
Энхийн цагт эх орноо хамгаалахаар эр цэрэгт мордсон аавын хөвгүүд гэртээ эргэж ирсэнгүй. Хамгийн сүүлд 2019 оны есдүгээр сарын 18-нд Дорнод аймгийн Чойбалсан сумын “Өлзийт” гэдэг газар хадлан бэлтгэж байх явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөнөөс болж Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр чиргүүлтэй машин дээрээс унаж амь насаа алдсанаар 2019 он гараад цэрэг амиа алдсан тохиолдол тав дахиа бүртгэгдэв. Хэргүүдийг дахин сануулахад:
- Нэгдүгээр сарын 22-нд Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан,
- Хоёрдугаар сарын 2-нд Увс аймгийн Баруун туруун сумын Хилийн цэргийн ангид харуулын үүрэг гүйцэтгэж байсан цэрэг оргож, ОХУ-ын Бүгд Найрамдах Тувагаас нас барсан байдалтай олдсон,
- Гуравдугаар сарын 28-нд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, амиа алдсан,
- Тавдугаар сарын 26-нд Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А амиа алдсан.
- Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн байлдагч Б.Наранбаяр хадлан бэлтгэж яваад амиа алдсан.
Үүгээр ч зогсохгүй тавдугаар сарын 14-нд Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн цэрэг 18 настай залуу цэрэгт татагдаад 14 хоногийн дараа дунд чөмөг нь хугарч, хагалгаанд орж байсан удаатай. Тэрбээр мэдүүлэгтээ цэргийн албанд дарамт шахалт их байдаг хэмээн бичиж байжээ.
Энэ мэтчилэн үүргээ биелүүлэхээр цэргийн албанд мордсон залуусын зарим нь өнөөдөр эгнээндээ алга. Гэтэл Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод ямар ч хариуцлага тооцсонгүй. Үүгээр ч барахгүй тэрбээр өөрөө хариуцлагын талаар үг цухуйлгасан ч үгүй. Үрсээ алдсан эцэг, эх нь өчнөөн гомдол нэхдэг ч Монголын төр, салбарын сайд нь тоодоггүй. Батлан хамгаалах салбар нэг иймэрхүү л байна.

Ийм байхад олон ээж, аав одоо хэнд итгэж цэргийн албанд үрсээ мордуулах вэ. Энх цагт цэргүүд амиа алдаж байгаад хэн хариуцлага хүлээх, хэн анхаарах ёстой вэ. Чиг үүргээрээ Хууль зүй, дотоод хэргийн яам болон Батлан хамгаалахын сайд нарт аль алинд нь "хамааралтай". Гэвч тэд “чих”-гүй мэт явсаар л.
Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэж үг бий. Гэхдээ улсынхаа аюулгүй байдал, тусгаар тогтнол, өндөр хэмжээний нууцлалын зэрэглэлд үйл ажиллагаа, тушаал зааварыг биелүүлж байх ёстой цэрэг эрс нэг нэгээрээ амиа алдаж, эсвэл эрэмдэг болж, “групп”-ийнхний эгнээнд элсэж байна. Монголын зэвсэгт хүчний салбарт бодлого дутагдав уу эс бөгөөс боловсролтой боловсон хүчний хомсдол нүүрлэв үү?
Юун түрүүнд дөнгөж 18-19 насны босго алхаж яваа шижир залуус бодлогогүй, боловсролгүй дарга нарын хариуцлагагүй, хатуу дэглэлтийн үр уршгаар хохирч байна. Цэрэгт дэглэлт байлгүй л яахав, байсаар ч ирсэн. Бидний өвөө, аав, ах нар тэгэж л хүмүүжсэн. Ингэж л эр хүн болж төлөвшинө гэцгээдэг. Гэхдээ одоо үед дэглэлт гэдэг зүйлийг харгислалтай эндүүрч, зориг хүсэл дүүрэн залуусын нурууг нь “авч байна”. Эрүүл гэсэн тодорхойлолтоор албанд мордоод нас барахад нь суурь өвчтэй, сул дорой хэмээн бичиг ирүүлдэг нь дэндүү хүнлэг бус. Ганцхан километр газар гүйж чадахгүй бахардаж, зэмлэсэн харцны ая даахгүй оргож, өглөө болгоны дасгал хөдөлгөөнд шантарч зайлах хүмүүс даанч биш ээ, монголын залуус.
Хоёрдугаарт, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахин хамгаалдаггүй нь хэнд ч ил боллоо. Цэрэг ажил хийж болно. Гэхдээ ажил хийх явцдаа хөдөлмөрийн аюулгүйн байдал зөрчигдсөнөөс амь насаа алдах тохиолдол үргэлжилсээр байж таарахгүй.
Цэрэг бол хүн биш гэсэн ойлголтоосоо салж, ирээдүйд цэргийн форм өмсөж, мөрдэсөөр энгэрээ гоёж, эх орныхоо хилийг манахыг мөрөөддөг бяцхан үрсдээ аюулгүй, харгислалгүй тийм л нөхцөлийг бүрдүүлж өгөхийг салбарын яамд болоод ЗХЖШ-аас шаардаж байна.
Орчин үеийн залууст зориулсан шинэ систем цэргийн салбарт үгүйлэгдэж байгааг олж харж, “Ийм зүйл байж л байдаг” гэх хуучин нийгмийн дээрэлхүү дэглэмийн аргаа хална уу.