
Хаврын шороо, зуны шалбааг, намрын түгжрээ, өвлийн утаагаар дамжин өртөөлж яваа нийслэлийн нэгэн иргэн билээ, би. Улирал бүр “бэлэг” өгдөг Улаанбаатар хотод амьдардаг билээ. Давах ёстой даваа, туулах ёстой зам мэт санаж бүгдийг нь дайраад өнгөрдөг тэсвэр тэвчээртэй, басхүү номхон морь шиг бид өвлийн “бэлгээ” тосож авах үедээ ирлээ. Хэдхэн хоногийн дараа л ирчихсэн, тууз нь гэнэт задраад, хайрцагнаасаа гарч, хүн бүрт тэгш хүртээмжтэй түгээгдэх тэр бол утаа. Энэ жил, ирэх өвөл гээд цаашид хэр урт хугацаанд ийм “бэлэг” биднийг “баярлуулахыг” таашгүй.
Уг нь бид утаагүй гэх тодотголтой бүх зүйлийг ашиглаад, униар манангүй хотод уужим амьсгалж байна гэж төсөөлөх дуртай. Харамсалтай нь, төсөөлөл мөрөөдөл төдий болж, тэртээ хол, бараа нь үл харагдах алсад тэнүүчилж яваа. Авчрах гэж үзсэн, чадаагүй. “Утаанбаатар хотод амьдардаг боллоо. Агаарын бохирдлоос болж өвчлөх явдал нэмэгдлээ” гэх нь мөрөөдлөө даллах арга юм. “Өчнөөн мөнгө зарцуулж, өдий төдий ажил хийлээ” хэмээх нь авчрах гэсэн оролдлого билээ.
Хугацаа хожимдолгүй, яг цагтаа ирдэг өвлийн “бэлгийн” өртгийг бид эрүүл мэнд, хотын өнгө үзэмжээрээ төлдөг уламжлалтай. Энэ удаа ч уламжлалаа дагана. Тэр ачааллыг даахын тулд одооноос биеэ бэлдэж, сэтгэлээ хөнгөлж, тэсвэр тэвчээрийнхээ эцсийн нөөцийг ч шавхах учиртай. Улаанбаатарын буухиа үргэлжилсээр.