
Хүүхэд гэдэг гэнэн цайлган, хиргүй, гэгээхэн ертөнц. Хорвоотой танилцаж эхэлмэгцээ л бүгдийг барьж, амталж, хазаж, харилцаж, “яагаад”-ынхаа хариуг олохыг хичээх нь хэн хүний хайрыг эрхгүй татна. Гэвч зарим нь дэгж дэрвэдэг, эрхэлж нааддаг насандаа хэр баргийн хүний тэсэхээргүй зовлон, шаналлыг тэвчин өсөж байна. Хүүхэд төрүүлэх эхчүүд нэмэгдэн, төрөлхийн өвчин эмгэгтэй хүүхэд мэндлэх нь олширсон учраас тэр. Тэднийг эмчилж, эдгээх гэж Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д бүхэл бүтэн баг цаг наргүй ажиллаж байгаад бид талархах хэрэгтэй. Учир нь хүүхдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ганц эмнэлэг нь тэднийх шүү дээ. Тэр дундаа хүүхдэд мэс засал анх хийснээс хойш эдүгээ 60 дахь жилтэйгээ золгож буй юм байна.
Тодруулбал, МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийн IV дамжааны оюутан Ө.Балжир 1956 оны долдугаар сарын 1-нээс багачуудад ерөнхий мэс заслын үзлэг хийж эхэлсэн бол Ж.Цэрэндулам мөн оны есдүгээр сарын 1-нд хагалгаа хийснээр Монгол Улсад хүүхдийн мэс засал хөгжих эхлэл тавигдсан гэж үздэг. ЭХЭМҮТ-ийнхөн ирэх долоо хоногт ойдоо зориулан, нийгэм, төр, засгийн анхаарал татахуйц олон арга хэмжээ өрнүүлэхээр төлөвлөжээ. Тус төвийн захирал Ш.Энхтөртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр аливаа зүйл хувьсан өөрчлөгддөг шүү дээ. Хүүхдэд анх мэс засал хийснээс хойших 60 жилийн ололт амжилтаас ярилцлагаа эхлэх үү.
-Тэгэлгүй яах вэ. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэг улсын хэмжээнд төрөлжсөн мэс заслын тусламж үзүүлж буй ганц газар. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт явуулж, хүүхдийн мэс заслын чиглэлээр зөвлөх хэмжээнд хүрсэн. Дотор, мэс заслын тасгуудад АШУҮИС, Сувилахуйн сургууль, анагаахын бусад чиглэлээр сурдаг оюутан, резидент эмч нарыг сургаж, мэргэжил дээшлүүлдэг гол бааз болсон. Хүүхдийн эмнэлэг маань өдгөө 150 ортой, мэс заслын долоон тасагт нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна.
Өнгөрсөн 60 жилийн хугацаанд маш олон хүүхдэд мэс заслын төрөл бүрийн тусламж хүргэжээ. Гэхдээ техник технологи одоогийнх шиг сайн хөгжөөгүй байсан учраас жилд хэчнээн хүүхдэд мэс засал хийж байсан тоо баримт нарийн гарахгүй байна. Сүүлийн таван жилд л гэхэд хүүхдийн төрөлжсөн мэс заслын тасгуудад 44.970 өвчтөн хэвтэн эмчлүүлснээс 33.626 удаа хагалгаа хийжээ. Тухайлбал, ерөнхий мэс засал 12.589, бөөрнийх 4234, чих, хамар, хоолойн 6076, нүднийх 3432, эрүү, нүүрний эмгэгтэй 7267 хүүхдэд хагалгаа хийсэн байна.
Мөн манай эмч, судлаач нар олон ном, бүтээл туурвиж, олон улсын хуралд 21, дотооддоо 50 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Түүнчлэн оношилгоо, эмчилгээний 100 гаруй аргачлал нэвтрүүлж, Ашигтай загварын 15 гэрчилгээ аваад байгаа. Төрийн одон, шагнал хүртсэн эмч нар ч олон бий.
-Тухайлбал, шинээр нэвтрүүлсэн мэс заслын ямар арга, технологиуд байна вэ?
-Өдгөө жилд дунджаар 70-80 мянган эмэгтэй амаржиж байна. Хүн амын өсөлтийн прогнозыг гаргахад 2020 оноос эхлэн төрөх эмэгтэйчүүд нэмэгдэн, 2030 он гэхэд жилд 190 мянга гаруй эмэгтэй амаржих төлөвтэй байгаа. Дээрээс нь нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны өөрчлөлт, хотжилт зэрэг олон хүчин зүйлээс хамаараад хүүхдүүд төрөл бүрийн эмгэгтэй төрж байна. Энэ хэрээр хүүхдийн мэс заслын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг өшөө илүү хөгжүүлэх эрэлт хэрэгцээ тулгарна.
Өдгөө ерөнхий мэс заслын эмч нар хошного, шулуун гэдэс нь төрөлхийн битүү болон нарийссан нярайд ахар сүүлний хүрцээр гэдэс буулгах (PSARP) хагалгаа, өвчүү хавирга нь хонхойсныг NUSS-ийн аргаар засах, судасны олон төрлийн залгаас, цөсний төрөлхийн битүүрлийг Касайн, ходоод, улаан хоолойн сөөргөө урсгал, нарийслыг Геллерийн аргаар засаж байна. Улаан хоолой, шулуун гэдэсний төрөлхийн болон олдмол нарийслыг мэс заслын дараа эрт үед нь тэлэх эмчилгээ хийвэл давтан хагалгаанд орох шаардлагагүй.
БНСУ-ын “Самсунг” эмнэлгийнхэнтэй хамтраад 2013 оноос хэвлийн хагалгааг дурангаар хийж эхэлсэн. Өдгөө манай эмч нар цавь, хуухнагийн эвэрхий, мухар олгойн үрэвсэл, цөсний чулуу, ходоодны төгсгөлийн нарийсал, хэвлийд буй төмсөг буулгах, элэг, хэвлийн хавдар, өрцний эвэрхийг дурангийн аргаар эмчилж байна. Зүрхний нээлттэй хагалгаа хийх боломж ч бүрдсэн. Долоон хүүхдэд ийм мэс засал хийсэн нь амжилттай болсон. Мөн Щвейцарийн мэс заслын эмч нартай хамтраад, 2014 оноос түнхний үений хүнд хэлбэрийн согогийг нярай үед нь засаж эхэлсэн. Жилийн өмнөөс өөрсдөө хийдэг боллоо.
Шээсний сүв залгах, бөөр, давсаг, сүвний чулуу авах, төмсөгний төрөлхийн буруу байрлалыг засах, бэлэг эрхтний төрөлхийн гажгууд, давсагны хорт хавдрын үеийн мэс заслын тусламж, үйлчилгээг бөөрний эмч нар үзүүлж буй. 2015 оноос уян дуран ашиглаж эхэлсэн. Түүнээс гадна эрүү, нүүр, уруул, тагнайн төрөлхийн гажгууд, цусны төрөлхийн болон тунгалгийн судсан хавдрууд, түлэнхийн сорвийг мэсийн аргаар эмчилж байна. Хүүхдийн зөвлөх поликлиникт хэл заслын болон шүдний гажиг засах кабинет ажиллуулснаар уруул, тагнай нь төрөлхийн сэтэрхий, зуултын гажигтай хүүхдүүд бүрэн эдгэрэх нөхцөл бүрдсэн.
Чих, хамар, хоолойн мэс заслын эмч нар чихний сувгийн арьсыг шилжүүлэн суулгах замаар хэнгэрэг нөхөх, нармайн болон гүйлсэн булчирхай, хамрын салстын хавдар авах хагалгаа хийдэг боллоо. Нүдний эмч нар хялар засан, болор суулгаж, зовхины төрөлхийн гажгийг нөхөн сэргээдэг. Бүр ургийн шингэний хальсаар эвэрлэгийн цоорсон шархыг нөхөх, нүд хуурайших үед нулимсны цэгийг бөглөж байна. Цаашид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн нүдний хялар ба мохос хараа, нүдний даралт, хорт хавдар, дутуу нярайн торлогийн гажуудал, торлог шилэнцрийн эмгэгийг олон улсын түвшинд эмчилдэг болно.
Цухас дурдахад л ийм байна. Эдгээр гажиг хүүхдэд тохиолдож, жилд хэдэн мянгаараа хагалгаанд ордог гэсэн үг. Хүүхдүүдтэй ажилладаг учраас тэднийг аль болох өвтгөлгүй эдгээхэд л анхаардаг. Тиймдээ ч Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагтаа сүүлийн үеийн олон арга нэвтрүүлж, техник хэрэгслүүдээ ч сүүлийн үеийнхээр байнга шинэчилдэг. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн ачаар өдрийн мэс засал хийх боломж бүрдсэн. Өнгөрсөн онд 328 хүүхдэд нүд, эрүү, нүүр, чих, хамар, хоолой, бөөрний мэс засал өдрөөр хийсэн байна. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч нартай хамтран, элэгний анхдагч хавдартай хоёр сартай хүүхдэд дурангаар хагалгаа хийсэн нь амжилттай болсон.

-Хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны талаар ярихгүй өнгөрч болохгүй байх.
-2011 онд хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийхээр шийдвэрлэсэн нь салбарын хөгжилд том ахиц гаргасан. Түүнээс хойш ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд, Монголын элэг шилжүүлэн суулгах үндэсний баг, БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийнхөнтэй хамтраад, хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгасан. Цаашид хүний нөөцөө бэлтгэх, гадаад харилцаагаа улам хөгжүүлэх, санхүүжилт, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага байгаа. Жилд дунджаар 10 хүүхдэд элэг, мөн тооны хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах хэрэгцээ бий. Үүнээс олон ч байж мэднэ.
-2014 онд байгуулсан танай Ангиографийн лабораторийн үр ашиг хэр гарч байна даа.
-Зүрхний катетер-ангиографийн лаборатори нээсэн нь хүүхдийн зүрхний мэс заслын хөгжилд томоохон түлхэц болсон. Тухайн үед Засгийн газраас хоёр тэрбум төгрөг төсөвлөж, Азид долоохон ширхэг байдаг “Siemens” брэндийн ангиографийн аппарат суурилуулж өгсөн. Түүний ачаар 2015 онд гэхэд 85 хүүхдийг оношилж, эмчилжээ. Өдгөө судсан дотуур тусгай гуурс шургуулж, ховдол, таславчийн цоорхойг нөхөх зэргээр зүрхний хөнгөн хэлбэрийн гажгийг засаж байна.
Мөн цусны эмгэг, хорт хавдартай, удаан хугацаагаар эмчлүүлдэг хүүхдүүдийг олон удаа хатгахгүйгээр катетер (2-3 жил болоод сольдог) суулган, эмчилгээ хийж байгаа. Түүнээс гадна Анагаахын удамзүйн лаборатори (ургийг генийн түвшинд оношилдог), Гемодиализын хэсэг, Нэгдсэн лаборатори, Үргүйдэл-нөхөн үржихүйн төв (үр шилжүүлэн суулгах) байгуулан ажиллаж байна.
-ЭХЭМҮТ-ийн ачаалал их, төлөвлөгөөт хагалгаануудын дараалал хэдэн сараар сунжирсан байдаг гэж зарим эцэг, эх гомдоллодог. Тоног төхөөрөмж сайжирсан, олон төрлийн мэс заслыг эх орондоо хийж байгаа нь сайшаалтай ч төвийнхөө ачааллыг бууруулах, чанар хүртээмжийг нь сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-ЭХЭМҮТ-ийг хөгжүүлэх долоон үндсэн чиглэл, 44 зорилго бүхий дунд хугацааны стратеги төлөвлөгөөг (2012-2016) хэрэгжүүлээд дуусаж байна. Түүн дотор тэргүүлэх есөн чиглэлээр арга хэмжээ авч, үр дүнд хүрсэн. Тухайлбал, “Хүүхдийн мэс заслын шилдэг техник технологийг эмчилгээ, оношилгоонд нэвтрүүлэх”, “Хүүхдийн эрхтэн шилжүүлэх тусламж, үйлчилгээг хөгжүүлэх”, “Хавдрын оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх” зэрэг багтаж буй.
Хүүхдэд нарийн мэргэжлээр тусламж хүргэж буй ганц төв нь манайх учраас ачаалал ихтэй нь үнэн. Яаралтай хагалгаануудыг бол манай эмч нар амралтын өдрүүдээр ч хийж байна. Харин төлөвлөгөөт мэс заслын дараалал сунжирч байгаа нь үнэн. Төвлөрлийг сааруулж, чанартай тусламж үзүүлэхийн тулд аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд Хүүхдийн мэс заслын кабинет, Ерөнхий мэс заслын тасаг байгуулах шаардлагатай. Мэдээж үүнд хугацаа, хөрөнгө шаардлагатай. Нэг жилийн дотор хийчихдэг ажил бишийг нь ойлгож байна.
Тодорхой судалгаа нотолгоотойгоор, үе шаттайгаар хэрэгжүүлбэл болохгүй зүйл үгүй. Ядаж нийслэлийн есөн дүүргийн 4-5-д нь Хүүхдийн мэс заслын тасаг байгуулдаггүй юм аа гэхэд өрөө гаргаж өгөөч ээ. Хагалгааны дараах боолт, гэмтэл бэртлийн жижигхэн шархыг дүүргийн эмнэлгүүд цэвэрлэж, боодог болчихвол бидний ачаалал жаахан ч гэсэн багасна. Мөн хөдөө орон нутагт хүүхдийн төрөлжсөн мэс заслыг хөгжүүлэх шаардлагатай байна. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдэд бөөр, чих, хамар, хоолой, нүд, эрүү, нүүрний мэс засалч нарыг бэлтгэх хэрэгтэй. Бид бүгдийг нь сургаад өгье.
Анагаахын шинжлэх ухаан өдөр өдрөөр шинэчлэгдэн, хөгжиж байна. Гадаадад ургийн анагаах ухаан өндөр хөгжиж буй. Бид ч гэсэн энэ тал руугаа хөгжих шаардлага тулгарч байгаа. Учир юу гэвэл, манайх Анагаахын удамзүйн лабораторидоо ургийг эхийн хэвлийд нь буюу генийн түвшинд оношилж байна. Төрөл бүрийн эмгэг, хромсомын гажиг (Дауны хам шинж)-ийг ураг байхад нь оношилж чадаж байгаа бол гадаадад эхийн хэвлийд нь эмчилж байна. Хамгийн энгийнээр тайлбарлавал уруул, тагнайн сэтэрхийг эхийн хэвлийд эмчилчихэж байна гэсэн үг. Өдгөө эмч нараа бэлтгэж байгаа. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд төрөлхийн гажигтай 1900 гаруй хүүхэд бүртгэгдсэн байна.
Эцэст нь хэлэхэд, хүүхдэд хийгддэг өндөр өртөгтэй оношилгоо, эмчилгээ, мэс заслын зардлыг төрөөс 100 хувь, эсвэл даатгалын сангаас гаргамаар байна. өндөр өртөгтэй эмчилгээний зардлыг манайх дотоодын нөөц бололцоо, гадаадынхны хандиваар болгож ирсэн. Хоёр хүүхдэд элэг шилжүүлэн суулгахад нэгийнх нь эм, тариа, цус, цусан бүтээгдэхүүн, ороох боох материал гээд бүх зардлыг нь манайх хариуцсан, хүүхэд болохоор нь. Эрхтэн шилжүүлэх хагалгаа өртөг зардал ихтэй. Дээр хэлсэнчлэн жилд дунджаар 20 хүүхдэд эрхтэн шилжүүлэн суулгах хэрэгцээ байна. Эх орондоо энэ төрлийн тусламж, үйлчилгээг хөгжүүлье гэвэл хүүхдийн өндөр өртөгтэй эмчилгээний зардлыг төр хариуцах хэрэгтэй.