Дархан хот дахь Улсын тэргүүний V дугаар цэцэрлэгийн захиргаанаас эрхлэн хүүхдүүдийнхээ дунд “Номтой нөхөрлөх аян”-ыг эхлүүлэв. Аяны нээлтийг аймгийн Төв номын сантай хамтран зохион байгуулж эхний ээлжинд хүүхдүүдийн сонсож, зургийг нь үзэх дуртай 60 гаруй үлгэрийн номыг тавьж сонирхуулан заримаас нь уншиж сонсгосноос гадна аймгийн “Залуучууд” театрын дэргэдэх “Демина” хамтлагийн жүжигчид үлгэрийн баатруудыг амилуулсан жүжигчилсэн тоглолтоо сонирхуулав.
Мөн үеэр Төв номын сангийнхан Монголын уран зохиолоор хийсэн цахим номын сангаасаа дүрст болон дуу бичлэг, уран уншлагатай CD-ийг компьютерт тавьж сонирхуулсан нь хүүхдүүдийн сонирхолыг ихэд татжээ.