Оны өмнөхөн БНХАУ-ын хэвлэлээр Монгол Улсыг 2017 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарлаж магадгүй гэсэн мэдээлэл гарахад бид ихэд эмзэглэн хүлээн авсан. Үүнээс хойш найм, есөн сар өнгөрсөн ч төр засгийн эрх мэдэлтнүүд, бодлого тодорхойлогч нараас хэн ч бодитой, тооцоо, судалгаатай баримтаар Монгол Улс дампуурахгүй хэмээн няцаасангүй.
Харин ч цаг хугацаа өнгөрөх тусам Монголын эдийн засгийн байдал, ард түмний амьдрал хүндэрч эхэлсэнд олон улсын санхүүгийн байгууллагууд бидний өмнөөс санаа зовниж, арга зам, авралын гарц эрж хайх боллоо.
Монгол Улс дампуурлын ирмэгт ирснийг манай судлаачид, тэр дундаа олон улсын шинжээчид тооцчихоод ийнхүү мэдэгдэж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долдугаар сарын 05- нд Лондоны олон улсын судалгааны байгууллагаас хийсэн тайлангаар Монгол Улс өрийн дефольт болох өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт жагссаныг зарлалаа.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс дэлхийн олон орноос зээл тусламж, бонд хэлбэрээр авсан хэдэн тэрбум ам.долларын өрөө барагдуулах найдвар багассаныг судалж тогтоогоод байна гэсэн үг.
Харин хамгийн сүүлд авсан Самурай бондын 300 сая ам.долларыг 2023 оны арванхоёрдугаар сараас төлнө. Энэ бол нийтэд ил болсон томоохон бондтой холбоотой зээлийн эхний ээлжийн төлбөрөө барагдуулах хугацаа.
Үүнээс гадна олон улсын байгууллага, БНХАУ зэрэг орноос их хэмжээний зээл тусламж авах олон гэрээ, хэлэлцээр хийсэн. Мөн бидний хамгийн сайн мэддэг Тавантолгойн Чалькод төлөх 120 сая ам.долларын өрийг төлж дуусаагүй байна.
Энэ бүхнийг оролцуулбал Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 21 тэрбум ам.долларт хүрсэн гэсэн тооцоо бий. Уг нь өр зээлийг зохицуулдаг хууль бий. Үүнд заасан өрийн дээд хэмжээ хэдийнэ хэтэрчихээд явж байна.
Ийм байхад УИХ хуулиа мөрдөж, хяналт тавих нь байтугай өр зээл тавихаас өөрөөр мөнгө олох, хөрөнгө оруулах боломжийг дэмжих, шийдвэр гаргах чадамжгүй болжээ. Өрийн зөв удирдлагатай улс орнууд энэ хэмжээний өр зээл тавьсан ч ард түмнийх нь нүдэн дээр үр дүн ил байдаг.
Гэтэл өнөөдөр бид Чингис бондын 500 сая, нэг тэрбум ам.долларын зээлийг хаана, юунд зарцуулж, ямар үр дүнд хүрснийг мэдэхгүй байна. УИХ нь Засгийн газрын гаргасан бондын зарцуулалтыг хянах нь байтугай өнөөдрийг хүртэл мэдээлэл авч чадахгүй байна.
Зээл авч, үрэн тарах хийхийг нь эрх баригчид мэддэг, авсан зээлээ эргүүлэн төлөхдөө ард түмнийхээ халаасыг сэгсэрдэг нь ардчилал нэртэй хэсэг бүлгийнхний эрх мэдэл, дарангуйллын тогтолцоо Монголд бий болсны тод илрэл юм.
Эдгээр өр, зээлийн дийлэнх нь сүүлийн хэдхэн жилийн дотор бий болсон. Ялангуяа 2012 оноос хойш Засгийн газрын бонд, зээл тусламж хэмжээ хязгаараа алдаж, зарцуулалт нь ямар ч хяналтгүй болсон. Сүүлийн хоёрхон жилийн дотор АН-ын Засгийн газар нийтдээ гурав орчим тэрбум ам.долларын бонд гаргаж зээл авсан.
Тэгсэн хэрнээ өнөөдрийг хүртэл өр, зээлээ удирдах бодлого байтугай 540 хоногийн дараагаас төлөгдөж эхлэх эхний хэдэн зуун сая ам.долларын өрөө ямар эх үүсвэрээс хэрхэн яаж барагдуулах талаар төлөвлөгөө бодлогогүй байна. Улс орон байтугай айл өрх ч гэсэн зээл авдаг.
Түүнийгээ төлөх орлогын эх үүсвэрээ тооцож, хувааж хуримтлуулж өр ширээ барагдуулах төлөвлөгөө график гаргадаг.
Гэтэл бүхэл бүтэн улс орныг удирдаж буй манай Засгийн газар, УИХ-д ийм бодлого төлөвлөлт байна уу? Хэмжээ хязгаараа тооцохгүйгээр авсан зээл тусламж, зарцуулалтад хяналт тавьж чадаагүй хариуцлагыг хэн хүлээх вэ? Тэр тусмаа Ерөнхий сайдаас өөр хариуцлага хүлээх эзэнгүй, Гүйцэтгэх засаглалын сайд нарынхаа бараг 40 хувийг огцруулчихаад орны хүнийг нь томилж чадахгүй улстөржиж, наймаалцсаар хоёр сар боллоо.
Энэ хооронд Монгол Улсын өрийн цаг явсаар, өр төлөх хугацаа, хүү нь секунд долиор урссаар байгааг эрх баригчид http://countrymeters.info/en/Mongolia/economy-аас хараасай. Энэ УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад хэдхэн сар үлдсэн. Ирэх жилийн долдугаар сараас дараагийн УИХ-ын бүрэн эрх хэрэгжих ёстой.
Гэвч эрх баригчид АН, МАН гэлтгүй эдийн засгаа удирдах хүсэл сонирхолгүй бол энэ УИХ-ыг хугацааг нь дуустал хүчээр байлгах шаардлага бий гэж үү? Эсвэл УИХ улс орноо өр ширэнд бариулж, дампуурах хэмжээнд хүргэсэн албан тушаалтнуудыг ил зарлаж, хариуцлага тооцох ёстой.
Эдийн засгаа аврах, сэхээх хангалтай олон боломж, хувилбар УИХ, Засгийн газарт байсан. Энэ оны эхээр Тавантолгойг хөдөлгөж, Гацууртын гацааг шийдсэн бол Монгол Улсын төсвийн алдагдал 640 тэрбум төгрөгийн алдагдалд хүрч, хүлээгдэж буй орлогууд эргэлзээтэй байдалд орохгүй байсан.
Бид өнөөдрийг хүртэл гадаад ертөнцөд яг хэдий хэмжээний өр, зээл тавьчихаад байна вэ? Энэ талаар тодорхой тоо баримт, тооцоо мэдээлэл өнөөдрийг хүртэл ард түмэнд алга. Эдийн засагч, судлаач шинжээчдийн гаргасан албан бус тооцоогоор 2015 оны эхний байдлаар Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны үндсэн зээл 2.4 тэрбум ам.долларт хүрсэн.
Тавантолгойн гэрээ байгуулагдмагц төсөвт татвар хураамж хэлбэрээр жилд шууд орж ирэх 500 гаруй сая ам.доллар, Гацууртаас мөн төлбөр, хураамж хэлбэрээр төлөх 200 гаруй сая ам.доллар, хэдэн арван мянгаар тоологдох ажлын байр гээд тов тодорхой байсан орлогууд өнөөдөр Монголын эдийн засагт эргэлдэж байх байлаа.
Харин одоо Монголд орж ирэх бодит орлого, хөрөнгө оруулалт юу байна вэ? Бараг арваад жилийн турш Монгол хүн бүр Оюутолгой, Тавантолгойг ирээдүйн баталгаа, их мөнгөний үүц хэмээн итгэж найдаж, өнөөдрийг хүртэл хувь хишгийг нь хүртэх гэж хүлээсэн. Харин одоо Оюутолгойг Ерөнхий сайд гацаанаас арай гэж гаргасан ч Тавантолгойг улс төрийн бүлэглэлүүдийн наймаа талцлын намгаас гаргах эрх мэдэлтэн Монголд алга.
Ард түмэнд “өгсөн” ганц баялаг Тавантолгойгоос орж ирэх бэлэн мөнгөний үүдийг хаасаар байх нь хэнд ашигтай байна вэ? “Тавантолгойг гацаасандаа баяртай байна” хэмээн хэлж асан эрхэм гишүүн эдүгээ сайд болж “шагнуулах” талаар яригдаж буй нь Монгол төрийн эмгэнэл үү, эрээ цээргүй бахархал уу? Монголчууд бидэнд ойрын хугацаанд мөнгөтэй болох өөр ямар боломж байна вэ? Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хаваржингаа бадар барин байж “олж” ирсэн Дэлхийн банкны 300 сая, Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлээс өөр юу байгаа билээ. Бас л зээл.
Гэвч Ерөнхий сайдын хувьд үүнээс өөр мөнгө олох боломжийг эрх баригч намынхан олгохгүй байгаа нь үнэн. Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-ын Ээлжит бус чуулганаар оруулж ирээд шийдэх байх гэсэн горьдлого, хүлээлт ард түмэнд байсан.
Гэвч олон улсын хэмжээнд тендер зарлаж, Гэрээнд гарын үсэг зурахаас бусдаар харилцан ойлголцож, хамтран ажиллахад бэлэн болчихоод байсан энэ том төсөл төр, засгийн эргэж буцсан, ойлгох аргагүй байдлуудаас болоод өөх ч биш булчирхай ч биш болж байгаа сураг байна.
Зарим эх сурвалжийн хүрээнд төслийн гол оролцогч БНХАУ-ын тал Монголын улстөрчдийн дарамтаас болсон уу, Тавантолгойд оролцохоос эргэлзэж эхэлсэн бололтой. Учир нь Монгол-Хятад-Япон гэсэн дэлхийн нүүрсний зах зээл дэх гол тоглогчдыг нэгтгэсэн хамгийн зөв хамтралыг бий болгосон хэмээн үзэж байсан Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерийг дахин зарлаж магадгүй гэсэн мэдээлэл яригдаж байна.
Хэрэв үнэн бол бүхэл бүтэн таван жилийн турш хүлээсний эцэст шалгарсан БНХАУ-ын тал манай улстөрчдийн энэ “тоглоомонд” дахин оролцохоос жийрхэж байна. Энэ тохиолдолд Тавантолгой Хятадын оролцоогүйгээр дэлхийн тавцанд үнэд хүрэх нь юу л бол.
Энэ мэтчилэн дэлхийн зах зээл, эдийн засаг, хөрөнгө оруулагчдын байдал өдрөөс өдөрт өөрчлөгдсөөр байгаа нь “яст мэлхийн хурдтай” Монголын төр, засгийн бодлого шийдвэр, эдийн засагт нөлөөгөө тусгасаар байна.
Ямартай ч эрх баригчдын тодорхойгүй, эргэж буцаж, үл итгэлцэл төрүүлж, хугацаа алдсаны гор энэ мэтээр манай эдийн засаг, ард түмний амьдралд энэ намраас улам хүчтэй мэдрэгдэж эхлэх нь. Одоо сайхан үеэ дурсаж, хоосон мөрөөдлөөр хөгжлийн ирээдүйгээ төсөөлөлгүйгээр хөрсөн дээрээ буух цаг болжээ.
Өрийн цаг явсаар байна. Эрх баригчдын авсан өр, зээлийг “төлөх” ард түмэнд үлдсэн ганц боломж бол тэдэнд хариуцлага тооцох. Хариуцлага тооцсоноор өр тэглэгдэхгүй ч дахин өр нэмэхгүй байхад бид хяналт тавьж чаддаг болно.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ