Хятадын Тяньжин хотод химийн аюултай бодисын агуулахууд дэлбэрч олон хүний амь сүйдэн, олон мянган хүн өртөснөөс хойш нэлээн хугацаа өнгөрлөө. Гэвч бий болсон уламжлалыг зөрчин ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпин ч, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ч тэнд очилгүй удав.
Анхны дэлбэрэлт энэ сарын 12-ны орой болсон юм. Гурав хоногийн дараа дахин дэлбэрэлт болох чимээ дуулдсан. Үүний уршгаар олон хүнтэй Тяньжин хотын дэд бүтэц сүрхий хохирч, амь алдсан, шархадсан хүмүүсийн тоо ч олноор нэмэгдлээ.
БНХАУ үүсэн бий болсноос хойших хамгийн аймшигтай эмгэнэлт явдал гэж Хятадын эрх баригчид энэ ослыг нэрлэв. Албан ёсны мэдээгээр бол 115 хүн амиа алдан, 95 хүн сурагг үй болж, 700 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн аж.
Тэгэхэд Ли Көцян хилийн чанадад хийсэн айлчлалаас дөнгөж дөрөө мултлаад шууд тийшээ очсон юм. Жуулчдад үйлчилдэг онгоц осолдсонтой харьцуулбал Тяньжин хотод болсон сүйрэл хавьгүй өргөн цар хүрээтэй үйл явдал юм.
Хятадын эрх баригчид энэ эмгэнэлт явдлын талаар албан ёсны ямар нэг мэдээлэл хийхгүй байна. Хилийн чанадад хятад хэлээр олон түмэнд хүрдэг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд болон КН-ын доторх эх сурвалжууд үүнийг Си Зиньпиний улс төрийн өрсөлдөгч Зян Зэминий нууц фракц ерөнхий нарийн бичгийн даргад шахалт үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй төлөвлөгөөний нэг хэсэг нь байж болзошгүй гэж үзэж байна.
Нуугдмал аюул занал байгаа эсэхийг бүх талаар гүнзгий мөрдөн шалгахыг намын бүх байгууллагад даалгасан Си Зиньпиний салаа утгатай мэдэгдлийг энэ сарын 15-ны орой Засгийн газрын мэдээллийн “Синьхуа” агентлаг уламжилсан.
Хятадын төр, засагт ойр эх сурвалж “The Epoch Times”-ийн редакцад ярьснаас үзвэл Тяньжинд эхний дэлбэрэлт болсноос хойш Си Зиньпин хоёр шөнө унтаагүй гэнэ. Түүний шийдвэрээр Зян Зэминь болон түүний эрэгтэй хүүхдүүдийг хяналтандаа авсан байна.
Мөн ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн асан, Зян Зэминий фракцын Цэн Цинхунийг үндсэндээ гэрийн хорионд байлгаж байгаа аж. Си эхнээсээ Зяныг даруй баривчлах бодол өвөрлөөгүй ч түүнийг дахин үүнээс илүү аюултай алхам хийлгэхийг хүссэнгүй.
Хилийн чанадад хятад хэл дээр гардаг “Bowen Press” хэмээх Хятадын удирдлагын талаарх мэдээллийг илүүтэй сонирхдог сайт “Тяньжиний дэлбэрэлтүүд нэгэн ачааны машинаас эх үүсвэртэй” хэмээн мэдээлсэн байна. Гүн харанхуй болмогц уг машин агуулах руу дөх өж ирээд аюултай бодис хадгалдаг байрны хажууд зогсчээ.
Энэ үеэр агуулахын харуулууд байгаагүй бололтой, арван минут өнгөрөхөд дэлбэрэлт болсон гэнэ. Хэвлэлийн эх сурвалжаас үзвэл Бэйдайхед төрийн өндөр албан тушаалтан, намын дээд зиндааныхан уулзаад Бээжин рүү буцаж явахад нь дэлбэрэлт болж байхаар төлөвлөсөн байж. Томчууд Бейдайхегээс буцахдаа Тяньжинээр ямагт ордог аж.
Гэтэл үл мэдэгдэх шалтгаанаар тэдний буцах зам өөрчлөгдсөн тул агуулахад бэлтгэсэн химийн бодисоо устгахаар “нөгөө тал” шийдвэрлэсэн байна. Уг нь бол дэлбэрсэн агуулахад тийм их хэмжээний бодис байх ёсгүй байв.
Хоёрдугаарт, энэ дэлбэрэлт улс төрийн сэдэлтэй байхыг үгүйсгэх аргагүй учраас эрх баригчдыг тийш очих үед бүр аюултай үйлдэл хийх байсан ч байж болох. Принстоны их сургуулийн Хятадын асуудлаарх мэргэжилтэн, социологийн ухааны доктор Чен Сяонун “Америкийн дуу хоолой” радиогийн сурвалжлагчтай ярилцахдаа энэ үйл явдлын хувьд гурван зүйл дээр анхаарал хандуулах нь зохистой гэж үзэж буйгаа хэлсэн байна.
Юуны урьд, тэсэрч дэлбэрэх аюултай бодис хадгалахаар ердөө өнгөрсөн онд барьсан агуулахад уг дэлбэрэлт болжээ. Эдгээр агуулах орон сууцны хорооллууд, хурдны болон төмөр зам зэрэгт тун ойр байгаа нь дүрэм журам ноцтой зөрчсөн явдал юм. Ийн барихыг хэн зөвшөөрсөн байж таарах вэ.
Хоёрдугаарт, гал түймэртэй тэмцэгчдэд нь ийм төрлийн гал унтраах дадал огт байгаагүй аж. Тэд химийн бодисыг усаар шүршиж, аюул ослыг нь улам нэмэгдүүлсэн байна. Тиймээс гал унтрах биш улам дүрэлзжээ. “Наньфан чоумо” сонин чухам үүнд анхаарал хандуулсан чинь уг мэдээллийг нийтлэхгүй байхыг дээрээс тушаасан байна.
Эрх баригчид ямар нэг зүйл нуухыг чадлаараа хичээсэн нь үүнээс харагдаж байна. Гуравдугаарт, агуулахууд мэдэлд нь байдаг компанийн захирал Чи Фэн нь Тяньжин хотын захирагчийн орлогч байсан Чи Шэнхуагийн хүү гэх мэдээлэл байна.
Эцэг нь чухам галын аюулгүй байдлыг хариуцдаг байжээ. 1986 онд Украины Чернобыльд дэлбэрэлт болсны дараа Москвагийн коммунист эрх баригчид хүн амын эсэргүүцэл, тэмцлийг дээд зэргээр хязгаарлахын тулд бодит мэдээллийг тэднээс ихэд нууцалж, уг явдлын шалтгааны талаар социалист системийн нэр хүндэд хор хохирол учруулахгүй байхуйц албан ёсны таагмаглал боловсруулсан юм.
Гэвч 1980-аад онд мэдээллийн албан ёсны бус сувгуудыг хаах боломжгүй болсон байсан бөгөөд өөрчлөлт шинэчлэлийн бодлогоо дөнгөж эхлүүлээд байсан Михаил Горбачёв үүнийг тэр даруй ойлгож, Зөвлөлтийн болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү нээлттэй байр сууринаас хандах нь өөрийнх нь өөрчлөн байгуулалтад ямар нөлөө үзүүлэхийг ухаарч чадсан юм.
Хятадын өнөөгийн байдлыг 1986 оны ЗХУ-ын үетэй харьцуулахад түвэгтэй. Чернобыльд болсон осолд Горбачёвын гаргасан хандлага Зөвлөлт тогтолцоог өөрчлөхөд эргэлтийн чанартай үйл явдал болсон болохоор 100 гаруй хүний амь авч одсон Тяньжиний осол Хятадын улс төрд шинэ эрин нээж чадах уу гэдэг асуудал аяндаа гарч ирж байгаа юм.
Болсон үйл явдлын нөхцөл байдлыг тодруулж, буруутныг хатуу цээрлүүлэхээ Хятадын Төрийн тэргүүн амласан. Бараг долоо хоногийн дараа ослын газарт очсон Ерөнхий сайд Ли Көцян хохирогчдод нөхөн төлбөр өгнө гэсэн.
Гэхдээ бүтээн байгуулалтын өртөг зардлыг хэмнэж, хээл хахуулийг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэр, завод, дэд бүтцийн объектууд дээр аюулгүй байдлын хэм хэмжээг байнга зөрчих болсонд дургүйцэх олон түмний давалгааг намжаахад энэ бүхэн хангалттай гэж үү? Сүүлийн 30 жилд эдийн засгаа толгой эргэм хурдтай хөгжүүлэх гэхдээ аюулгүй байдал, байгаль орчноо золиосолж байгаа Хятадын хувьд Тяньжинд болсон осол харамсалтай нь эхнийх ч, эцсийнх ч биш байж мэднэ.
Тэгээд ч Хятадын эдийн засагт доголдол гарч буй үед энэ явдал тохиов. Харин ОУОХ энэ бүхнийг үйл хайхран 2022 оны өвлийн олимпийн тоглолт явуулах эрхийг Бээжинд олголоо. Хятадын ДНБ энэ онд долоон хувь өсөхөөр байгаа нь бусад ихэнх улсын хувьд мөрөөдөл төдий үзүүлэлт юм.
Гэхдээ ажил эрж, хот суурин зүглэх хөдөөгийн цагаачдын урсгал хийгээд дундаж ангийн хэрэгцээг хангахад дор хаяж хоёр оронтой тоон үзүүлэлт чухал гэж үзэж байсан үетэй харьцуулбал ихээхэн доогуур болсон байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна. Төв банк нь сүүлийн долоо хоногт юаний ханшийг гурван удаа бууруулав.
Үүний зорилго нь юанийг зах зээлийн ханшид ойртуулах явдал байсан бөгөөд үүгээрээ үндэсний мөнгөн тэмдэгтээ дэлхийн нөөцийн валют болгоход бэлтгэж буй алхам гэж албан ёсоор таамагласан байна.
Дотоодын хэрэглээний хөгжил, хүн амын өсөлтдөө тавих улс төрийн хатуу хяналт хоёроо Хятадын эрх баригчид уялдуулж ер чадахгүй байгаа төдийгүй Си Зиньпиний үед энэ асуудал бүр ч хурц болж байна. Дэг журам сахих нь Хятадын удирдагчийн гол үзэл баримтлал юм. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд тавих хяналт улам чангарч, интернэтийг цагдаагийн байгууллагын хараанд байлгах болов.
Өмгөөлөгч, хүний эрхийг хамгаалагчдыг мөрдөж мөшгих нь нэмэгдлээ. Энэ бүхний хажуугаар авлигатай ч ширүүн тэмцэж байна. Намын нэр хүндтэй зүтгэлтнүүд, төрийн албан хаагчид үүнд цөөнгүй өртөж буй. Энэ санаачилга нь дэг журам тогтоохын тулд нам захиргааны ажилтнуудыг хатуу залхаан цээрлүүлж, айдас хүйдэс төрүүлэх зорилготой нь илт байгаа.
Энэ кампанит ажил улс орондоо эрх зүйт төр бий болгох гэхээсээ намын удирдагчийн улс төрийн зэвсэг болох нь илүүтэй байгаа болохоор эрх баригчдын хувьд тодорхой аюул агуулж буй юм.
Эх сурвалж “The Epoch Times” Лянь Хуа
Р.ЖАРГАЛАНТ