Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Бат-Эрдэнэ: 23 иргэнийг харласан, БНСУ-ын зүгээс эрэн сурвалжилж байгаа мэтээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

Жэжүд аялахаар очсон монгол иргэд "харласан" гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Энэ мэдээлэл нь үнэн, эсэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дараах тайлбар мэдээлллийг өглөө. Тэрбээр, "Аялал жуулчлалын маршрутаар зургаадугаар сарын 22-ны өдөр Жэжү хотод очсон 23 иргэнтэй холбоотой асуудал. Хууль ёсны хугацаа нь 30 хоног тул долдугаар сарын 21-ний өдөр хүртэл ямар нэгэн хайх үйл ажиллагаа явагдахгүй, аливаа гэмт хэрэгт холбогдоогүй эсвэл тодорхой завиар аялж явж байгаад осолд өртөөгүй бол ямар ч асуудал байхгүй. БНСУ ялгаа байхгүй шар мэдээллийн сайтуудтай. Тэр шар сайтуудад гарсан мэдээллийг орчуулж, олон нийтэд мэдээлж байгаа нь харамсалтай. 

Жишээ нь , Өнөөдөр 30 хоногийн визтэй орж ирсэн БНСУ-ын иргэн Монгол Улсад ирээд аяллын тав хоногтоо маршрутаараа яваад хүсвэл үлдсэн 25 хоногтоо тодорхой хэмжээний аяллыг өөрөө хийх боломжтой. Яг үүнтэй адил үйл явдал болов уу гэж бодож байна.

Мөн долдугаар сарын 9, 14-ний өдөр дараагийн онгоцнууд ирэх хуваарь гарсан. Аливаа гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор хэлж байна. Тиймээс долоодугаар сарын 21-ний өдрийг хүртэл тухайн хүмүүсийг хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэх мэдэгдэл хийх нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.

Жэжү арал нь эх газраас тусгаарлагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Эх газар руу визтэй иргэд нэвтрэх боломжтой. БНСУ-ын шалган нэвтрүүлэх буюу цагаачлалын алба маш хатуу үйл ажиллагаатай, хариуцлагатай ажилладаг байгууллага юм. Иймд тухайн 23 иргэнийг харласан, БНСУ-ын зүгээс эрэн сурвалжилж байгаа мэтээр худал мэдээлэл түгээхгүй байхыг хүсье" гэж хэлэв.