
Уйлсаар байгаад нүдээ цавчих ч тэнхэлгүй болсон эмэгтэй юуг ч юм бэ гөлөрсөн байлаа. Хавдтал уйлсан нүдэнд нь нулимс дүүрэн ч аяганаасаа хальж, урсахгүй тогтжээ. 20 гарсан хүүгээ алдсан ээжийн нүднээс амьдралыг нь уншиж болохоор санагдав. Одоо үлдсэн хүүхдүүдийнхээ л төлөө амьдрах ёстой гэсэн бодол амьгүй мэт болсон нүднээс нь харагдаж байсан.
Алдаж яваа нэгэндээ сэтгэлээ дэвсэж, ойлгож тусалдаг хүн өнөө цагт хэр олон бол. Далавч нь ургаж, үүрээ орхисон ч өндрөө авч чадалгүй унасан залуу бурхны оронд оджээ. Лам залж, зан үйл үйлдэж байхад нөгөөх ээж урьд өдрийг бодвол жаахан тайвширсан харагдлаа.
Гэтэл харийн шашныг хэт шүтсэн үр хүүхдүүд нь зовлонгоо дааж ядах эхийгээ тал талаас хэмлэж, оршуулах зан үйлийг өөрчлөх гэж зүтгэх юм. Хэн, юугаа шүтэх нь хүний эрх болсон өнөө цагт энэ сэдвийг хөндөх нь илүү юм шиг.
Гэсэн ч бид тэнгэртээ залбирч, эцэг эхээ шүтэж амьдардаг ард түмэн. Цөөхөн монголчууд бид харийн шашинд автах нь хэр зөв юм бол. Судалгаанаас үзэхэд, өсвөр насныхан, залуу үеийнхний итгэл үнэмшлийг “булаах” амархан байдаг учраас голдуу тэд л харийн шашинд татагддаг аж.
Орчин цагийн завгүй хэмнэлтэй хөл нийлүүлэн яваа аав, ээж нар хүүхдийнхээ боловсролд л анхаараад, сэтгэл зүрх, тархинд нь ямар мэдээлэл очиж, “наалдсаныг” тэр бүр анзаарахгүй байх шиг. Тиймээс та хүүгээ, охиноо юу шүтэж, биширдгийг нь анзаараад үзээрэй.