Баруун талаас эхнийх нь Виктор Фещенко
ОХУ-ын “Секрет” сэтгүүлийн газраас эдийн засгийн эрс шинэчлэл хийсэн ч гацаанд орчихоод буй улс орнуудын талаар цуврал нийтлэл бичиж эхэлжээ. Цувралын эхний улс бол Монгол. Ингээд нийтлэлийг сонирхуулья.
Байгалийн баялагт хүрэх замыг нээсэн 1990-ээд оны либерал өөрчлөлтүүд 2000-аад оны үед Монголд эдийн засгийн эрс өсөлт авчирсан билээ. 2011 онд Монгол Улсын ДНБ 17.3 хувиар өссөн нь дэлхийд нэгт тооцогдож, “Business Week”, “The Economist”, “The Guardian” сэтгүүл Монголыг “Азийн шинэ бар” хэмээн нэрлэж байлаа.
Гэвч удалгүй улстөрчид нь хөрөнгө мөнгөний нөөцөө үрэн таран хийж, зүүний гоё сайхан яриа болон хууль дүрэм гэсэн бороохойгоор зэвсэглэн, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн зайлуулсан юм. Улс орныг авлига, популизм, хуурамч эх оронч үзэл эзлэн авав.
Тэдний удирдагч 55 орчим настай эрийн халзан толгой, ханцуйгаа шамалчихаад хүн болгоныг өдсөн мэт суугаа байдлыг харахад архаг гэмт хэрэгтэн мэт. Д.Ганболд гэх энэ эрхэм найз нартайгаа виски аяга аягаар хөнтрөх бөгөөд намайг уухаас татгалзсаныг огт хүлээж авсангүй.
Гэнэт Д.Ганболд миний чихэнд “Би Егор Гайдарын хийж байсныг хийсэн. Гэхдээ жилийн өмнө шүү” гэж шивнэснээ дуулж эхэллээ. Загварын цахим хуудас “Buro 24/7”-ийн Монгол дахь нээлтэд тал нутгийн орны бүх элит цугларчээ. Хэнтэй ч ярьсан ямар нэг банк, компанийн захирал, УИХ-ын гишүүн.
Д.Ганболдын эхнэр Москвад оюутны байранд борщ хийж сурсан талаар оросоор цэвэрхэн ярьж байснаа гэнэт “Оросуудад бид хэчнээн хайртай болохыг та нар мэдэхгүй л дээ. Ер нь та нар юу ч ойлгодоггүй улс. Украиныг юу болгож байна аа” гэж асуулаа.
Харин нөхөр нь “Украинд наадах чинь ямар хамаатай юм. В.Путинд чиний хэлснийг дамжуулах юм уу? Чи наад үгээ Чемезов, Сечин нарыг ирэхээр хэлээрэй” гэж яриаг нь таслав. ОХУ-ын компанийн эзэдтэй тэд муугүй танилууд бололтой.
Маргааш нь уулзсан эрүүл Д.Ганболдод согтуугаасаа ялгаатай юм байсангүй. Үг яриа олонтой, өөртөө итгэлтэй, юм л бол эх орноо Оростой харьцуулах аж. 1990-ээд оны талаар дурсахдаа дайн байлдаанд ороод ялсан мэт ярьж, бид одоо найрлах эрхтэй гэж байв.
Ингэхэд 1990-ээд онд Монголд юу болсон юм бэ? Гурван сая хүн амтай энэ улс Чингис хааны үеэс хойш үндэсний сэргэн мандалтыг үзэлгүй, нүүдэлчний жирийн амьдралаар амь зууж ирсэн. Алт, мөнгө, зэс, нүүрс зэрэг баялагтайгаа мэддэг байсан ч түүнийгээ ашиглаж, баян тансаг болно гэсэн ойлголт байгаагүй.
1921 онд цагаантны Барон Унгерн хятадуудыг Өргөөгөөс хөөн, Богд хааныг суудалд нь залж, монголчуудыг сэргээлээ. Унгерн буддын шашныг ашиглан, Орос, Европыг эзлэхээр санаархаж байлаа. Түүний ачаар монголчууд өөрсдийгөө дахин дэлхийн төв болсон мэт санаж эхэлсэн юм.
Гэвч Унгерний армийн харгис яргаллаас залхсан монголчууд түүнийг Орос руу явахад нь их баярласан. Дараа нь монголчууд ЗХУ-тай найзалж эхэллээ. Ах, дүү хоёр ард түмний найрамдал хэзээ ч бөхөхгүй мэт байсан ч 1991 оноос Орос тусламж өгөхөө болив. Шатахуун дуусаж, дэлгүүрийн лангуу хоосорлоо.
Гэхдээ энэ үед ЗХУ-ын өөрчлөн байгуулалт, ил тод байдлыг нүдээр үзсэн оюутнууд эх орондоо харьж ирсэн юм. Ардчилсан хувьсгалыг удирдсан тэдний карьер хоорондоо бараг адилхан. Е.Гайдартай хамт Москвагийн их сургуулийг төгссөний дараа Д.Ганболд Улаанбаатарт “Залуу эдийн засагчдын клуб” байгуулж, чөлөөт зах зээлд шилжих хөтөлбөр боловсруулжээ.
Парламентын анхны сонгуулийн дараа тэрбээр Тэргүүн Шадар сайдын албан тушаал хашиж, Чили, Польш, Чехийн туршлагаар “шок эмчилгээ” хийх санал гаргасан. Д.Ганболд хоёр жилийн дотор хувийн секторын хэмжээг гурваас 30 хувь болтол өсгөж, Хятадтай худалдаа хийн, ОУВС-гаас тусламж авахаар төлөвлөж байв. Гэвч заримыг нь амжсангүй.
Ардчилсан хувьсгалын дараа ч УИХ-д олонх хэвээр байсан коммунистууд шинэчлэлийг алгуурхан хийх ёстой хэмээн түүний хөтөлбөрийг зогсоож орхисон байна. Уг нь ард түмэн тэсэж даагаад гарчих байсан гэж Д.Ганболд үзэж буй.
“Хаан ширээний тоглоом” киноны арга барилд Д.Ганболд дуртай. Хүн ам багатай энэ орны бүх элит хоорондоо хамаатан садан л гэсэн үг. Ардчилсан намын гишүүдээ коммунист намын хамаатнууд руу нь илгээснээр тэр үнэ, валютын ханшийг чөлөөлж, хувьчлалыг эхлүүлж чадсан. Эхний ээлжинд 2670 бага аж ахуйн нэгж, дараа нь 906 том зочид буудал, уурхайг хувьчилж, эцэст нь нэгдлийг тараан, малыг малчдад олгосон юм.
1996 онд Д.Ганболд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж, орон сууцыг хувьчлан, Монголыг олон улсын санхүүгийн байгууллагуудтай холбож, ашигт малтмал олборлох хууль санаачлан батлуулсан. Энэ хууль нь гадаадын хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл боломж олгосон байна.
Хэдийгээр коммунистууд эсэргүүцсэн ч тэр үед цөөнх байсан болохоор яаж ч чадсангүй. Энэ хуулийн ачаар хөрөнгө оруулагчид орж ирэн, Монголын эдийн засгийн гайхамшиг эхэлсэн гэж тэр үздэг байна. Хоёр жил өнгөрч, улс орон хамаг хүндрэлээ даван туулчихсан мэт л санагдаж байлаа.
Хүмүүс капитализмаас хэзээ ч эргэж буцахгүй, ардчиллыг дэмжигчдийн тоо байнга өсөх мэт байв. Гэвч 1998 онд Монголын шинэ түүхэнд анх удаа цус урссан юм. Шөнө дунд хаалганы хонх дуугарахад С.Зоригийн эхнэр Д.Булган огт айсангүй. Нөхөр дээр нь зочид ирдэгт тэр дассан байлаа.
Үүнийг алуурчид ашигласан. Тэд С.Зоригийг 16 удаа хутгалж алсан байдаг. Д.Ганболдын нэгэн адил С.Зориг ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг байсан. Сүхбаатарын талбайд чанга яригч барин жагсагчдыг тайвшруулж байгаа түүний зураг өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болсон юм.
Коммунистуудыг хашраахыг хүссэн иргэдийг зогсоосон С.Зориг найман жилийн дараа өөрөө цус урсаагүй хувьсгалын золиос болжээ. Тэр үед улс төрийн хүчнүүд С.Зоригийг Ерөнхий сайд болгохоор тохиролцсон байжээ. Гэвч тэрбээр Ерөнхий сайд болохоосоо гуравхан хоногийн өмнө хорвоог орхисон.
Түүний дүү С.Оюун эхлээд улс төрөөс хол хөндий байжээ. Кыргызэд томилолтоор явж байхдаа ахынхаа тухай аймшигт мэдээг сонссон тэрбээр үйл хэргийг нь үргэлжлүүлэхээр зориг шулуудсан гэдэг.
Би түүнтэй С.Зориг сангийн хоёр давхар байшинд уулзлаа. Түүний нэр хүнд С.Зоригтой салшгүй холбоотой тул С.Оюун алдаа гаргахгүй гэж ихэд болгоомжтой ярьдаг. Жишээ нь, ахынхаа үхэлд тэр хэнийг ч буруутгаагүй. Коммунист, ардчилагчид, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой Оросын мафи хэн нь ч алуурчин байж болно.
Иргэний зориг намыг байгуулахдаа ямар ч нам хөдөлгөөнтэй нийлсэнгүй. Учир нь хэн ахыг нь хороосон болохыг С.Оюун мэдэхгүй байв. С.Зориг хамгийн сүүлчийн ярилцлагандаа “Улстөрчдийн ашиг сонирхол улс орныхыг давж гарлаа” гэж хэлсэн нь бий.
Ингэж ардчилсан хүчнийг хоорондоо үзэлцэж байх хооронд коммунистууд засгийн эрхийг гартаа авчихав. Тэд шинэчлэлийг үргэлжлүүлээгүй ч зогсоогоогүй юм. Энэ үед байгалийн баялгийн үнэ нэмэгдэж, Монголд гадаадын том хөрөнгө оруулагчид орж ирсэн.
Канадын “Centerra Gold”, үндэстэн хоорондын аварга загас “Rio Tinto” охин компани “Ivanhoe Mines”- аар дамжуулан ороод ирлээ. Яг энэ үед барууны шинжээчид Монголд анхаарлаа хандуулж эхэлсэн юм. “Renaissance Capital” Монголыг чоно гэж нэрийдэн, хөрөнгө оруулагчдыг уриалан дуудаж, “Business Week” тал нутгийн оронд асар их мөнгө олж болно гэж бичиж байв.
Гэхдээ тэд Монголын улс төрийн менежментийн сул тал, эрсдэлийг олж хараагүй. Засгийн эрхэнд гарсан популистууд байгалийн баялгаа хувааж сураагүй байв. Олсон мөнгө нь ажилчин, тариачдад очихгүй учир амьдрал дээшлэхгүй байлаа.
Хөдөөнийхөн ажил олохоор хот руу зүглэн, Улаанбаатарын хүн ам 1.5 сая болж нэмэгдсэн. Энд тэд барилгачин, таксины жолооч хийцгээж, заримд нь ажил олдохгүй тул архи балгана. Гэр хороолол руу орой үдэш зүглэхийн эцэсгүй.
Согтуу, аймшигтай монголчууд эмэгтэйчүүдийг хүчиндэн, хоорондоо зодолдож, гаднынхныг өдөн, хажуугаар өнгөрөх машин руу шил шиднэ. 2007 онд гэхэд Монголын газар нутгийн тал хувь нь лицензээр олгогдсон. 0.3 хувь нь л олборлох, үлдсэн нь хайгуулийн лиценз ч хэвлэлээр улс орныг хуваан худалджээ гэж бичиж эхлэв.
Нүүдэлчид гадаадын компанийн машиныг буудан, Улаанбаатарын гудамжинд өлсгөлөн зарлаж, улс орныг колоничлохыг хориглохыг шаардсан. Ингээд байгалийн баялгийн үндсэрхэг үзэл эхлэв. Хөдөө орон нутагт малчид бэлчээргүй болж, малаа хаян, нинжа болцгоолоо. Мэлхий нинжа мэт хувцасласан тэд сардаа 1000 орчим ам.доллар олдог.
Улаанбаатарын ойролцоох Гачууртад дэлгүүр гуанзанд төгрөгийн оронд алтны элс авдаг. Нийслэлээс 55 км-ийн зайд Бороогийн алтны орд газар бий. Уг ордын эрхийг 2004 онд Канадын “Centerra Gold” худалдан авчээ. 2010 он хүртэл Монголын ДНБ тэдний ачаар 5-7 хувиар өсдөг байлаа.
Канадчууд орлогынхоо хэсгийг орон нутгийн сургууль, эмнэлэг, номын санд хандивлаж, топ менежерээс бусад ажилд монголчуудыг л авдаг байв. “Centerra Gold”-ийн тэргүүн, беларусь үндэстэн Жон Казакофф Улаанбаатарт амаржих газар барьж өгсөн нь 1980 оноос хойш тус улсад боссон анхны амаржих газар.
Бороогийн нөөц дуусах дөхсөн тул “Centerra Gold” Гачууртын ордод ажлаа эхлэхээр бэлтгэж байлаа. Гэтэл тэднийг “Хүннүгийн дурсгал, булштай Ноён уулыг ухах гэж байгаа тул Монголоос зайл” хэмээн шаардсан. Одоо энэ компанийн оффист гуравхан хүн ажилладаг. Казакофф тэргүүтэй удирдлага Кыргызэд шилжиж, үлдсэн ажилчдаа халахыг нь халж, заримд нь амралт олгожээ.
Уг нь бол Монголын ашигт малтмалын газраас хоёр ч удаа шалгалт хийгээд “Centerra Gold”-ийн орд газар Ноён ууланд ямар ч хохирол учруулахгүй гэдгийг тогтоосон аж. Барих гэж байгаа алтны уурхай Ноён уулаас 4.5, хүннүгийн булшнаас 7.5 км зайтай оршдог гэнэ.
2009 онд батлагдсан “Урт нэрт” хуулиар голын сав газарт уул уурхай эрхлэхийг хориглосон. Гачууртын хөндийд Сэлэнгэ мөрөнд цутгадаг Гачуурт гол урсдаг тул төслийг зогсоосон юм. Тэр үед засгийн эрхэнд ардчилагчид дахин гарсан байлаа. Шинэ үеийн ардчилагчид хатуужил үзээгүй тул ард иргэдтэй сөргөөцөлдөхөөс эмээгээд популизмийг сонгон авч, шинэчлэлээс татгалзсан.
Тэд хэдхэн сарын дотор хөрөнгө оруулагчдыг айлгасан хэд хэдэн хууль баталж орхив. Авлигаар авсан хэмээн 106 лицензийг буцаан авч, орд газруудаа стратеги, жирийн гэж хувааж, стратегийн ордоос улс 34- 51 хувь авдаг болсон. “Засгийн эрхэнд хэт олон чалчигч гарч ирсэн” гэж Д.Ганболд дүгнэлт хийлээ.
Монгол улстөрч ямар байдгийг депутат Р.Амаржаргалаас харж болно. Тэр нэг хэсэг Ерөнхий сайд байсан, цаашдаа ч энэ албан тушаалд гарах магадлалтайд тооцогддог.
Сайхан хослол өмсөж, бейсболын малгай тавьсан тэрбээр “Бид туршлагагүй байсан тул олон алдаа гаргасан. Одоо бид хөрөнгө оруулагчидтай нэг бүрчлэн тулж ажиллан, аажмаар гэрээ байгуулах болно. Тэд хаачих ч үгүй. Тэгээд ч манайд 10 хувийн эдийн засгийн өсөлт хэрэггүй” гэж ярив.
1990-ээд онд тэр шинэчлэлийн төлөө, 2000-аад онд эсрэг нь, харин одоо дундыг барьж байна. Сонгогчдын тал гадаа жорлонтой газарт амьдардаг нь түүний санааг огт зовоохгүй байна. 2011 онд Австралид үер болж, нүүрсний үйлдвэрлэл унахад Монгол дэлхийд нүүрс олборлолтоор тэргүүлэн, ДНБ нь 17 хувиар өссөн.
Энэ үеэр олсон мөнгөө бүгдийг нь сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэхэд зориулж, хүн болгонд тараасан билээ. “MidLincoln Research” компанийн шинжээч Ованес Оганисян “Энэ бол популист шийдвэр байсан. Шинэ засгийн газарт түр зуурын улс төрийн ашиг хэрэгтэй байсан тул хамаг орлогоо нийгмийн зардалд гаргасан.
Харин хүмүүст тийм тусламж хэрэггүй, учир нь Монголд өөрийгөө аваад явчих олон залуус бий. Мөнгөө ашигт малтмалыг борлуулах дэд бүтэц, үйлдвэр байгуулахад зарцуулах ёстой байсан. Үүний тулд улс төрийн зориг хэрэгтэй ч тийм зоригтой түшмэл байсангүй. Тийм болохоор л Монголд онцгой тодорсон бизнесмэн байдаггүй” гэж ярьж байна.
Баялгийн үндсэрхэг үзэл авлигыг өөгшүүлсэн. Танил тал, авлига гэхээр монголчууд манайх жижигхэн улс гэж хариулдаг. Монголчууд эдийн засгийн хөгжлийн шинэ замаа одоо болтол олоогүй хэвээр байна. Технологийн парк байгуулах санаа гарсан ч зогсоож, С.Оюуны санаачилсан тогтвортой байдлын сан байгуулах ажил ч явсангүй.
Өөрсдийн хүчээр олборлолт хийх мөнгө байхгүй, 2011 оноос ДНБ-ий өсөлтийн хэмжээ буурсаар л байна. “Баярлуулж буй ганц зүйл бол бид алдаагаа засаж байна. Хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулиудаа баталснаас нь хойш 2-3 жилийн дотор л өөрчилсөн. Гэвч тэд буцаж ирэхгүй байна. Яагаад гэвэл нүүрс, алт, зэсийн үнэ өсөхгүй, эрсдэл хэвээр үлдсэн, дэд бүтэц ч хөгжөөгүй хэвээр.
Байгалийн баялгаа борлуулах ганцхан зах зээл нь Хятад. Орос руу шинэ төмөр зам барих хэрэгтэй ч Засгийн газрууд тохиролцож чадахгүй олон жил болж байна” гэж С.Оюун хэллээ. Засгийн газар асуудал байгааг хүлээн зөвшөөрсөн ч засаж болно гэдэгтээ итгэлтэй байна. Би энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Лакшмитай ярилцсан.
Түүний үгээр бол Монголыг аврах хэдэн арга бий гэнэ.
Нэгдүгээрт, УИХ дахь эмэгтэй гишүүдийн тоог нэмэх. Эрчүүд өдөржингөө мал хариулж байхад монгол эмэгтэйчүүд уншиж, бичин, өөрийгөө боловсруулдаг тул илүү мэдлэгтэй гэнэ.
Хоёрдугаарт, Ерөнхий сайдын эрх үүргийг нэмэж, параламентаас хамаарахгүй болгох.
Гуравдугаарт, гадаад орны хуулиудын холимог болсон Үндсэн хуулийг өөрчлөх. Энэ бүхнийг биелүүлэхийн тулд цаг хугацаа, хариуцлага хүлээхээс айдаггүй мэргэжлийн хүмүүс хэрэгтэй. Тэгвэл Ерөнхийлөгчийн зөвлөх битгий хэл УИХ-ын гишүүн, С.Зоригийн үйл хэргийг залгамжлагч С.Оюун ч өөрчлөлтөөс айж, эхний эгнээнд гарахаас татгалзаж байна.
С.Оюун НҮБ-ын Байгаль орчин хамгаалах хөтөлбөрийн дарга зэрэг олон улсын хэд хэдэн албан тушаалтай. Тийм болохоор хариуцлага хүлээх ажлыг өөр хүмүүс хийнэ биз гэж үзэж байгаа бололтой. Монголчууд ардчилалд бэлэн биш байжээ.
Тэд одоо улс орныг аваад явах хүчтэй лидертэй болохыг мөрөөдөж байна. Яг л Барон Унгерн шиг. Унгерн нэг талаас цуст дарангуйлагч байсан ч нөгөө талаас Өргөөд үндэсний банк, цэргийн сургууль байгуулж, эрүүл мэнд, удирдлагын системд шинэчлэлт хийгээд амжсан.
Хэрэв тийм хүн гараад ирвэл ард түмэн дарангуйлагч ч бай, шинэчлэлийг зогсоож, ардчиллыг унтраасан ч өршөөхөд бэлэн байгаа юм. Монголчуудын зан ааш Улаанбаатарын машин зам дээр тод илэрнэ. Хэнд ч зам тавьж өгөхгүй, улаан гэрэл бол тэнэгүүдэд зориулсан зүйл гэж үзнэ.
Эзгүй хээр талд хүн болгон өөрийгөө л бодно, хүний төлөө явах зав байхгүй. Ирээдүйгээ төлөвлөх нь ч ижилхэн. Өвөл ойртсон ч айх хэрэггүй. Хэрэв зуд болбол сайн бэлтгэсэн ч бай мал хуйгаа аврах боломжгүй. Тийм болохоор бүх амжилт зөвхөн түр зуурын, тогтвортой хөгжих боломжгүй.
Ийм байхад Монгол Улс өрсөлдөгч нараасаа хоцрох нь зүйн хэрэг. Оюутолгойн далд уурхайн гэрээг гурван жил хэлэлцэж байж нэг юм байгуулсан. Засгийн газар ард түмэнд энэ гэрээний хариуцлагыг яаж хүлээлгэх вэ гэдгээ бодож олох гэж ийм хугацаа зарцуулжээ. Тэр арга нь бүх ард түмний санал асуулга явуулах.
Монголд бүртгэгдсэн 3.5 сая гар утсанд “Rio Tinto-той байгуулсан далд уурхайн гэрээг та дэмжиж байна уу” гэсэн асуулт илгээхэд 56 хувь нь гэрээг байгуулахын төлөө санал өгсөн байлаа. Оюутолгойн далд уурхайн ажил Монголд их орлого авчрах нь мэдээж.
Гэхдээ Монгол хэзээ ч өндөр хөгжилтэй орон болж чадахгүй болов уу. Яагаад гэвэл Монголд хүчтэй лидер алга. Хэнээс ч эмээлгүй шийдвэр гаргаж, бусдыг дагуулдаг лидер энэ улсад үгүйлэгдэж байна.
Виктор Фещенко “Секрет” сэтгүүлийн тусгай сурвалжлагч
Орчуулсан М.Сугар-Эрдэнэ