудын дунджаас 100 оноо илүү авсан нь сонирхол татав. Оюутнууд “дипломны гол” болдог тухай ойлголт энд эсрэгээрээ. Ийм шалгалт өгөгсдийг зөвхөн Америкт л бэлддэг юм билээ.
Гадаадад сурч, тухайн орны Засгийн газар, их сургуулийнх нь тэтгэлгийг авахын тулд TOFEL, IELTS өгч, өндөр оноо авах хэрэгтэй. Монголд дээрх шалгалтад бэлтгэж буй сургууль, сургалтын төв маш олон бий.
Гэхдээ гадаад, дотоодын багш нар өөрсдөө TOFEL, IELTS өгөөд тэнцсэн, эсэхийг хэн батлах юм. Хэн ч мэддэггүй, бас шалгадаг газар ч байдаггүй учир эргэлзээтэй. Тиймээс гадаад багш нараас ингэж асуумаар санагддаг.
“Хэрвээ TOFEL өгөөд өндөр оноо авсан юм бол Монголд яагаад ирсэн юм бэ” гэж. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр сургууль, сургалтын төв, багш нараа сайн судлахгүйгээр ээж аавынхаа мөнгийг хий дэмий үрчих вий.
“Хөгжлийг инженерчлэгч” клуб TOFEL, IELTS-ын шалгалтад бэлгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулаад өдгөө 12 жил болж буй гэнэ.
Тус клубээс 1996 онд нийслэлийн I сургуулийн найман хүүхэд АНУ-ын топ 20 сургуульд тэнцэж, 100 хувийн тэтгэлэг авсан бол 23 дугаар сургуулийн нэг анги, “Ховд” их сургуулийн нэг ангийн найман оюутан мөн тус улсын сургуулиудад эдний тусламжтайгаар суралцжээ.
2013 оны байдлаар л гэхэд 200 гаруй хүүхэд тус клубийнхний ачаар АНУ-д суралцахаар хилийн дээс алхсан байх юм. Тэд саяхнаас хүүхдүүдийг САТ-д бэлтгэж эхэлсэн аж. Ямар арга барилаар, юу заадгийг нь сонирхохоор “Хөгжлийг инженерчлэгч” клубийн хүүхдүүдтэй уулзаж, ярилцлаа.

Тус клуб 18 сарын сургалтдаа 15 настай сурагчдыг элсүүлж, арванхоёрдугаар анги төгсөх жил нь гадаад руу сургахаар явуулдаг юм байна. Эдгээр хүүхдүүд зөвхөн TOFEL, IELTS, САТ-д л бэлдэнэ. Ерөнхий эрдмийн хичээлүүдийг нь 11 дүгээр ангид нь шахаад заачихна.
Улсын сургуулиудын 12 дугаар ангийнхан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж байхад тэд TOFEL, IELTS өгнө. Шалгалт өгөхийнхөө өмнө хүүхдүүд мэргэжил, суралцах газар, сургуулиа хэдийнэ судлаад, сонгочихсон байсан нь гайхалтай.
Тус клубийн суралцагч Э.Намуун-Эрдэнэ “13 настайдаа хамаатныхаа хүнээс энэ клубийн тухай сонсоод хоёр жил хүлээж байж орсон. Багшийнх нь заах арга арван жилийн багш нарынхаас өөр байсан нь надад таалагдсан.
САТ, TOFEL, IELTS-ийг Америкийн түвшинд заадаг гэсэн үг. Шалгалтад орох үгнүүдийг цээжлүүлж, өвөрмөц аргаар хичээлээ явуулдаг” гэсэн бол М.Ариунжаргал “Багш бидний тархитай харилцдаг. Хүний тархи 05.00-06.00 цагийн үед хамгийн сэргэг, ой тогтоолт нь сайн байдаг тул зундаа энэ цагаар хичээлээ явуулна.
18 сарын хугацаанд бид 4800 үгтэй толь бичиг, 5800 үгтэй дэлгэрэнгүй толь бичиг цээжилж, дуусгадаг. Ингэснээр бид англи хэлний суурь мэдлэгээ л олж авна. Дараа нь САТ шалгалтад ордог энгийн 1000 үг байдаг ч юм уу, бүгдийг тогтоодог.
Хамгийн сүүлд үндсэн хичээл болох тестүүдээ бөглөнө. Чөлөөт цагаа үр дүнтэй ашиглаж, бие даан сурсан нь шигшигдэж, дуртай сургууль руугаа явдаг бол тэнцээгүй нь 10 жилийнхээ сургуульд буцан орж, элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгдөг.
Харин шигшигдсэн хүүхдүүд Америкийн 12 дугаар ангийнхантай хөл зэрэгцэн алхаж, шалгалтуудаа өгдөг. САТ өгснөөр ямар ч сургуульд сурах боломжтой. Манай дээд анги 60 гаруй хүүхэдтэй. Нэг нь ч ЭЕШ өгөөгүй. Бүгд гадаад руу сурахаар явж байгаа.
Үүнийг өгөхийн тулд шинжлэх ухаан, математик маш сайн сурсан байх ёстой. 10 жилд үздэг тооны хичээлтэй харьцуулшгүй л дээ. Тиймээс багш англи хэлнийхээ хажуугаар бидэнд математик, шинжлэх ухаан заадаг.
Өөр нэг давуу тал нь энэ онд заасан хичээлээ дараа жил дахин давтдаггүй. Багш барууны заах арга зүйн системээр ажилладаг. Жил бүр шинэчлэгддэг гэж тэр хэлдэг” гэж ярив. САТ өгсөн хүүхэд бүр бүх хичээл нь 90 А, TOFEL, IELTS тус бүр 40 оноо авбал 97, 60 оноо бол 99, түүнээс дээш бол 100 хувь А-ээр бодож, бүрэн дунд боловсролын гэрчилгээнд нь дүйцүүлэн тавьдаг юм байна.
Эдний хүүхдүүдээс TOFEL-д хамгийн дээд оноо авсан нь 108 аж. Клубийн захирал Монгол Улсын зөвлөх багш, доктор Б.Энхтүвшин “Энэ жил анхны 12 дугаар анги төгслөө. Манайхаас 10 хүүхэд САТ өгсөн. Нью-Йоркийн хүүхдүүдээс 100 оноогоор илүүрхсэн.
Эдний дундаж оноо 1200, Америкийнх 1400 байдаг бид 1300 оноо авсан. Энэ шалгалтыг жилд дөрвөн удаа өгдөг. Хоёрхон удаа өгөөд л АНУ-ын том хотоос дээгүүр гарчихлаа. Хичээлийг 13 доктор хөтлөн явуулдаг. Хамгийн гол нь хүүхдүүд юу харж, мэдэж, ойлгож байгаа нь чухал.
Сургалт гэж ойлгож болохгүй. Өнөө цагт сурагчид шалгалт өгөхөд сургууль үүрэг гүйцэтгэхээ больсон. Бидний мэдэх багш ч үгүй болж, тэднийг дасгалжуулагч гэх болсон, ийм эринд бид амьдарч байна. Дээхнэ үед 23 дугаар сургууль орос багш нартай, гайхагдаж байсан.
Гэсэн ч сурагчдынх нь амжилт Буриадаас муу байсан. Харин одоо хүүхдүүдийн хандлага эрс өөрчлөгджээ. Тэднийг урагш алхахад одоогийн сургууль, бүтэц, зааж буй багш нар гээд боловсролын тогтолцоо нь тушаа болж байгаа. Харин бид хүүхдүүдэд эрх чөлөө, эрмэлзэл өгсөн. XXI зуунд хаана байхаас үл харгалзаж үр дүнд хүрч чадаж байна.
1989 онд дэлхий даяар ардчиллын хувьсгал өрнөсөн бол өдгөө боловсролын салбарт ийм үе иржээ. Бид ийм цагт АНУ-тай хөл нийлүүлж, САТ өгч байгаа нь гайхамшигтай. Үр дүн гаргана гэдэг гайхалтай. Гайхамшиг нь нэг удаа мэдрэх мэдрэмж бол гайхалтай нь хязгааргүй.
Яг энэ жишгийг сургалтаараа бий болгож чадсан. Дээрх гурван шалгалтыг нэгтгэж буйн гол учир нь гаргалгаатай сэтгэх, гарцаа олж авах чадвар юм. Манай сургалт 360 бэнч маркаас бүрддэг. Өөрөөр хэлбэл, заах арга гэхээсээ илүү одоо учир зүй гэж нэрлэх болсон” гэж ярив.
Хятадууд үүнийг нийтэд танилуулахдаа техник ба урлаг гэж орчуулсан байдаг. Эхлээд техникээ эзэмшинэ. Гэхдээ БНХАУ-ын TOFEL, IELTS-д бэлддэг хамгийн том сургуулийн сурагчид нь САТ өгч чадаагүй л байгаа.
“Хүний анхаарал төвлөрөх хугацаа гуравхан минут. Энэ хугацаанд авсан мэдээлэл бүгд мартагддаг учраас зүүн тархиа хөгжүүлж, дасгал, давталт, маш их хуулан бичих хэрэгтэй. Англи хэл нь үг ба үгийн байршил юм. Ямар үг өгүүлбэрийн хаана байршиж байгаагаас хамаарна. Монгол Улс зургаан жилийн дараа PISA хөтөлбөрт хамрагдах зорилт тавьсан.
15 настай хагас сая хүүхэд өрсөлддөг энэ тэмцээнд манай хүүхдүүд зочноор оролцоно. Тэд маш өндөр оноо авна гэдэгт итгэж байна” гэж Б.Энхтүвшин багш хэлэв. Хүүхдүүдийн олонх нь АНУ-ын топ 20 их, дээд сургуулиас сонгожээ.
“Манай дээд ангийнхан ЭЕШ өгөхөд хамгийн муудаа л 700-гаас дээш оноо авдаг. Тэд бидэнд жим тавьж, бид жимийг зам болгохын төлөө сурч байна. Боловсрол бол үнэнийг олох ухаан. Үнэн нь оршин тогтнохын баталгаа гэж багш үргэлж хэлдэг.
Бид энд сурснаар илүү бодитой мэдлэг боловсрол олж авч чадаж байгаа. Америкт либерал арт гэх боловсролын шинэчлэл нэвтэрсэн. Мэргэжлээ сонгож чадаагүй хүүхдүүдийг нэгдүгээр дамжаандаа бүх хичээлээ үзэх боломж олгож, хоёрдугаар дамжаанаасаа аль дуртай чиглэл рүүгээ орох боломж нээж өгсөн.
2015 оны судалгаагаар АНУ-д жил бүр 2900 их, дээд сургууль, коллеж ашиглалтад орж байна. Тэгэхээр бидний үеийн хүүхдүүд яагаад тийш явж сурч болохгүй гэж. Ямар ч мэргэжил эзэмшсэн түүнийхээ төлөө тэмцэж чаддаг нь л амжилтад хүрнэ.
Мэдээлэл бүгд алган дээр байна. Үг сурсны дараа дүрэм үздэг болохоос дүрмээр англи хэл сурдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Ижил мөрөөдөлтэй найзуудтай бол.
Мөрөөдөл рүүгээ хамтдаа тэмүүл” гэж тэд үеийнхэндээ уриалж байна. Боловсролын хувьсгалыг тэд эхлүүлж байна.
О.БАТ-УНДРАХ