Эдээрээ тогловол эвдэхийн тэмдэг, эхнэрээрээ оролдвол салахын тэмдэг гэдэг. Үүнтэй адил манай улстөрчид төсвөөрөө тоглосоор улсаараа дампуурах зам руу биднийг хөтөлж байна.
ТӨСВИЙН “МАНААЧАА СОЛИВ”
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол манай улсын төсвийн гол манаач. Эд хөрөнгөө итгэлтэй хүнд хариуцуулалгүй, манаачаа үргэлж солиод байвал ямар олиг байх вэ.
Улсын төсвийн тогтвортой байдлыг хангах гол хуульдаа УИХ нь байн байн гар хүрээд, хүссэнээрээ өөрчлөөд байвал манаачийн хэрэг юу билээ.
Энэ онд уг хуульд дөрвөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд хүссэн хүн нь гар хүрдэггүйтэй адил Төсвийн тогтвортой байдлын тухай хууль ч дархлаатай байх ёстой.
Ингэснээр төсвийн алдагдал хяналтгүй боллоо. Өнгөрсөн сарын байдлаар алдагдал 637.8 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь оны эцэст нэг их наядаас нэлээн давах тооцоо бий. Гэтэл Засгийн газар, салбарын яам нь ч төсвийн алдагдал хуульд заасан хэмжээнд хүрээгүй гээд тайван сууж буй.
Зүйрлэвэл ирж буй аюулаас өөрийгөө хамгаалж байна гэж эндүүрэн толгойгоо элсэнд булдаг тэмээн хяруултай адил юм.
ХУУЛИА МЭДДЭГГҮЙ “ЭДИЙН ЗАСАГЧИД”
Мужаан хүн хэчнээн хичээгээд хүний шүд эмчилж чадахгүй. Үүн шиг эдийн засгийн хуулиа мэдэхгүй хүн төсвийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх боломж байхгүй. Гэтэл манай улсад төсвийн жолоог мэргэжлийн бус хүмүүс атгасаар байгаа нь байдал ингэж дордоход хүргэлээ гэж эдийн засагчид үзэж байна.
Өөрөөр хэлбэл, аливаа шийдвэр эдийн засгийн үндэслэл, тооцоонд тулгуурласан гэхээс илүү нам, улстөрчдийн эрх ашигт хөтлөгдөж буй юм. Саяхан олон улсын шинжээчид зэсийн ханш 3200 ам.доллартай тэнцэнэ гэсэн таамаг гаргасан.
Одоогийн байдлаар зэсийн ханш 5000 ам.доллар орчимд эргэлдэж буй. Гэтэл манай улсын төсөвт шаргал металлын ханшийг 6354.7 ам.доллар байна гээд суулгачихсан байгаа. Жил бүрийн төсвийг тооцоо судалгаагүй гэдэг ч ийм хол зөрж байсан удаагүй.
Хэрэв олон улсын шинжээчдийн таамаг байгаа онож, зэс 3200 ам.доллар болвол төсвийн орлогын голыг нугалдаг уул уурхайн салбарт найдах аргагүй болох нь. Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбараас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ багассаар байгаа.
Гэсэн ч өнгөрсөн оны байдлаар гэхэд нийт орлогын 20 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн. Харин энэ онд дээрх хэмжээ улам буурахаар байгаа юм.
Хамгийн гол нь энэ бүх уналт гэнэтийн зүйл байгаагүй. Тухайлбал, нүүрсний зах зээл 2008, 2011 оных шиг эргэн сэргэхгүй гэдгийг энэ оны төсвийг боловсруулж байх үед эдийн засагчид хэлж байсан. Урд хөршид гангийн эрэлт буурсныг дагаад нүүрсний хэрэглээ хумигдсан.
Дотоодын нүүрс олборлогчдоо дэмжихийн тулд импортын нүүрсний татвараа сэргээсэн гээд монгол нүүрс зах зээлээс шахагдахад нөлөөлсөн олон үйл явдал болж байхад төсөв боловсруулагчид үүнийг анзааралгүй, өнөөх л тэнгэрийн тоонуудаа тавьж ирсэн.
Үүнээс нь болж төсөв дампуурахад хүрээд байна. Манай эдийн засгийн салбаруудыг нөлөөгөөр нь эрэмбэлбэл, нэгдүгээрт уул уурхай, дараа нь хөдөө аж ахуй, худалдаа ордог. Уул уурхайгаас гадна худалдаа, үйлчилгээний салбар хүнд байдалд орсныг төсвийн мэдээнээс харж болно.
Тухайлбал, татварын орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварынх (НӨАТ) хамгийн өндөр буюу 117.3 тэрбум төгрөгөөр дутжээ. НӨАТ нь худалдаа үйлчилгээний салбаруудаар иргэд үйлчлүүлэхэд ногддог татвар юм.
Энэ татвараас улсын төсөвт төвлөрөх орлого буурсан нь дээрх чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хумигдсаар байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгж үүлснээр иргэдийн орлого ба өрийн харьцаа нэмэгдэж, бараа, үйлчилгээ худалдан авахад гарах зардал нь буурсан.
Үүнээс гадна аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татвар төлөвлөсөн хэмжээнээс 64 тэрбум төгрөгөөр бага байгаа нь тэдний ашиг багасаж буйг харуулж байна. Эдийн засгийн идэвх хоёр гурван жилийн өмнөөс суларч, компаниудын үйл ажиллагаа хумигдаж эхэлсэн ч төсвийг тооцохдоо урьдын аргаа хэрэглэсээр ирсэн нь ийм байдалд хүргэлээ.
ХӨӨСӨРСӨН ТӨСӨВ ХӨРСӨНДӨӨ БУУВ
Манай улсын төсвийн орлого сүүлийн үед жилд 25 орчим хувиар тогтмол өсөж ирсэн. Үүнийг дагаад зарлагаа ч замбараагүй тэлж ирэв. Харин одоо орлого буурахад улстөрчид зарлагаа танаж чадахгүй барьц алдаж сууна.
Нэгэнт орлого нь төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй бол зарлагаа багасгах нь жам ёсны зүйл. Ямар ч компани орлого нь буурвал зардлаа танах, ажилчдаа цомхтгох зэргээр бүсээ чангалж эхэлдэг. Тийм ч учраас Засгийн газар энэ оны эхэнд төсвийн тодотголоор зардлаа 900 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан боловч улстөрчид саналыг нь хүлээн аваагүй.
Тиймээс эрх баригчид орлогоо нэмэгдүүлж чадахгүй, зардлаа ч танаж чадахгүй нуман тулгуурт орчихоод байна. Төсвийн зарлага урсгал болон хөрөнгө оруулалтын зардлаас бүрддэг. Эдийн засаг хүндэрсэн үед цалин тэтгэврийн хэмжээ, төрийн албан хаагчдын тоог бууруулах зэргээр урсгал зардлаа багасгах боломжгүй.
Нөгөө талаас хөрөнгө оруулалтын зардлаа танаж, төсвөөс бараа, үйлчилгээ худалдан авах хэмжээг багасгах сонголт хийхэд ч хэцүү. Учир нь төсвийн эдийн засагт эзлэх хэмжээ өссөөр дотоодын хөрөнгө оруулалтын бараг 50 хувь нь төсвөөр дамжиж буй.
Манай улсын төсөв сүүлийн жилүүдэд хөөсөрсөөр ирсэн. Харин одоо хөөс хагарч, төсөв хөрсөндөө бууж буйг харж болохоор байна.
ЗӨРҮҮ ХҮҮГ НЬ АРД ТҮМЭН ТӨЛНӨ
Зарим эдийн засагч “Засгийн газрын тусгай сангууд манай улсын төсвийг дампуурал руу хөтөлж байна” гэж дүгнэж буй. Үүнээс гадна “Чингис”, “Самурай” бонд зэрэг гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг төсөвт тусгахгүйгээр зарцуулж байсан нь төсвийн эрсдэлийг улам нэмж байгааг хэлдэг.
Тухайлбал, хамгийн сүүлийн мэдээгээр зээл хүссэн аж ахуйн нэгжүүдэд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 100 тэрбум, Хөгжлийн банкнаас 320 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон аж. Хөнгөлөлттэй зээлийн хүү нь тав орчим хувь байгаа.
Ийм бага хүүтэй ямар ч арилжааны зээл байхгүй учраас зөрүүг нь төсөв буюу ард түмний халааснаас л гаргаж таарна. Гэтэл ажил болгон, хөрөнгө зарж эхлүүлсэн энэ төслүүд эдийн засагт, иргэдийн амьдралд ямар эерэг нөлөө авчрав.
Ноос, ноолуурын үйлдвэрлэлийг дэмжээд монгол ноолуур дэлхийн брэнд болж чадсан уу, бэлэн хувцас, гутлын хэрэглээний хэдэн хувийг дотоодоос хангаж байна вэ гээд харвал эдгээр ажлын үр дүн чамлахаар байгаа юм.
Гол нь аль нэг салбарыг хөгжүүлэхдээ бус, хэн нэгний компани хөнгөлөлттэй зээл авахад л байгаа аж. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд ийм зээл олгохын оронд төр дэд бүтцийг нь шийдэж, бизнес хийх орчин бүрдүүлэх хэрэгтэй гэж байгаа юм.
Үнэндээ дэлхийн олон орон дээрх аргыг хэрэглээд бүтэлгүйтэж байсан туршлага бий. Гэтэл бид харсаар байж араас нь явж буйг төсвийн хөрөнгийг лообийдож хувийн компаниуддаа тараадаг улстөрчидтэй л холбохоос өөр аргагүй.
Н.САНЖААСҮРЭН