
Хаврын хавсарга дэгдэхэд хот, суурин газарт хог, цаас нисэн бууж эхэлдэг бол говьд элсэн давлагаа үүсэж, шороо зажлагдтал шуурдаг. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв салхинд нисэх хог, цаасгүй ч гудамжных нь мухар тохой, хашааны ирмэг, байшингийн доод буланд элс овоорон, 100 метрээс цааших юмс үл үзэгдэх шахам шаргал хуй эргэлдэж байдаг тийм л нутаг. Цагтаа Замын-Үүдийн төв талбай, галт тэрэгний зогсоол, тасалбар түгээгүүрийн орчимд олон хүн хөлхөж, жимс, хоол зарахаар үүргийн худалдаачид хашхирдаг байлаа. Зочид буудалд нь өрөө олдохгүй, олдсон ганц нэгийнх үнэ тэнгэрт хадаад, “Орвол ор, үгүй бол яв” гэж загнуулж байснаас хойш гурван жил өнгөрчээ. Тэгвэл өдгөө дээрх сум элс хуйларч, шороо боссон ажин түжин газар болж. Сурагчид, цагдаа, төмөр замын болон хот тохижилтын ажилчдын дүрэмт хувцастай хэдэн хүн нааш цааш холхихыг эс тооцвол ер хүнгүй мэт. Кофе шоп, ресторан гэсэн хаягтай, гурван давхар үйлчилгээний төвийн кофе шопоор өнгөрсөн баасан гарагт 11.00-13.30 цагт үйлчлүүлсэн ганц хүн нь би. Тус төвийн эзэн нь аяга кофе чанахын тулд дэлгүүрээс 10 литрийн савлагаатай цэвэр ус бас сүү авч орж ирж, кофены машинаа асаан, бэлэн болгоод авчирч өгтөл лав 40 минут хүлээв. Замын-Үүдийн ус хужиртай учраас иргэд нь савласныг худалдан авдаг хэвээрээ. Тус ресторан, кофе шопоор үйлчлүүлэх хүнгүй болж, орлого нь багассан учраас эзэн нь ганцаар ажиллан, шаардлагатай үед хамаатныхаа бүсгүйгээр туслуулж буйгаа хэллээ. Тэрбээр “Замын-Үүдэд 20 жилийн өмнө ирсэн. Янз бүрийн ажил хийж зүтгэсээр үйлчилгээний ийм төвтэй болсон. Гурван танхимдаа нийт 300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Гэтэл цар тахал дэгдэн, Эрээний боомтын үйл ажиллагааг зогсоосноос хойш үйлчлүүлэгчгүй боллоо. Явуулын хүмүүс орж ирдэггүй юм гэхэд эндхийнхэн ч мөнгө муутайгаас үйлчлүүлэхээ байсан. Төмөр замын ажилчид, төрийн албан хаагчдын цалин буусан өдөр л ганц хоёр хүн ирж хоол иддэг. Манайх банкны зээлтэй, оюутны сургалтын төлбөр төлдөг, бас ийм том барилгын урсгал зардал бага биш, цаашид хэрхэн амьдрах талаар мэдэх юм алга” хэмээн халаглав.

Ерөнхий боловсролын сургуулийн гадна 12-13 настай болов уу гэмээр хэдэн хүү цуглан, мөнгөө нийлүүлж, тооцоо бодож зогсов. “Надад 200 төгрөг зээлэх хүн байна уу” гэж нэг нь асуухад, нөгөөх нь “350 төгрөгтэй бол баяжлаа” хэмээн халаас, цүнхээ уудлан, таван зуут, зуутын дэвсгэртүүд тэнийлгэн, эмхлэх аж. Тэд сургуулийнхаа хажуу талд байрлалтай цайны газраас мантуун бууз, пирожки авч идэхээр хувь нийлүүлж буй нь энэ. Хөвгүүдийг дагаж цайны газар луу орлоо. Тус бүр дөрвөн сандал бүхий таван ширээтэй, өнгө үзэмж муутай жижиг газар юм. Ширхгийн хоол хийж борлуулдаг бөгөөд бүгд 1000 төгрөгийн үнэтэй гэнэ. 7-8 сурагч тус бүр 1-2 пирожки худалдан авсныг эс тооцвол, тэнд мөн л үйлчлүүлэгч алга. Цайны газрын эзэн нь “Замын-Үүдийнхэн гэртээ хоол хийж иддэггүй байсан гэхэд болно. Бараг айл бүрээс нэг хүн тээвэрт явж, Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд ачаа зөөнө. Гэрийн эзэгтэй нар ч ямар нэгэн юм зарна, үйлчилгээ эрхэлнэ. Бүгд завгүй учраас цайны газар, рестораны хоол л идэж байв. Тансаглая гэвэл Эрээн орно. Гэтэл цар тахал дэгдсэнээс хойш хөл хөдөлгөөн зогсон, иргэд ч мөнгөгүй болсон. Өдгөө манайхаас сурагчид л голдуу ширхгийн хоол авч, орлого оруулж байна” гэж ярьсан юм.
Сумын төв талбайд таксины үйлчилгээ үзүүлэхээр зогссон автомашин олон. Гурван эгнээ үүсгэн, дараалж зогсоод үйлчлүүлэгчдээ ээлжлэн суулгадаг аж. Төв талбайгаас сум дотор хаашаа ч явсан 1500 төгрөг. Гэхдээ такси хөлөглөөд явах хүн цөөн учраас өдөржин зогсоод орлогогүй байх нь бий гэсэн. Таксины үйлчилгээ эрхлэгч Г.Атарбаян “Манай сум бусад сум, аймгийн төвийнхнөөс хамгийн удаан хугацаанд цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын журамд байгаа. Өдгөө ч (өнгөрсөн долоо хоногт) үйлчилгээний төв, дэлгүүрүүд 22.00 цагт хаадаг. Ийн хязгаарлахын зэрэгцээ Эрээн рүү орж, гарч чадахгүй болсноор сумын иргэдийн орлого тасалдсан хэрэг. Өмнө нь би өдөрт дунджаар 40 000 төгрөг олж байсан бол одоо өдөржин зогсоод орлогогүй байх боллоо. Эхнэр минь цэцэрлэгт ажилладаг тулдаа л манайх болж байна. Сумын төвд албан байгууллага цөөн, ажиллах хүн хязгаартай. Манайхаас дор амьдралтай айлууд маш олон болсон. Хятадын хил нээгдэж, зорчигчид ирэхийг л хүлээсэн хүмүүс л байна” гэв.

Манай улсын дийлэнх сумд дунджаар 3000 хүн амьдардаг бөгөөд малынх нь тоо 200 000 орчим. Сумын төвүүдэд үйлдвэр байхгүй ч иргэдийн олонх нь малынхнаа ашиг шимээр амьдраад болоод байдаг. Гэтэл Замын-Үүд дунджаас долоо дахин их буюу 20 000 орчим хүн амтай ч 40 000 гаруй малтай. Мөн л үйлдвэр байхгүй, харин үйлчилгээний төв, цайны газар, зочид буудал олон. Гэтэл хил хаагдан, зорчигчдийн хөл татарснаар зоогийн газар, зочид буудал олон байгаад орлого алга. Халуун усанд орсон ч, амттай хоол идсэн ч, дэлгүүр хэссэн ч Эрээн рүү гараад давхичихдаг байсан Замын-Үүдийнхэн өдгөө сумын төвийнхөө ресторан, цайны газар, таксигаар үйлчлүүлэх ч мөнгөгүй болжээ. Энэ нь иргэдийнх нь 70 орчим хувь том оврын автомашины тээврийн орлогоос амьдралаа залгуулж байсантай холбоотой аж. Энэ талаар Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр “Манай сумд ямар ч үйлдвэр байхгүй. Иргэд хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ урд хөршөөс, эсвэл Улаанбаатараас худалдан авч хэвшсэн. Сумын иргэд гол орлогоо том оврын ачааны автомашин, жижиг, дунд үйлчилгээний байгууллагаас олж байлаа. Орлогын ийм эх үүсвэрүүд бараг бүтэн хоёр жил хаагдана гэж хэн санах билээ. Цаашид Эрээнтэй хил залгаа давуу талаа ашиглан үйлдвэр барилгүй горьгүй нь. Ядаж л цэвэр усаа өөрсдөө үйлдвэрлэх сэн. Үүний тулд хөрөнгө санхүүжилт хэрэгтэй. Бид гаалийн татварт жил бүр 800-900, аймгийн төсөвт 7.3 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Үүнээс ядаж таван хувийг нь сумдаа зарцуулмаар байна. Ингэж чадвал жилд 40 тэрбум төгрөгийн орлоготой ажиллана. Энэ талаараа Шадар сайд ирэхэд уламжилсан, судалъя гэсэн. Хамгийн гол нь сумын бус, боомт хотын статустай болбол төсвөө захиран зарцуулах эрх үүснэ. Замын- Үүдэд иргэд шилжин ирэхдээ дуртай, орлого олох ч боломжтой байлаа. Гэтэл цар тахлаас хойш 100 орчим өрх нүүсэн. Энэ байдлаараа хил хаалттай байвал хүмүүс амьдрахад улам хэцүү болох нь” гэв.

Замын-Үүдийг боомт хотын статустай, эсвэл чөлөөт бүс болгоно гэж сүүлийн 20 жил ярьж буй. Гэтэл бодит байдал дээр өсөж дэвжсэн зүйл алга. Өдгөө олны хөл хөдөлгөөнөөс орлого олохыг хичээсэн 20 000 орчим хүний амьдрал улам л хөөрхий болжээ. Эрхбиш төрийн албан хаагчид нь ажилтай, бусад нь тэднийхээ цалин буух өдрийг хүлээсэн маягтай. Уг нь улсын дунджаас дулаан уур амьсгалтай, говь нутаг. Ус ховор ч хүлэмжийн аж ахуй эрхлэх таатай бүсэд тооцогддог. Гэтэл хүлэмж эрхлэх байтугай мод, ногоо тарьсан айл бараг байдаггүй аж. Учир нь элсэрхэг хөрстэй, хур тунадас багатай гэсэн шалтагтай. Уг нь Замын- Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэх зорилгоор энэ жил 77 аж ахуйн нэгж өөрсдийн авсан 110 га газартаа бүтээн байгуулалт эхлүүлж, татваргүй бараа үйлдвэрлэн дотооддоо нийлүүлэх төдийгүй БНХАУ руу экспортолж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, өндөр технологи нутагшуулсан, олон улсын хэмжээний боомт байгуулахаар төлөвлөсөн гэдэг.