Зургадугаар сарын 23-ны 21.00 цагт Циркийн сургуулийн бэлтгэлийн байр буюу Хуучин циркт гал гарснаар, соёлын өв болсон 100 гаруй жилийн түүхтэй барилгын 70 хувь нь сүйдэж, циркийн жүжигчдийн бэлтгэлээ хийдэг байсан ганц байр нь үгүй болсон билээ.
Балгас шиг болсон энэ барилгад 75 жилийн түүхтэй Циркийн сургуулийн сурагчид болон Монголын циркийн 200 гаруй жүжигчин өглөөнөөс үдэш болтол цаг цагаар бэлтгэл хийдэг байсан юм. Зургадугаар сард гарсан галын дүгнэлт өдий хүртэл сураггүй л байна.
Циркчдийг хэрхэх тухайд салбарын яам ч анхаарсангүй. Харин Эх дагины цогчин дуган нэртэйгээр анх баригдаж байсан түүхэн барилгаа 170 сая төгрөгөөр сэргээн засах тухай яригдаж буй гэнэ.
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЛЭХ ГЭЖ БАЙХАД СУРГУУЛИЛАЛТ ХИЙХ БАЙРГҮЙ БАЙНА
Зургаа хоногийн дараа 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж, хүүхдүүд эрдэм номдоо шамдана. Харин Хөгжим бүжгийн коллежийн Циркийн тэнхмийн 26 сурагч, энэ жил шинээр элссэн 38 хүүхдэд бэлтгэл хийх байр байхгүй.
Циркийн урлаг орон зай, тоног төхөөрөмж шаарддаг онцгой төрөл. Тиймдээ ч манай улс бодлогоор энэ салбарт хөрөнгө оруулалт хийж, 1971 онд Румын улсын тусламжаар Улсын циркийн шинэ байрыг ашиглалтад оруулсан байдаг.
Харин 2007 онд улсын төсвөөс жил бүр 340 сая төгрөг авдаг циркээс нэг мөр салахын тулд менежментийн хувьчлал хийж, улмаар 2008 оны долдугаар сард “Аса” группт хувьчлан өгсөн юм. Тухайн үед мэргэжлийн урлагийн энэ том байгууламжийг 1.5 тэрбум төгрөгөөр худалджээ.
Тэгвэл одоо энэ дайны цирк барихын тулд үүнээс илүү зардал гаргана.
ЗУРАГ ТӨСӨЛ БЭЛЭН БОЛСОН Ч ЦИРКИЙН СУРГУУЛЬ БАРИХ ЭСЭХ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ
Өнгөрсөн жил БСШУЯ-ны захиалгаар 120 сая төгрөгөөр Монгол туургатны циркийн сургууль барих зураг төслийг “Балданс” ХХК хийсэн. Циркийн сургууль барих санхүүжилт эдийн засгийн хямралаас болж танагдсан.
Хуучин циркийг шатсаны дараа Циркийн сургуулийн багш нар “Нэг тэрбум төгрөг шийдвэрлэж өгвөл бид сэндвич хавтангаар ч хамаагүй сургуулиа баримаар байна. Бөхийн өргөөг ард түмний хандиваар хоёр тэрбум төгрөгөөр босгосон байдаг.
Бас Бөхийн өргөөгүй аймаг өдгөө ховор болжээ. Тэгвэл улсдаа ганц ч гэсэн циркийн сургуультай болъё л доо” гэж гуйж байсан. БСШУЯ-наас “Циркийн сургуульд шинэ барилга барьж өгөх болно” хэмээн албан ёсоор мэдэгдэж, зураг төслийнх нь эхний хуудсыг олон нийтийн сүлжээгээр цацаж нэг хэсэгтээ “гал намдаасан”.
Харин одоо хүртэл сургууль барих санхүүжилт шийдэгдээгүй байна. Тэр ч бүү хэл Циркийн сургуулийн сурагчдыг хаана бэлтгэл хийлгэхээ мэдэхгүй бадар барьж буй.
Монголын үндэсний цирк ч гэсэн өдий хүртэл түрээсээр “амь зогоож” уран бүтээлчдэдээ цалин өгч чадахгүй явж байгаа учраас улсад байраа түрээслүүлэх нь ашигтай л байж таарна.
Тэд урсгал зардлаа тооцоод сард 15 сая төгрөг авч байж, хүүхдүүдийг бэлтгэл хийлгэх боломжтой гэсэн саналаа БСШУ-ны дэд сайд Б.Тулгад хүргүүлжээ. Сайд саналыг хүлээн авсан бөгөөд харилцан тохиролцсоны эцэст шийдвэрээ гаргах гэнэ.
Гэхдээ БСШУЯ-ы зүгээс ойрын хоёр жилийн хугацаанд Монголын үндэсний циркийн байранд Циркийн сургуулийн хүүхдүүдийг хичээллүүлэх боломжоор хангахыг тус циркийнхнээс хүсээд буй юм билээ.
БОДЛОГОГҮЙН ТӨЛӨӨС
Харамч хүн хоёр төлдөг гэдэгчлэн жилд 340 сая төгрөг авдаг байсан Улсын циркээ хувьчилчихаад одоо эргүүлээд сарын 15 сая төгрөгөөр “түрээслэх” гэж буй нь эмгэнэлтэй л юм. Гэхдээ циркчдэд бэлтгэлийн байр, Циркийн сургуулийн сурагчдад сурч, боловсрох орчин хэрэгтэй.
Гараа өргөөд бууж өгөхөөс өөр яах билээ. Соёл, урлагийн салбарын нэгдсэн бодлого алдагдаж, дагавар хүүхэд шиг алагчлуулж явсаар өдий хүрсэн болохоор наашаа гэж дуугарсан л бол алга тосон хүлээж авахаас өөр аргагүй болжээ.
Урлагийн сонгодог төрөл болох циркийг хөгжүүлэхийг хүсдэг л бол байрыг нь хувьчлах хэрэгтэй байсан уу. Тухайн үеийн шийдвэр, хувьчлалын үйл ажиллагаанд өдгөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Өнгөрсөн жил Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын үндэсний циркийн үйл ажиллагааг шалгаж, зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн ч тэд биелүүлээгүй.
Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол хувьчлалыг буцаах боломжтой гэж ШӨХТГ-ын дарга асан О.Магнай мэдэгдэж байсан нь ч одоо замхран алга болов. Төрийн алба ээлж, халаатай үргэлжилдэг ч залгамж чанар, нэгдсэн бодлого байх учиртай.
Аль нэгэн даргын эсвэл тухайн үеийн Засгийн газрын гаргасан шийдвэрт одоогийнх нь хариуцлага хүлээхгүй хэмээн булзааруулж суух нь даанч харамсалтай.
АЛДСАН ХҮН АРВАН ТАМТАЙ
Албан бус тоогоор Циркийн сургууль төгссөн 300 гаруй, мөн дагалдан суралцаж, өөр салбараас энэ урлагт орсон 100 гаруй жүжигчин бий гэх. Мөн уран нугаралтын дугуйлан, акробатын студи, хувийн циркээр дамжин өдгөө ч хүүхдүүд энэ мэргэжлээр суралцсаар байна.
Тэд сайн үзүүлбэртэй болж, гадаадад ажиллана гэж хүсэхээс цаашгүй. Харин эх нутагтаа ямар ч үнэлэмжгүй хэвээр. Хэрийн хүний хийж чадахгүйг хийж, айж зүрхшээн, алмайрч, гайхширмаар эрсдэлтэй урлагаар хичээллэснийхээ төлөө тэд золиос болж буй.
Одоохондоо БСШУЯ ирээдүйн 68 циркчнээ бэлтгэлийн байртай болгох боломжийг л хайж байна. Харин тэдний цаана Монголын циркийн урлагтай холбоотой том асуудал бий. Хяналт шалгуургүйгээр хэн нэгний үзэмжээр шийдвэр гаргаж, алаг цоог бодлоготой байснаас л энэ салбарынхан гээгдсэн.
Дээр дурдагдсан тооны жүжигчид нийгмийн хамгааллын асуудлаа шийдүүлж чадаагүй, эрсдэлтэй үзүүлбэр хийхдээ ч амь насаа даатгуулаагүй л яваа. Улс орноо сурталчлах, монгол хүний ур чадварыг гайхуулах нэгэн төрөл нь цирк юм. Цагтаа дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байсан нь үнэн.
Одоо ч гэсэн Монголын циркчид олон улсын тэмцээн уралдаанаас ганзага хоосон ирдэггүй. Удахгүй найман орны шилдэг жүжигчдийг урьж, Олон улсын циркчдийн анхдугаар наадмыг эх орондоо хийх гэж байна.
Энэ мэтээр тэд хичээсээр л байгаа. Харин бодлого боловсруулагчид циркийг мартсаар л байна.
ЦИРК БАЙХ ЁСТОЙ ЮУ, ҮГҮЙ ЮҮ
Циркчдийг байргүй, барилгагүй боллоо гэж халаглахад бэлэнчиллээ гэж шүүмжлэх хүн байдаг. Гэхдээ тэдэнд өмнөх үеийнхнээсээ өвлөөд авсан циркийн урлагийн зориулалтын байр байсан юм. Энэ байрандаа л ажиллая, уран бүтээлээ туурвия гэж хүссэн.
Нэгэнт хувьчилсан учраас яах ч аргагүй гэж үзэж байгаа бол ямар нэгэн байдлаар циркчидийнхээ олонхыг хамруулан, нэгдсэн бодлоготойгоор хамтран ажиллаж болохгүй гэж үү. Акробат, чанга утас, агаарын олон төрлийн үзүүлбэр хийх боломжтой зориулалтын тоног төхөөрөмж өдгөө ганцхан Монголын үндэсний циркт бий.
Эрс тэс цаг ууртай, дөрвөн улиралтай манай улсын хувьд нүүдлийн буюу майхан циркт уран бүтээл хийх боломж тун хомс. Зуны гурван сар л ашиглах боломжтой нүүдлийн циркээс ашиг олохгүй нь хоёр, гурван жишээгээр нотлогдоод буй.
Ангайж дээшээ харж хэвтээд мөнгө нэхэхийг циркчид хүсээгүй. Тэд өдий хүртэл өөрсдийгөө “борлуулж”, тэжээж яваа. Харин мэргэжлийн хэмжээндээ бэлтгэлээ хийх боломж л олгооч гэж хүсэж буй. Орж болох хаалга болгоныг нь цоожлоод, өөр хаашаа ч гишгэх газаргүй болгочихоод “Та нар ингээд амжилт гарга” гэж орхиж болохгүй.
Манай улс спортын салбараа дэмжиж, Бөхийн өргөө, Спортын төв ордон, Спорт цогцолбортой болсон, дүүрэг бүр, сургууль бүр спортын заалтай учраас л тамирчид амжилт гаргаж байгаа. Урт хугацаанд, системтэй бэлтгэл хийсний үр дүнд гурван сая монголчуудын дундаас олимп, дэлхийн аваргууд төрсөн.
Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр ч бас өөрийн гэсэн байртай байгаа учраас л жүжигчдийнх нь амжилт буурахгүй, ахиж байгаа. Урлагийн сонгодог төрлийг гаргуунд нь гаргаж болохгүй гэдгийг олон жил ярьж, бичсээр л байна.
Бодлогоо тодорхой болгож, нэгэн жарныг давсан намтар баян түүхтэй урлагийн төрлийг сүүлийн найман жил “баллуурдаж буй” алдаагаа засаасай, бодлого тодорхойлогчид минь.
Ж.СОЛОНГО