Инчон эдийн засгийн чөлөөт бүс Алтанбулаг ЭЗЧБ
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас саяхан улс орныхоо 2015 оны эхний улирлын эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулсан билээ. Түүнээс харахад бид хойд хөршийнхөө хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан нь харагдана.
Учир нь энэ онд Буриад улсын эдийн засгийн хөгжил илт толгой цохиж, олны анхаарал татсан талаар сонин хэвлэл мэдээлж байна. Жижиглэн худалдааны өсөлт нь Оросын 46 муж, 22 БНУ, есөн хязгаар, гурван хот, дөрвөн автономит тойрог, нэг автономит мужаас эхний байрт орж, тасархай цойлов.
Харин иргэдийн бэлэн мөнгө, орлогын өсөлтөөр дөрөвдүгээр байрт орсон аж. Хөдөөний муж хэмээн тооцогдож, хэний ч анхаарал татдаггүй байсан Буриад улс энэ амжилтаа Монголын жуулчидтай холбон тайлбарлажээ.
Тус улсад энэ оны эхний найман сард 170 мянган монгол жуулчин аялсны ачаар тэд Орос хэмээх их гүрэн дотор тэргүүлэх байрт ороод байгаа юм. Харилцан визгүй болсноор ийм амжилт үзүүллээ гэж тэд зарласан бол харин манай талд олигтой ашиг орлого орсон уу, бид юу хожив.
Буриадууд угаасаа нарийн, гар чангатай улс гэж гомдоллоод л өнгөрөх хэрэг үү. Уг нь адилхан л визгүй болсонсон. Хоёр улс визгүй болсноор орос барааг цааш нь зарж, ашиг олдог байсан Сэлэнгэ аймгийнхан, тэр дотроо Алтанбулаг бараг дампуурсан гэнэ.
Ингэхэд яагаад манай улсын хил дээрх боомт, чөлөөт бүсүүд хөгжихгүй, хилийн нөгөө талд байгаа боомт хөгждөг уламжлал тогтчихов? 1990-ээд онд Замын-Үүдийг зэгсэн гэгчийн суурин байхад Хятадын Эрээн шавар тагзтай жижиг гацаа байсныг хүн болгон л мэддэг, ярьдаг.
Угтаа Алтанбулаг, Замын-Үүд бол Монголын ирээдүйг тодорхойлох эдийн засгийн чөлөөт бүс шүү дээ. Урд, хойд хоёр хил дээрх энэ бүсийг тойрон, хүн ам төвлөрч, ажлын байр нэмэгдэн, Улаанбаатарын ачааллаас хомслох ёстой сон.
Одоо Монгол Улсад Дорноговь аймагт “Замын-Үүд”, Говьсүмбэр аймагт “Чойр” эдийн засгийн чөлөөт бүс, Сэлэнгэ аймагт “Алтанбулаг”, Баян-Өлгий аймагт “Цагааннуур” далдааны чөлөөт бүс гэсэн дөрвөн бүс байгаа аж. Саяхны Засгийн газрын хуралдаанаар “Халхгол” хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэжээ.
Ийнхүү таван чөлөөт бүстэй болж байгаа ч яг үнэндээ энэ нь үнэхээр чөлөөт бүс эсэх нь эргэлзээтэй. Энэ бүсүүд Монголын гадаад худалдаа, бүс нутгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж байгаа нь ч тодорхойгүй. Асар их баялагтай ОХУ, эдийн засаг эрчимтэй хөгжиж буй Хятад хэмээх асар том хоёр эдийн засгийн дунд газар зүйн таатай нөхцөлд оршдог гэж ярьж хэлсээр ирсэн ч ахиц дэвшил үнэндээ алга байна.
Чөлөөт бүс байгуулах нь тухайн улс орны нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн байгаль орчин, хүн ам, түүхий эдийн нөөц, газар зүйн байрлал, зам харилцааны боломжийг зохистой ашиглан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг гаалийн болон татварын хөнгөлөлт үзүүлэх замаар татаж, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх зорилготой.
Чөлөөт бүс нь хэдийгээр нэг улсын нутаг дэвсгэрт орших боловч гаалийн хилд багтдаггүй тусгай нутаг дэвсгэр юм гэж заажээ. Энд татвар, үйлдвэр худалдааны маш олон хөнгөлөлт үзүүлдэг тул шинэ үйлдвэр нэвтрүүлэн ажиллуулахад хамгийн тохиромжтой газар байх ёстой.
Гэтэл манай чөлөөт бүсүүд энгийн хүн харахад харин ч улсын төсвөөс хумсалсан, орлого авчирдаггүй, дэд бүтэцгүй байж, чөлөөт бүс гэсэн том цолтой хэдхэн лангуу, дэлгүүрийг эдийн засгийн чөлөөт бүс гэдэг юм болов уу гэмээр ойлголт төрүүлэхээр аж.
2002 онд Чөлөөт бүсийн тухай хууль батлагдан, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдээд 10 гаруй жил өнгөрч, энэ хугацаанд улсын төсвөөс нэлээд хөрөнгө зарцуулсан ч олигтой үр дүнд хүрсэнгүй.
Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийг стратегийн хөрөнгө оруулагчийн зардлаар буюу БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 58.8 сая ам.долларын хөрөнгөөр дулаан, цахилгаан, усан хангамж, авто зам, харилцаа холбооны байгууламжуудыг шинэчилж байгаа бол “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсэд улсын төсвөөс нийтдээ 23 тэрбум 84 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж.
Энэ бүхнээс харахад харьцангуй бага зардлаар чөлөөт бүс байгуулах, аль нэг чөлөөт бүсийг байгуулж, тодорхой туршлага хуримтлуулан, амжилт олсны дараа бусад бүсийг байгуулах УИХ-ын зарчим огт хэрэгжээгүй байна.
Тэгвэл энэ бүхэн бүрдсэн болоод чөлөөт бүсүүдийг ээлж дараалан байгуулаад байна уу гэвэл үгүй. Ямар ч дэд бүтэц, зохион байгуулалт, цаашдын хөгжлийн ирээдүй ч манай чөлөөт бүсүүдэд алга. Тийм болохоор чөлөөт бүсүүд зогсонги байдалд ороод байгаад гайхах зүйл байхгүй.
Чөлөөт бүс нь гаалийн болон бусад татварын хувьд тухайн улс орныхоо гадна нутаг дэвсгэрт тооцогдож, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэмтэй нутагт тооцогддог. Энэ заалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь бас л тодорхой бус. 51 сая хүн амтай Өмнөд Солонгос гэхэд олон улсын эдийн засгийн наймхан чөлөөт бүстэй.
Инчон, Бусан гэсэн хоёр бүсийг анх 2003 онд байгуулсан нь одоо улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулж байна. Харин бусдыг нь тав, есөн жилийн дотор нээж, гурван үе шаттай бодлогын дүнд найман чөлөөт бүстэй болоод байна.
Өмнөд Солонгосын Засгийн газраас чөлөөт бүсээ 2020 он гэхэд дэлхийн хамгийн шилдэг бүс болгохын төлөө одоо ч хөрөнгө оруулагчдыг татсан хуулийн өөрчлөлтүүд хийсээр байна. Тус улсын чөлөөт бүсүүдийн гол онцлог нь инновац, эрдэм шинжилгээний ажил гэсэн стратегийн чухал салбарын компаниудад татварын онц таатай нөхцөл олгодог.
Үндэстэн дамнасан том компаниудын салбар төдийгүй төв нь байрлах нөхцөл бий болгож, “ухаалаг хот” хөгжлийн хандлагаар явдаг. Энд дэд бүтэц өндөр хөгжсөн, эмнэлэг, дэлгүүр, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх нөхцөлийг хангасан байдаг.
Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулан англи хэлээр үйл ажиллагаа явуулдаг сургууль, эмнэлэг ч барьжээ. Бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан компаниудыг хэдэн арван жилээр ч татвараас чөлөөлөх явдал бий. Энд жишээ татан тус улсын хамгийн анхны чөлөөт эдийн засгийн бүс болох Инчоныг авч үзье.
Энэ чөлөөт бүс Шинэ Сонгдо хот, Чхонна хот, Ёнжун арал гэсэн гурван хэсгээс бүрддэг. Нийт нутаг дэвсгэр нь 20.938 га бөгөөд олон улсын худалдаа, Зүүн хойд Азийн амралт жуулчлалын төв болох зорилготой. Шинэ Сонгдо нь далайн усан дээр боссон хот юм.
Өмнөд Солонгосын Засгийн газар Инчоныг олон улсын нисэх буудал, газар зүйн байрлал зэрэг олон шалтгаанаар сонгон авсан. 2020 онд эдийн засгийн чөлөөт бүс бүрэн байгуулагдаж дуусахад Инчон ажил хэргийн дүүрэг, чөлөөт цаг өнгөрүүлэх төв, тохилог орон сууцуудтай асар том хот болон хувирна.
Инчоны чөлөөт бүсийн зорилго нь тодорхой гурван алхамд хуваагдаж, үр дүнд хүрсээр яваа. 2003-2009 онд бүсийн хөрөнгө оруулалт, гадаадын компани, өндөр ур чадвартай ажиллах хүч татан, хотын аялал жуулчлалыг хөгжүүлсэн.
Харин 2010-2014 онд хот байгуулалтын U-City, Eco-City-3 төлөвлөгөөгөөр ногоон хот байгуулах, эрчим хүч, зам тээвэр, хог хаягдлын асуудлаа шийджээ. 2015-2020 онд тэдэнд ганц л зорилго буй аж. Тэр нь Дэлхийн шилдэг гурван чөлөөт бүсийн нэг болох юм. Тэд хөрөнгө оруулагчдыг “Ямар ч хүнд сурталгүй”, “Татварын хөнгөлөлт” гэсэн уриагаар урин дуудаж байна.
2020 он гэхэд нийт 36.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгох зорилготой энэ чөлөөт бүс Шинэ Сонгдо хотыг чөлөөт цаг, амралт, Ёнжун арлыг ложистик, жуулчлал, Чхонна хотыг бизнес, санхүү, дэвшилтэт технологийн төв болгохоор хуваажээ.
Эдийн засгийн чөлөөт бүс гэдэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хувь хүн, компани татварын хөнгөлөлтийг ашиглан, ая тухтай амьдарч, хийж бүтээж байхын тулд л байгуулагддаг. Өмнөд Солонгос улс чөлөөт бүсүүдийнхээ ачаар Хонконг, Сингапуртай зэрэгцсэн олон улсын санхүү эдийн засгийн төв болохоор зэхэж байна.
Чөлөөт бүсийг хурдан шуурхай удирдахын тулд байгуулсан Инчоны засаг захиргаа нь хэнээс ч хамааралгүй шийдвэр гаргах эрхтэй. 2003 онд байгуулагдсанаасаа хойш Инчоны чөлөөт бүс нийт 39 төсөлд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байгаа бол Бусаны эдийн засгийн чөлөөт бүс 91 төсөлд нэг тэрбум 564 сая ам.долларын хөрөнгө оруулалт авчээ.
Энэ бүхнээс харахад эдийн засгийн чөлөөт бүс гэдэг нь жирийн нэг худалдаа наймаа хийгээд байдаг газар биш нь ойлгомжтой боллоо. Эдийн засгийн чөлөөт бүс гэхээр наймаа л хийдэг, томоохон хэмжээний “Нарантуул” зах гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй.
Монголчууд бидэнд ийм олон чөлөөт бүс ч хэрэггүй. Дэлхийн практикаас харахад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хоёр хувилбар байдаг. Нэг нь, дээрээс байгуулах. Үүнд Өмнөд Солонгос шиг Засгийн газрын шийдвэрээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд байгуулдаг.
Хоёрдугаарт, доороос буюу аяндаа үүсэх. Польш, Доминикан зэрэг улсуудад худалдаа наймаа, аж үйлдвэр хөгжих төвүүд газар зүйн байрлал сайтай, зам тээвэр зэрэг дэд бүтэц хөгжсөн хамгийн тохиромжтой газарт аяндаа үүсэн бий болж, дараа нь төр засгаас хөрөнгө гарган, эдийн засгийн чөлөөт бүс байгуулсан байдаг.
Дэлхийн жишээнээс харахад хоёр дахь хувилбар нь өргөн тархсан байна. Гааль, худалдааны татварыг нь тэглээд, ачаа барааг нь хийх агуулах бариад өгөхөөр л гадаадын хөрөнгө оруулагчид шуураад ирнэ гэсэн гэнэн бодлоо хаяж, дэлхийн хэмжээний эдийн засгийн чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь байгуулах цаг болжээ.
Ядаж ирсэн гадаадын хөрөнгө оруулагчийн амьдрах нөхцөл, аюулгүй байдлыг хангахаас олон улсын чөлөөт бүсийн ажил эхэлнэ. Түүнээс биш Алтанбулагт казино бариад, Замын-Үүдэд аж үйлдвэрийн парк байгуулаад л эдийн засгийн чөлөөт бүстэй болчихгүй.
М.СУГАР-ЭРДЭНЭ