Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

NBA-ийн одууд яаж амарч байна вэ

ЛЕБРОН ЖЭЙМС

Лос-Анжелест болдог мэргэжлийн болон сонирхогч тамирчдын оролцдог “Drew” лигт Леброн сүүлийн 10 жилд анх удаа тоглосон нь түүний зуны амралтын онцлох үйл явдал байлаа. Тэрбээр NBA-ийн өөр нэг од, “Чикаго буллз”-ын Д.Дерозаны хамт “MMV cheaters” багт тоглохдоо 42 оноо, 16 самбараас бөмбөг авалт бүртгүүлжээ. Леброны энэ зуны амралт спорт сонирхогчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Тэрбээр хүү Бронни, Брайс нарын хамтаар “Лейкерс”-ийн бэлтгэлийн төвд байнга зочилж байгаа аж. Түүний том хүү Бронни “Sierra Canyon” дунд сургуулийг ирэх жил төгсөх бол Брайс 11 дүгээр ангид орно. Хүү Броннигийн хамт NBA-д тоглох хүсэлтэй гэдгээ Леброн илэрхийлж байсан юм. “Лигийн сүүлийн улиралд хүүтэйгээ хамт тоглоно. Бронни хаана очно, би тэнд байна. Хүүтэйгээ нэг улирал тоглохын төлөө би чадах бүхнээ хийнэ. Тэр үед надад мөнгө чухал биш байх болно” хэмээн Леброн өнгөрсөн хоёрдугаар сард “Athletic”-т өгсөн ярилцлагадаа дурдсан билээ.

МАЙЛЗ ТӨРНЕР

“Индиана”-гийн төвийн тоглогчийн нэгэн өвөрмөц хобби саяхан ил болов. Тэрбээр “Оддын дайн” киноны Дарт Вадерын дүртэй, 2.11 см-ийн өндөртэй (М.Төрнерийн өндөр) лего тоглоомыг угсарсан байна. Уг тоглоомыг бүтээхэд 100 мянган лего дүрс оржээ.

СТЕФЕН КӨРРИ

Энэ жилийн финалын “Үнэ цэнэтэй тоглогч” өнгөрсөн сард ESPYS шагнал гардуулах арга хэмжээг хөтөлж, олны анхааралд өртсөн. Тэрбээр уг шоуг хөтөлсөн түүхэн дэх ес дэх тамирчин юм. Сонирхолтой нь шоуны хөтлөгчийн эрх мэдлээ С.Көрри “хэтрүүлэн” ашиглаж, Леброныг “шоолоод” амжсан билээ.

ЯННИС АНТЕТОКУНМПО

Түүний гэр бүлийн түүхийг хүүрнэсэн “Rise” кино зургадугаар сарын 24-нд “Disney+” сувгаар нээлтээ хийсэн. Тус киноны нээлтэд ах дүү Фрэнсис, Танасис, Костас, Яннис нар гэр бүлийн хамт оролцжээ.

ЖЭЙЛЕН БРАУН

“Бостон”-ы гол тоглогчийн энэ зуны бэлтгэл олон хүний амыг ангайлгасан. Усан дотор түүний хийж буй хүчний, үсрэлтийн, сунгалтын дасгалууд нь хэт экстрем байсныг спорт сонирхогчид онцолж байлаа.

КЕВИН ЛАВ

Нэгэн цагт “их гурвал”-ын нэг явсан, “Кливлэнд”-ийн довтлогч К.Лав зургадугаар сард Канадын загвар өмсөгч Кэйт Боктой гэрлэв. Хуримын ёслолд нь багийн одоогийн болон хуучны андууд нь оролцсон байна.

Бэлтгэсэн Н.Энх