Зүүн гараас Никита Хрущёв, Ричард Никсон
1950-иад оны эцсээр Москва, Вашингтоны харилцаанд бий болсон дулаарлын оргил нь 1959 оны долдугаар сарын 24-нд Никсон, Хрущёв хоёрын дунд Сокольникад “гал тогоонд” өрнөсөн мэтгэлцээн гэж үздэг.
ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч хоёрын түүхэн ярианы дэлгэрэнгүйг “Газета”, “RU” сайт уншигчдад эргэн сануулжээ. Дашрамд хэлэхэд, харамсалтай нь 1962 онд дэлхий дахин шинэ дайны босгон дээр тулж очсон юм.
Өрнөдийн ертөнцийн хувьд Сталинаас хойших ЗХУ дээд зэргээр хаалттай нийгэм болоод байлаа. Аугаа их Эх орны дайны жилүүдэд Америкаас үзүүлж байсан хүмүүнлэгийн тусламж түүх болж, ЗХУ-ын болон “ардын ардчилсан” орнуудын хил дээр “төмөр хөшиг” өлгөгдөв.
Гэлээ ч хэвлэлүүдэд “Америкийн империализм” хэмээн улиглаж, Зөвлөлт, Америкийн нисгэгчид Солонгосын тэнгэрт (1950-1953 онд) биенийхээ эсрэг тулалдаж байхад ч АНУ-ыг ЗХУ тууштай сонирхож байлаа.
1953 онд Иосиф Сталиныг нас барсны дараа Хрущевийн засаглал тогтоод капиталист ертөнцийн томоохон гүрнүүдтэй олигтойхон хэлхээ холбоотой болох талаар бодох болсон байна. Тэгээд 1955 онд хоёр улсын Төрийн тэргүүн Женев хотноо уулзсаны зэрэгцээ соёлын төрөл бүрийн харилцаа ч идэвхжив.
Мөн онд ЗХУ-д “Америк” гэдэг сэтгүүл хэвлэгдэж эхэллээ. Театруудын тайзнаа ч Америкийн бүтээлүүд гарч ирэх болжээ. Ленинградад “Порги, Бесс хоёр” дуурийг тоглов. 1958 онд Москвад ЗХУ, АНУ-ын хөнгөн атлетикийн анхны тэмцээн болж, Лениний нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн бараг пиг дүүрэн хүнтэй байлаа.
1959 онд Эрнест Хемингуйн шилмэл зохиолын хоёр боть хэвлэгдэв. Хот суурин газрын жирийн оршин суугчийн хувьд жааз хөгжим, хээнцэр хувцас, нарийн найрлагатай ундаа л Америкийн бэлгэ тэмдэг болж байжээ. Москвагийн Горькийн (одоогийн Тверийн) гудамжинд Америкийн өвөрмөц бэлгэ тэмдэг болсон “Коктейль-Холл” нээгдэж, түүнд гадаадынхан голдуу үйлчлүүлдэг байв.
Тэнд гуурсаар коктейль (1961 оноос өмнө 5-17 рублийн үнэтэй байсан) сорж, хөгжим сонссон шиг үдшийг өнгөрөөж болно. 1957 онд Москвад залуучууд, оюутны их наадам хийсэн нь жинхэнэ “тэсрэлт” болсон гэж хэлж болно.
Зөвлөлтийн хийгээд гадаадын мянга мянган хүн биенээ анх удаа өөрийн нүдээр харцгаав. Энд Америкийн төлөөлөгчид ч ирсэн байлаа. 1959 оны долдугаар сард Москвагийн “Сокольники” цэцэрлэгт хүрээлэнд Америкийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гарсан нь Орос, Америкийг ойртуулах оролдлогын дараачийн томоохон үе шат болсон байна.
Үзэсгэлэнгийн үзмэрүүд нь соён гэгээрүүлэхийн хажуугаар түгшүүртэй байдлыг намжаах үйлсийн нэг хэсэг болох ёстой байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ричард Никсон ирж оролцов. Америкт үйлдвэрлэсэн барааг оросууд ихэд сонирхож байлаа.
Энд ирсэн хүмүүс кока-кола амсаж, Америкийн хотууд, зам харгуй, дэлгүүр хоршоо, их дээд сургуулиудын байдлыг харуулсан зураг, слайд үзэж болохоор байв. Эдгээр нь хөгжмийн чимэглэлтэйгээс гадна орос хэл дээр тайлбартай байлаа. RCA гэдэг телевизийн компанийн үзмэрийн хэсэгт өнгөт хальсан дээр бичлэг хийдэг аппарат ч байсан аж.
ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Сергеевич Хрущев долдугаар сарын 24-нд үзэсгэлэнд ирсэн байна.
Дипломат дайсагналцлын ид үеийн Зөвлөлтийн Төрийн тэргүүн Америкийн үзмэрүүдийг фронтын шугам мэт хүлээн авч байлаа. “Бид дэлхийн хамгийн хүчирхэг хоёр гүрэн учраас америкчуудтай энх тайван нөхцөлд нөхөрсөг найрамдалтай аж төрөхийг хүснэ.
Ингэж чадвал бусад улс орон ч амгалан байх учиртай. Гэхдээ дайнд хэт их санаархалтай улс байвал бид түүний чихийг хуга мушгина. Одоо нүдэлдэх цаг биш. Цөмийн зэвсгийн эрин үед бид ирээд байна. Ийм нөхцөлд хэн нэг тэнэг нь дайн эхлүүлж болзошгүй, тэгвэл ухаан билэгтэй хүмүүс ч түүнийг зогсоож үл чадна” гэж бид хэлнэ.
Зүүн гараас Жон Кеннеди, Никита Хрущёв
Тийм ч учраас бид гадаад, дотоод бодлогодоо энэ үзлийг баримталдаг юм” гэж Хрущев тэгэхэд хэлсэн байна. Тэрбээр дараа нь АНУ-тай ЗХУ зэрэгцэж ирж байгааг харж буй биз гэжээ. Никсонтой түүний хийсэн мэтгэлцээн телевизийн дурангийн өмнө болсон болохоор Америкийн ч, Зөвлөлтийн ч хүмүүс түүнийг үзсэн нь мэдээж.
Тэдний маргаан гэр ахуйн тавилга төхөөрөмжөөр дүүрсэн гал тогооны өрөөнд үргэлжилжээ. Никита Сергеевич өрөөнд илүүц эд агуурс яасан их байх юм хэмээн шүүмжлээд, хүнсний зүйлсийг зажлаад ам руу хийчихдэг машин цаадуул (америкчууд) чинь үйлдвэрлэчихсэн юм биш биз хэмээн ёжтой нь аргагүй сонирхсон байна.
Ийм машин ЗХУ-д олон бий гэж Хрущёв нотолж эхэлсэн гэж Никсон дурдатгалдаа бичсэн байдаг. Тэгэхдээ удирдагчид зөвхөн гал тогооны тоног төхөөрөмжийн талаар “ном хаялцсангүй”. Тэдний ярианы гол сэдэв нь коммунизм, капитализм гэсэн эдийн засгийн хоёр тогтолцооны давуу тал байлаа.
Хрущёв, Никсон хоёрын яриаг зохиомжлон хэд хэдэн цувралаар Америкт үзүүлсэн бол наймдугаар сарын 27-нд ЗХУ-д телевизээр дамжуулахдаа Америкийн зочны ярианы зарим хэсгийг орчуулалгүй орхисон байсан гэдэг. Цахилгаан зуухны хажууд халуухан яриа өрнүүлээд тэд үдийн зоог барихаар Кремль рүү явцгаажээ.
Никсоны айлчлал наймдугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн аж. Долдугаар сарын 26-нд Москва голд сэлэх, үүнд хоёр цаг зарцуулахаар зочдын хөтөлбөрт оруулсан байв. Энэ зугаалгын үеэр Хрущёв усанд сэлж явсан бусад хүн рүү найман удаа дөхөж, “Та нар боол уу. Зарц нар уу” хэмээн асуусан аж.
Дараа нь тэрбээр “Энэ хүмүүс коммунизмын боол шиг харагдаж байна уу” гэсэн алдартай асуултаа Никсонд тавьсан байдаг. Үүнээс хэдхэн сарын дараа Хрущёв өөрөө Америкт айлчилсан юм.
Хоёр орны харилцаа хэсэг хугацаанд нааштай болж байснаа Кубад Зөвлөлтийн баллистик пуужин байрлуулснаас 1962 оны эцсээр Карибын хямрал гээч бий болж, манай гаригийг цөмийн сүйрлийн ирмэг дээр аваачсан билээ.
Тэгээд 1970-аад оны дунд хүртэл Зөвлөлт, Америкийн харилцаа тун хурцадмал байлаа.
Р.ЖАРГАЛАНТ