Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шивээт хайрхны хадны зургаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутагт орших Шивээт хайрхан нь хадны зургуудаар баялаг, хүн чулуун, буган хөшөө зэрэг дурсгалыг хадгалдаг онцлогтой. Ялангуяа төв Азийн хадны зургийн урлагийн томоохон төвүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Шивээт хайрхан нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Алтайн хадны зургийн цогцолбор дурсгалт газарт хамаардаг билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд жуулчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн өвд бүртгэсэн дурсгал сүйдэх эрсдэлд учирчээ. Тухайлбал, хадны зурагт хүмүүс нэрээ бичих, сараачих гэх мэт асуудал цөөнгүй гардаг байна. Тиймээс Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааныхан Шивээт хайрхны дурсгалт газарт судалгаа хийж, хамгаалах арга хэмжээ авч буй юм байна. Үүний хүрээнд дэлхийн өвийн багана, мэдээллийн самбар, анхааруулах тэмдэг зэргийг байршуулжээ. Мөн уг газрын орчны хамгаалалтын бүс болон Шивээт хайрхан уулын зүүн бэлийн хавтгай хаданд машин нэвтрүүлэхийг хориглосон хаалт гаргасан гэнэ. Түүнчлэн соёлын өвүүдийг баримтжуулан үлдээх зорилгоор хадны 50 гаруй зургийг гэрэл зурагт буулган, гар хуулгыг хийж, зарим дурсгалын солбицлыг тогтоожээ. Мөн дурсгалт газрын экологийн өнөөгийн байдал, ан амьтан, шувуу гэх зэрэг байгалийн өвийг бүртгэн, баримтжуулах судалгаагаа үргэлжлүүлж байгаа аж. Цаашид уг газрыг хамгаалах, дурсгалуудын үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор хадны зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн гэнэ.