Үнэн нүүр царай илэрлээ. Наадмын маргаашнаас эхлээд л шуугисан, ургац алдсан тухай ярианд хариу өгөх урьдчилсан баланс өчигдөр гарав. Бид төлөвлөсөн ургацынхаа 46.3 хувийг алдаж, 53.7 хувийг авах төлөв гарчээ.
Энэ онд улсын хэмжээгээр нийт 512.300 га талбайд тариалалт хийж, 265.000 тонн үр тариа, үүнээс буудай 252.300 тонныг хураах боломж үлдсэн байна. Мөн төмс 117.300, хүнсний ногоо 75.300, тосны ургамал 28.700, тэжээлийн ургамал 53.900 тонныг хураан авах дүн гарав.
Байгаль, цаг уурын хүчин зүйлийн нөлөөгөөр 49.900 га талбай дахь улаан буудайгаа алдаж, 32.500 га талбайн ургац ногоон тэжээлд шилжсэн байна. Өнгөрсөн онд 489.400 тонн буудай хураасан бол энэ онд түүний талаас нь дөнгөж давсан ургац авах гэж буй нь энэ.
Манай улсын жилийн хэрэгцээний гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.000 тонн буудай шаардлагатай байгаа тул энэ өвөл, ирэх хаврын гурилын хэрэгцээнд 106.400 тонн буудай дутах аж. Нийт 252.300 тонн буудай үтрэм дээр бууж, цэвэр жингээр 241.400 тонн буудай авах урьдчилсан төлөв гарсан.

Үүнээс хаврын тариалалтад зориулж үр болгоход 29.400, улсын үрийн нөөцөд 4200 тонн, мөн тэжээл, спиртын үйлдвэрт тодорхой хувийг зарцуулах юм байна. Ингээд үлдсэн 186.200 тонныг нь гурилын үйлдвэрт нийлүүлэх гэнэ.
Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС)-д өдгөө хадгалж байгаа 27.400 тонн буудайг нэмж тооцоход бидний энэ өвөл, ирэх хаврын хэрэгцээнд 213.600 тонн буудай үлдэж байгаа юм.
Дутагдах буудайг импортлох асуудлыг ургац хураалтын дараа шийдэх гэнэ. АНУ-д нэг тонн буудай 197 ам.доллар болж, өнгөрсөн жилийнхээс 17 хувь хямдарсан, ОХУ-д хамгийн сайн чанарын буудай 150 ам.доллар болж, оны эхнээс 13.5 хувиар ханш суларчээ.
Энэ мэтээр бусад орны буудайн үнийн дүн мэдээг судалж, нягталж байгаа гэнэ. Цаашид боломжийн үнэ хэлсэн газраас импортолно гэж салбарын сайд нь мэдэгдсэн юм. Ургац алдсанаас болж талх, гурилын үнэ нэмэгдээд эхэлчихсэн учраас ХХААЯ үйлдвэрлэгчидтэй үнэ тогтворжуулах хэлцэл хийж эхэлжээ.
Энэ жил үнээ нэмэхгүйгээр одоогийнх нь түвшинд барьж чадвал үнэ тогтворжуулах хүрээнд авсан зээлийнх нь хугацааг нэг жилээр хойшлуулах аж. Гурил үйлдвэрлэгчид нийт 26 тэрбум төгрөгийн өртэй гэнэ.
Харин буудайн үнийг салбарын яам бус зах зээлийнх нь зарчмаар, фьючерс арилжааны дүнгээр тогтоох юм байна. Урамшууллын тухайд авна, авахгүй, оронд нь ургамал хамгааллын бодис, бордоо авъя гэсэн санал олон байгаа учраас ХХААЯ өдгөө урамшууллыг хэрхэх талаар судалж байгаа юм байна.
Энэ хэвээр батлах, эсэхийг УИХ л шийдэх нь. “Ойрын хугацаанд гурилын үйлдвэрт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан буудайг ТЭДС, улсын нөөцөд худалдан авна. Эхний ээлжинд дотоодод тарьсан буудайгаа борлуулна.
Гурилын үйлдвэрүүд дотоодоос хэр их буудай авна, түүнд нь дүйцүүлж импортлох боломж олгох юм уу, импортын буудай хуваарилна. Зээл авсан аж ахуйн нэгжүүд байгалийн хүчин зүйлээс болж ургацаа алдсан бол түүнтэй нь тэнцүүлэн зээл төлөх хугацааг нэг жилээр хойшлуулна. Улаан буудайн зарим нь тэжээлд шилжиж байгаа. Үүнийг малын тэжээлд нөөцөлж авах ажлыг ХХААЯ зохион байгуулна.
ТЭДС-д нөөцөлсөн буудайг гурилын үйлдвэрүүдэд талх, гурилын үнийг тогтвортой байлгах нөхцөлтэйгөөр нийлүүлнэ. Гэхдээ тариаланчдын энэ намрын ургацын үнэд нөлөөлөхгүй, бага багаар гаргах зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэж ХХАА-н сайд Р.Бурмаа хэлсэн юм. Урьдчилсан баланс ийм гарлаа.
Яг энэ хэмжээгээр ургацаа хураана гэсэн үг биш. Байгаль, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалж ургацынхаа 46 хувийг алдсан. Үлдсэн буудайг намрын цаг агаар “идэхгүй” гэх баталгаа байхгүй. Энэ сарын сүүлч, ирэх сарын эхээр ургац хураалтын үеийн мэдээллийг холбогдох байгууллагууд нь гаргах юм байна.
Үлдсэн ургацаа бүрэн бүтэн авахын төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээ авахаа салбарын яам нь мэдэгдсэн юм. Иргэд, хувийн хэвшил хоосон хонохгүйн төлөө, төрийн байгууллага тэр хоёрыг хоолтой байлгахын төлөө бүгдээрээ л хичээх шаардлагатай болжээ. Аль аль талдаа амаргүй, хүнд үеийг туулах нь.
Ч.МӨНХЗУЛ