
Гадаад, дотоодын олон танил, найзтай болох хамгийн хялбар, дөт арга зам бол цахим орчин гэдэгт эргэлзэх хүн үгүй биз. Харилцаа холбооны зохицуулах газраас гаргасан судалгаагаар манай улсын иргэдийн 1.8 сая нь интернэт идэвхтэй ашигладаг гэсэн тоо гарчээ. Танилтай бол талын чинээ гэдэг үнэн л дээ. Гэвч зарим танил гай тарихыг яана.
Бид фэйсбүүк, инстаграм, твиттерээр ажил амжуулж, бас зугаацаж буй. Үүнийг гадаадын зарим сэргэлэн “гар” овжин ашиглаж, манай улсын иргэдэд одоогийн байдлаар таван тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулчихаад байна. Хэнтэйгээ хаана амьдардаг, ямар ажил хийдэг, хэчнээн төгрөгийн орлоготой гээд л далан булчирхайгаа цаг тутамд тоочиж суудаг хүн олон байдаг.
Энэ нь зальтнуудын нүдэнд өртөн, залилангийн ийм хэргийн хохирогч болоход багагүй нөлөөлж буй нь мэдээж. Албаны хүний хэлснээр манай улсын иргэд ихэвчлэн гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, танилын хүрээгээ тэлэх зорилгоор цахим орчинд гадаад хүнтэй танилцан, дотносдог гэнэ. Өнгөрсөн жил нэг эмэгтэй ингэж танилцаад, бүр гэр бүл болох дээрээ тулсны эцэст хамаг мөнгөө “сэгсрүүлээд” хоцорсон юмдаг. Гэтэл энэ жил үүнтэй төстэй хэрэг дахин бүртгэгдэв.
Цэцэгээ (нэрийг нь нууцалсан) Англи улсын иргэн гэж өөрийгөө танилцуулсан залуутай өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас харилцаж эхэлжээ. Тэр залуу нь эмч мэргэжилтэй, Иракт томилолтоор ажилладаг, сайн үйлс хийж, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг хэмээн уран донгодсон тул манай Цэцэгээ тархиа угаалгачихаж.
Тэр залуу эхнэрээ алдаад хоёр хүүхэдтэйгээ үлдсэн, чамаас өөр итгэх хүн байхгүй гэж Цэцэгээд хэлсэн байна. Тэгээд Филиппин улс руу 2011 оноос нийлүүлж байсан тоног төхөөрөмжийнх нь ашиг болох багагүй хэмжээний мөнгийг Цэцэгээд түр хадгалуулахаар болсон аж. Хэсэг хугацаанд хадгалж өгвөл шанд нь түүнд нөгөө их мөнгөнийхөө тодорхой хувийг өгөхөөр амласан байна.
Ингэхдээ Цэцэгээд үнэмшүүлэхийн тулд “Улаан загалмайн дипломат шуудангаар илгээнэ” гэжээ. Америкчуудын их мөнгөний бага ч болов хувь гэдэг нь монголчуудын хувьд бол чамгүй мөнгө. Үүнд шунаж, бас нөгөө залуугийн сайтар бодож боловсруулсан үгэнд итгэсэн Цэцэгээ шуудангаар ирсэн гэх их хэмжээний мөнгийг авахын тулд байдгаа шавхан 114 мянган ам.доллар шилжүүлээд, “хулхидуулах” нь тэр. Маргаашнаас нь нөгөө эмч гэх баян залуу ор мөргүй алга болжээ.
Дахин нэг жишээ дурдъя. Манай улсын иргэн Дорж (нэрийг нь өөрчлөв) мөн л гадаадын иргэнтэй удаан хугацаагаар харилцжээ. Тэр хүн өөрийгөө Англи улсын иргэн гэж танилцуулаад “Би ахмад дайчин. Өөрийн гэх үр хүүхэд байхгүй. Чи хүү шиг минь л санагддаг юм. Одоо би эмнэлэгт хэвтэж байна. Эдгэшгүй өвчтэй тул удаан тэсэхгүй гэж эмч хэлсэн. Надад манай улсаас ахмад дайчны тэтгэмж өгдөг. Мөн миний нэг насаараа хурааж хуримтлуулсан хөрөнгө бий.
Одоо таван сая орчим ам.доллар болсон. Тэр мөнгийг чи ав. Тэгээд сайхан амьдраарай, хүү минь” хэмээн бичсэн байна. Дорж эхэндээ үүнд нь нэг их итгээгүй аж. Гэвч удалгүй түүний нэр дээр бүртгэлтэй, олон улсын гүйлгээний карт шуудангаар иржээ. Дорж түүнийг нь манай улсын нэр бүхий арилжааны банкинд аваачиж шалгуулахад “Энэ таны нэр дээрх дансны карт мөн байна. Гэхдээ дансны мэдээлэл нь харагдахгүй юм. Та эхлээд хураамж төлөх ёстой юм байна.
Түүний дараа дансны мэдээлэл харагдахаар тохируулсан байна” гэж хариулжээ. Ингээд Дорж хураамж болох 50 мянга гаруй ам.долларын эрэлд гарсан байна. Өөрийнхөө болон төрсөн ахынхаа орон сууцыг, унаж яваа машин, эхнэрийнхээ үнэт эдлэл гээд үнэ хүрч болох юу байна бүгдийг нь худалдаад, мөнгөө нөгөө картын дансанд шилжүүлжээ. Гэтэл хураамж төлбөл мэдээлэл нь харагдана гэсэн “шидэт” карт хуурамч болох нь илэрч, ахмад дайчин найз ч үгүй, ахтайгаа хоёулаа гахай явган, нохой нүцгэн хоцорчээ.
Үүнээс гадна иргэдийн хувийн мэдээлэл, зургийг ашиглан заналхийлсэн, их хэмжээний мөнгө нэхэж “шантаажилсан” тохиолдол цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, иргэн Э-гийн хувийн мэдээллийг С гэдэг хүн олж авчээ. Түүгээрээ Э-г сүрдүүлэн, “Нэр хүндийг чинь гутаасан мэдээлэл тараана” хэмээгээд 50 мянган ам.доллар нэхсэн байна. Э энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар С одоо Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байгаа юм.
Түүнчлэн удаан хугацаагаар харилцаж байгаад нүцгэн зураг, бичлэгийг нь гартаа оруулан авч, түүнийгээ олон нийтэд ил болгоно хэмээн сүрдүүлсэн хэрэг ч олон байгаа аж. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 15 хүн ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болжээ.
Гадаад худалдаа эрхэлдэг, эсвэл өөр улсын компаниас бараа бүтээгдэхүүн худалдан авдаг аж ахуйн нэгжүүд ч интернэт ашиглан залилдаг хүмүүст их хэмжээний мөнгөө алдах тохиолдол гарах болсон. Үүнд манай улсын нэр хүндтэй том кампаниас авахуулаад жижиг байгууллагууд ч их, бага хэмжээгээр өртөн хохирсон байна.
Эхнэртэйгээ хамтран, уламжлалт анагаахын эмнэлэг ажиллуулдаг эмч залуу өнгөрсөн жил Хятадын нэгэн компаниас эмнэлгийн тоног төхөөрөмж авахаар 7000 гаруй ам.доллар шилжүүлээд хохирчээ. Тэр уг нь нэг компанийн төлөөлөгчтэй Хятадад уулзаж, үнээ тохиролцон, гэрээ байгуулсан гэнэ.
Ингээд нутагтаа ирээд удаагүй байхад нөгөө компанийнх нь нэртэй төстэй хаягнаас и-мэйл ирсэн байна. Тэнд “Компанийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт орсон тул дансны мэдээлэл ч солигдож байгаа. Тиймээс энэ данс руу урьдчилгаа мөнгөө шилжүүлээрэй” гэсэн байж. Түүнийх нь дагуу мөнгөө явуулаад удаагүй байтал анх харилцсан компаниас нь “Урьдчилгаагаа явуул” гэсэн и-мэйл ирсэн байна. Ингээд тэр эхнэртэйгээ олон жил хурааж хуримтлуулсан мөнгөө бусдад алдсанаа мэдсэн аж.
Хамгийн сүүлд гарсан өөр нэг жишээ дурдъя. Монгол, Америкийн хамтарсан нэгэн компани ийм хэргийн хохирогч болоод байна. Уг компани бараа бүтээгдэхүүн авахаар Хятадын компанитай гэрээ хийн, нийт төлбөрийн 70 хувийг эхэлж шилжүүлэхээр болжээ. Гэтэл харилцаж байсан нийлүүлэгч байгууллагынх нь охин компанийн төлөөлөгч гэж өөрийгөө танилцуулсан хүн и-мэйлээр харилцаж эхэлсэн байна.
Бүүр авах гэж байсан барааных нь зураг, зааврыг хүртэл танилцуулсан байгаа юм. “Худалдан авах ажиллагааг цаашид бид зуучлахаар болсон. Иймээс энэ данс руу мөнгөө шилжүүлээрэй” хэмээн тэр хүн хэлсэн байна. Ингээд урьдчилгаа болох 60 гаруй мянган ам.долларыг өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд шилжүүлэн авчээ. Дараа нь “Барааг чинь явуулсан” хэмээн бас нэг бичиг үзүүлээд, үлдсэн мөнгөө өгөхийг шаардсан байна.
Үүнд нь Монгол, Америкийн хамтарсан компанийн төлөөлөгч итгэн, үлдэгдэл 20 мянга гаруй ам.долларыг дөрөвдүгээр сард шилжүүлжээ. Ийнхүү уг компани өнөөдөр 87 мянган ам.доллар буюу 200 орчим сая төгрөгөөр “шатчихаад” буй.
Энэ мэтчилэн өнгөрсөн онд л гэхэд манай улсын 27 аж ахуйн нэгж, иргэн цахим луйврын хохирогч болж, 1.6 тэрбум төгрөгөө алдан, алдсан хүний арван тамаа эдэлж явна. Иймээс харилцаж буй гадаадын компанийн чинь менежер солигдох, данс нь өөрчлөгдөх зэрэгт болгоомжтой хандахыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Шаардлагатай тохиолдолд анх харилцсан хүнтэйгээ эргэж холбогдох, боломжтой бол уг байгууллага дээрээ дахин очиж, гэрээгээ шинэчилж хийх хэрэгтэй юм байна.
Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэгдсэн өөр нэг төрлийн хэрэг нь иргэдийг “Та азтан боллоо”, “Их хэмжээний мөнгө хожлоо” гэж итгүүлэн, залилсан тухай юм. Тухайлбал, манай улсын иргэнд “Та 5000 ам.доллартой энэхүү дансыг эзэмших эрх сугалаагаар хожлоо. Танд баяр хүргэе. Энэ дансаа ашиглахын тулд та урьдчилгаа 10 хувийг шилжүүлнэ үү” хэмээн и-мэйл, дансны дугаар явуулж, 500 доллар залилсан аж.
Дэлхийд алдартай “Кока кола”, “Адидас”, “Найк” зэрэг брэнд компанийн нэрийг ашиглан, вэб хуудсыг нь дуурайлгаж хийгээд залилсан хэд хэдэн тохиолдол бас бүртгэгдсэн байна. Тэнд жилийн, улирлын азтанаа шалгарууллаа хэмээн сурталчилгааны зурагт хуудас байршуулдаг байна. Түүнийг нь нарийн сайн харах юм бол жинхэнэ вэб хуудаснаасаа ялимгүй зөрөөтэй гэнэ. Ингэж хохирсон хүн маш олон байдаг аж.
Их хэмжээний мөнгө л луйвардуулаагүй бол ийм хэргийн хохирогч нэр төрөө бодох, ичих зэргээсээ болоод хууль хяналтын байгууллагад тэр бүр ханддаггүй. Тиймээс ийм хэрэг гарч буйг олон нийт мэддэггүй. Ингээд дараа дараагийн хүн хохирогч болсоор байна. Хэрэв ийм санал, баярын бичиг ирсэн бол үнэн, эсэхийг тодруулах уг нь их хялбар аж. Учир нь дэлхийн томоохон брэндүүдийн олонхынх нь албан ёсны төлөөлөгч манайд бий. Тэндээс очоод лавлачихад гэмгүй биз ээ.
Дээрхийн адил сэжиг бүхий мэдээлэл, санал хүлээн авбал иргэн та Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэж, шалгуулах боломжтой юм байна. Түүнчлэн тус хэлтсийн цахим хуудаст хандаж болох нь. Тэнд ийм төрлийн гэмт хэргээс өөрийгөө, ойр дотныхныгоо хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөмж байршуулжээ.
Хүнтэй танилцаж, найзлан дотносож, бэлэг авч, өв залгамжилж бололгүй л яах вэ. Гэхдээ ийм харилцаа жинхэнэ байх тохиолдол хэдэн мянгад ганц л байдаг юм гэсэн. Хэрэв ингэж гадаад хүнтэй удаан хугацаагаар харилцаж буй хүмүүс байгаа бол та бүхэн түүнд өгөх хувийн мэдээлэлдээ анхаарах хэрэгтэй. Гар утас, регистрийн дугаар, гэр, ажлын хаяг, дотно хүмүүсийнхээ талаарх мэдээллийг түүнд хэлэхээ азнах, эсвэл фэйсбүүктээ байршуулж, олон нийтэд ил болгохоос аль болох татгалзах нь зүйтэй.
Цахим орчинд залилуулсан байгууллага, хувь хүн алдсан мөнгөө эргүүлэн олж авна гэдэг амаргүй даваа болох нь ойлгомжтой. Учир нь манай улсын хууль хяналтын байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Энэ хууль зөвхөн манай улсын нутаг дэвсгэр болон Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц, агаарын тээвэр, Элчин сайдын яамд, Консулын газруудад л хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Үүнээс өөр газарт бол тухайн улсын хууль тогтоомж үйлчилдэг. Тэгэхээр өөр улсын иргэн монгол хүнийг хохироосон тохиолдолд манай цагдаагийнхан Интерполоор дамжуулан бусад орны хууль сахиулах байгууллагатай хамтарч ажилладаг юм байна. Гэтэл яг хаана байгаа, ямар хүн гэдгийг нь ч мэдэхгүй этгээдийг хайж олоод, хариуцлага тооцон, иргэдийнхээ хохирлыг барагдуулна гэдэг хэцүү.
Нэг ч хараагүй, нарийн яривал өөрийнх нь бодож буй тэр хүн хорвоод байдаг, эсэхийг ч мэдэхгүй байж, хамаг нууцаа дэлгээд бүх мөнгөө өгөөд явуулж буйд бид өөрсдөө буруутай. Эцсийн эцэст энэ нь бидний үнэгүй юманд нугасгүй зан, шуналаас л үүдэлтэй юм биш үү. Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд л байдаг гэдэг дээ.