
“Найз минь, чи санаж байна уу. Залуудаа бид хэчнээн сайхан байлаа, ялангуяа би. Харин одоо хөгшин, бас царай муутай болжээ, тэр тусмаа чи”.
“Утас дуугарахгүй удаж байхыг бодоход найзууд маань ч мөнгөтэй л байгаа юм байна”.
Хошигнож байгаа мэт сонсогдох ч эдгээр үг, өгүүлбэр яагаад ч юм бэ зэвүүн санагдаад болдоггүй ээ. Иймэрхүү өнгө аястай ярьдаг найз, танил танд ч байгаа болов уу. Эсвэл хаа нэгтэй таарсан байх.
Найз гэчихээд үргэлж ар хударгаар гоочилно. Хэн нэгнийхээ амжилт, сайн сайханд атаархан, хамт инээж, баярлаж чаддаггүй хүн ямар олон болоо вэ. Найз гэлтгүй уулзсан хүнээ урагш алхангуут л хошуу амаа билүүдэж, хов “базах” нь бидний стил болчихсон юм биш үү.
Чи намайг Долгорт муулна. Харин Долгор чиний талаар надад ямар ихийг ярьсан гэж санана. Танил, нөхдийн хүрээ ийм л байна. Нэгнээ ингэтлээ “мэрж”, ясыг нь цайлгах хэрэг байгаа ч юм уу.
Бидний амьдрал дэндүү богинохон. Нэг л өдөр хэнд ч мэдэгдэхгүйгээр яваад өгнө шүү дээ. Хүн болгоныг өөрөөсөө түлхэж, хор хутгаад байвал эцэст нь чиний хажууд хэн ч үлдэхгүй.
Ер нь хүн ганцаараа юу хийж чадах билээ. Богинохон амьдралынхаа хамаг цагийг бусдыг муулж, шүүмжлэхэд бүү үрээч. Хүн хүнээ хайрлаж яагаад болохгүй гэж. Надад чи, бас чи ч надад хэрэгтэй. Та бүхэнгүйгээр би хэн ч биш.