Засгийн газар өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх, автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэх шийдвэр гаргаж, зах зээлийг нь хамгаалж байна
Өмнөд Солонгост Японы “Тоёота”, “Ниссан” маркийн машин уначихсан яваа хүнийг олж харахгүй. Таарвал ховорхон тохиол байх болно. Харин тэд үндэснийхээ үйлдвэрийн “Хьюндай”, “Киа” машиныг хөлөглөцгөөдөг. Бас тэнд “IPhone” гар утас барьсан солонгос хүнтэй бараг таарахгүй.
“Самсунг”, LG-гээ л барьцгаана. “Тоёота”, “Ниссан”, “IPhone” Өмнөд Солонгосын зах зээлийг тоодоггүй гэж эндүүрч болохгүй. Өмнөд Солонгос бол 50 сая хүнтэй том зах зээл. Засгийн газар нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, тэдний зах зээлийг хамгаалах бодлого тууштай явуулдаг учраас гадаадын брэндүүд хилийг нь давж чаддаггүй юм.
Тэд ижил төрлийн барааны импортын татварыг нэмдэг. Зарим бараа бүтээгдэхүүнийг импортлохыг тас хориглодог. Ухаантай улс ингэж үйлдвэрждэг аж. Монголчууд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж сүүлийн арваад жил ярьж байна.
Гэвч бодлого, зохицуулалт, оновчтой шийдвэр дутагдаж байв. Зохистой бодлогогүй бол хөнгөлөлттэй зээлээр хэчнээн дэмжээд ч жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихгүйг бидний өнгөрсөн цаг нотоллоо.
Тоолбол олон тэрбум төгрөгийг жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх нэрийдлээр бизнесмэнүүдэд зээлсэн байх шүү. Монгол Улс Өмнөд Солонгостой адил дотоодын зах зээлдээ зориулж автомашин, гар утас үйлдвэрлэх боломжгүй. Учир нь бид цөөхүүлээ.
Өмнөд Солонгосоос 17 дахин цөөн хүнтэй жижиг зах зээл. Тэгэхээр автомашины импортын татварыг өсгөж, гар утас гадаадаас зөөхийг хориглож болохгүй. Гэхдээ бид өөрсдөө үйлдвэрлээд хэрэглээгээ хангачихаж чадах бүтээгдэх үүнээ импортлох нь утгагүй хэрэг.
Тиймээс өөрсдийн үйлдвэрлэж чадах бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд тодорхой бодлого явуулах ёстой. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрлэлийг дэмжихэд дорвитой алхам хийсэн хоёр тогтоол баталлаа.
Энэ нь эдийн засаг уруудаж, улс төр тогтворгүй байгаа энэ үед чихэнд чимэгтэй мэдээ болж байна. Харин ач тус, алсын үр дүнг нь олон нийт бүрэн дүүрэн ойлгож буй нь эргэлзээтэй. Засгийн газрын тогтоолоор төсвийн мөнгөөр дотоодоос худалдаж авах барааны жагсаалтыг баталлаа.
Өөрөөр хэлбэл, дотоодод үйлдвэрлэсэн нэр бүхий барааг заавал худалдаж авах шийдвэр гаргасан гэсэн үг. Чанар, стандартын шаардлага хангаж буй бараа бүтээгдэхүүнийг жагсаалтад багтаажээ. Аж үйлдвэрийн яамныхан 80 орчим бүтээгдэхүүнийг төсвийн мөнгөөр заавал худалдаж авах барааны жагсаалтад багтаасан гэж ярилаа.
Тодруулбал, бүх төрлийн хэвлэмэл, оёмол, эсгий, ноос, ноолууран, мод, модон бүтээгдэхүүн, савхин хувцас, зам барилгын материал, төмөр хийц, сав баглаа боодлыг багтаасан байна. Жагсаалтыг төрийн болон орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт хүргүүлэх аж. Тэд жагсаалтад багтсан бараа бүтээгдэхүүнийг л худалдаж авах ёстой.
Хэрвээ жагсаалтад багтсан бараатай ижил төрлийн импортын бүтээгдэхүүн худалдаж авахыг урьтал болговол хариуцлага хүлээлгэх аж. 2014 онд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр нэг их наяд төгрөгийн бараа худалдан авсан гэсэн тооцоо гарчээ.
Ам.долларын гадагшлах урсгалыг тодорхой хэмжээгээр сааруулна. Түүнчлэн зарим бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь үйлдвэрлэлийг дэмжиж буй хэлбэр юм.
Дотоодын зах зээлээ хангах хэмжээгээр үйлдвэрлэдэг барааныхаа зах зээлийг гадаадын ижил төрлийн хямд үнэтэй, чанар муутай бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд импортын татвар нэмэх аргыг улс орнууд түгээмэл хэрэглэдэг.
Ингэснээр тухайн зах зээлд нэвтэрч буй гадаадын барааны үнэ өсдөг. Тэгэхээр хэрэглэгчид хямд төсөр үнэтэй, үндэсний үйлдвэрийн бараагаа түлхүү худалдаж авна. Импортын татварыг өсгөх нь ингэж дотоодын үйлдвэрлэлийг хамгаалдаг юмсанж.
Манай улс 1999 оноос хойш импортын барааны татварыг өөрчлөөгүй явсан гэхээр дотоодын үйлдвэрлэлдээ хэчнээн хайнга хандаж ирснийг гэрчилж байгаа юм. 16 жилийн дараа Засгийн газар өндөг, боловсруулсан махан бүтээгдэхүүн, зайрмаг, цемент, хаалга, цонх, автобус зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн албан татварыг нэмэх шийдвэр гаргаж байна.
Манай улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Тиймээс бараа, бүтээгдэхүүний импортын татварыг 15-20 хувь хүртэл нэмэх боломжтой. Дээрх бараа бүтээгдэхүүнийг гадаадын ижил төрлийн “өрсөлдөгчид”-өөс нь хамгаалж байгаа нь энэ юм. Засгийн газар УИХ-аар тогтоол батлуулж, 300 гаруй нэр төрлийн барааны гаалийн татварыг өсгөх, бууруулах эрхийг өөртөө авсан.
Тэгэхээр цаашид үйлдвэржилтийн бодлоготойгоо уялдуулан импортын татварыг нэмэх, багасгах шийдвэрийг байнга гаргах нь ойлгомжтой. Ижил төрлийн импортын бараанаас зах зээлээ хамгаалах нь маш чухал алхам.
“Монцемент” компанийн үйлдвэр ашиглалтад орсноор манай улс жилд 2.5 сая тонн цемент хийх хүчин чадалтай болсон. Удахгүй МАК компанийн “Хөх цав”-ын цементийн үйлдвэр ашиглалтад орно. Ингээд нийт хүчин чадал нь 3.5 сая тонн болно. Энэ бол нийт хэрэгцээгээ хангаад илүү гарах хэмжээ.
Тиймээс Хятадаас задгайгаар оруулж ирээд Монголд савлаж борлуулдаг цементийн импортын татварыг нэмж, зах зээлээс шахаж байгаа хэрэг. Хэрвээ Хятадын цементэд найр тавьсаар байвал манай үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, эдийн засгийн үр ашгийг нь бүрэн хүртэх боломжгүй болно.
Бид өөрсдийнхөө хувийг борлуулж, довыг шарлуулахгүй юм бол хэн ч бидэнд туслахгүй. Ер нь улс орнууд хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг “Ширэнгэн ойн” хуулиар амьдарч байхад довоо шарлуулж сурах нь долоон зөв. Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжих дорвитой алхам анх удаа хийж байна.
Энэ нь Аж үйлдвэрийн яам байгуулан ажиллаж байгаатай ч холбоотой. Үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж байна. Харин үйлдвэрлэгчид маань бэлэн үү? Биднийг дэмжиж байна гээд барааныхаа үнийг хэт хөөрөгдөөд, намайг гуйхгүй бол хэнийг гуйх вэ гээд цээжээ дэлдээд эхэлбэл хэрэг бишдэнэ.
Үйлдвэрлэгчид бидэнд олдож буй боломж гэж харж, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж, үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Ингэвэл тэд ч довоо шарлуулж чадна. Сураг сонсох нь ээ, импортын бараа худалдаж амьдардаг бизнесмэнүүд ууртай явна гэнэ.
Амар хялбар аргаар мөнгө олдог замд нь тээг тавиад үйлдвэрлэгчдэд боломж олгочихоор уурсах нь гарцаагүй. Тэд уурсаж байхын оронд импортолдог бараагаа үйлдвэрлэх боломжийг судалж эхлээсэй.
Т.ЭНХБАТ