Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Премьер лигийн анхны улирлыг эргэн дурсъя

Премьер лигийн анхны гоол

1992 оны наймдугаар сарын 15-нд буюу 30 жилийн өмнө Английн хөлбөмбөгийн Нэгдүгээр дивизион дүр төрхөө өөрчилж, Премьер лиг хэмээн нэрлэгдэх болсон билээ. Тухайн үед үзэгчдийн сонирхлыг төдий л татдаггүй байсан Нэгдүгээр дивизион ийн шинэчлэгдсэнээр дэлхийн хамгийн сонирхолтой, үзүүштэй хөлбөмбөгийн лиг бий болох эхлэл тавигдсан юм. Хэвлэлийн магнат Р.Мэрдокийн эзэмшдэг “Sky sports” суваг лигийн тоглолтыг телевизээр дамжуулах эрхийг 304 сая фунт стерлингээр худалдаж авсан наймаа нь эл өөрчлөлтийн шалтгаан байлаа. 

Бүтцийн хувьд Премьер лиг нь Нэгдүгээр дивизионоос ялгагдахааргүй байв. Багийн тоо (22), лигээс хасагдах болон Европын тэмцээнд оролцох багуудыг тодорхойлох дүрэм хэвээр үлдсэн. Гагцхүү “хавтас” нь өөр байлаа. Багууд, хөлбөмбөгчдөд хэрхэн телевизийн бүтээгдэхүүн хийх аргыг “Sky sports” суваг зааж өгч, тэднийг цоо шинэ “тансаг” ертөнцөд урив. 

“Сурталчилгаанд тоглох, долоо хоног бүр ярилцлага өгөх хүсэлтийг телевизийнхэн тавьж намайг багагүй айлгасан шүү. Премьер лигийг өөрчлөгдөх үед тоглож байсан нь миний хувьд завшаантай хэрэг болсон. Үнэхээр онцгой үе” хэмээн “Тоттенхэм” багийн шинэ тоглогч Даррен Андертон дурсжээ. 

Шинэ лигийн уриа нь “The whole new ball game” буюу “Цоо шинэ бөмбөгтэй спорт” байсан агаад 22 багийн төлөөлөл болсон тоглогчид “Simple minds-Alive&kicking” нэртэй сурталчилгаанд нь тоглож байв. 

Телевизээс гэнэт их мөнгө орж ирсэн, лиг ихээхэн өөрчлөгдсөн нь багуудыг үнэтэй наймаа хийхэд, хуучин оддыг эргэж ирэхэд нөлөөлөв. Тухайлбал, Крис Уодл Францаас “Шеффилд уэнсдэй” багт нэг сая фунтээр ирж, улмаар эхний улирлын шилдэг тоглогч болов. Түүнчлэн “Ливерпуль” хаалгач Д.Жэймсийг “Уотфорд”-оос авсан бол “Арсенал”-ын домог Д.Рокаслийг “Лидс” хоёр сая фунтээр эгнээндээ элсүүлэв. Харин зах зээлийг доргиож, Британийн хөлбөмбөгийн дээд амжилтыг тогтоосон тоглогч нь А.Ширер боллоо. Түүнийг “Блэкберн” баг “Саутхэмптон”-оос 3.6 сая фунт төлж авсан. Тухайн үед түүнийг Премьер лигийн түүхэн дэх мэргэн бууч (260 гоол) болно гэж хэн ч төсөөлөөгүй нь лавтай. 

Шинэ лигийн бүх багийн дасгалжуулагч нь британи эрхмүүд байв. Түүнчлэн багуудын өмсгөл дээр ихэвчлэн дотоодын компаниуд “заларч” байсан. Гэхдээ “Манчестер юнайтед”, “Арсенал”, “Ливерпуль” зэрэг цөөхөн баг “Sharp”, JVC, “Carlsberg” гэсэн гадаад ивээн тэтгэгчийг сурталчилж байлаа. Премьер лиг хараахан дэлхийн брэнд болоогүй учир легионер тоглогч ч цөөн байв. Тус лигийн эхний улирлын эхний тойрогт ердөө 13 гадаад тоглогч талбайд гарсан нь Эрик Кантона (Франц, “Лидс”), Петер Шмейхель (Дани, “Манчестер юнайтед”), Андрей Канчельскис (ОХУ, “Манчестер юнайтед”), Андерс Лимпар (Швед, “Арсенал”), Йон Йенсен (Дани, “Арсенал”), Мишель Вонк (Нидерланд, “Манчестер сити”), Гуннар Халле (Норвег, “Олдхэм”), Крэйг Форрест (Канад, “Ипсвич”), Роланд Нильссон (Швед, “Шеффилд уэнсдей”), Ханс Сежерс (Нидерланд, “Ипсвич”), Ян Стейскал (КПР, Чехословак), Роберт Важиха (Польш, “Эвертон”), Ронни Розенталь (Израил, “Ливерпуль”) нар билээ. 

Премьер лигийн эхний улиралд нийт тоглогчийн 15.6 хувь нь гадаад байсан. Тэд 52 улсыг төлөөлж байв. Дээрх жагсаалтад багтсан тоглогчдоос ганцхан П.Шмейхель улирлын бүх буюу 42 тоглолтод оролцсон бол Э.Кантона 15 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад дээгүүр бичигдсэн юм. Тэрбээр арваннэгдүгээр сард “Манчестер юнайтед” багт ирсэн агаад улирлын эцэст аварга болоод зогсохгүй хамгийн олон гоолын дамжуулалт (16) өгсөн тоглогч болжээ. Харьцуулаад үзвэл энэ улиралд лигийн нийт тоглогчийн 57.7 хувь нь гадаад байна. 

Шинэ лигийн эхний тойргийн нэг дэх өдөр есөн тоглолт болсон агаад түүхэнд үлдсэн анхны гоолыг “Шеффилд”-ийн довтлогч Б.Дин ердөө тав дахь минутад “Манчестер юнайтед”-ын хаалганд оруулсан юм. Тэд уг тоглолтод ирээдүйн аваргуудыг 2:1-ийн харьцаатай буулгаж авсан билээ. 
Анхны улирлын тухай сонирхолтой баримтууд 

•Нэгдүгээр дивизионы сүүлийн улирлын аварга “Лидс” баг дөнгөж 17 дугаар байрт орсон. 

• “Ливерпуль” энэ улиралд 55 гоол хаалгандаа алдсан нь 1964, 1965 оны улирлаас хойших хамгийн муу үзүүлэлт нь болов. 

• Багууд сэлгээний гурван тоглогчтой байх, ердөө хоёр сэлгээ хийх эрхтэй байсан. 

• Солилцоо наймааны цонх гэж байсангүй. Гуравдугаар сарын 31 хүртэл наймаа хийх эрхтэй байсан нь 2002 он хүртэл үргэлжилжээ. 

• Улирлыг тааруу эхлүүлсэн “Манчестер юнайтед” нийт 84 оноо авч, анхны аваргаар тодорсон. Ийнхүү лигийн түүхэн дэх хамгийн супер династи төрсөн билээ. 

• Аваргын төлөөх өрсөлдөөнд “Норвич” дээгүүр байр эзэлсэн нь улирлын онцлох үйл явдлын нэг байв. Тэд мөн улирлын UEFA-ийн цомын финалд Германы “Байерн” багийг ялсан нь тус багийн түүхэн дэх онцгой амжилтын нэг юм. 

• “Арсенал” лигтээ дөнгөж 10 дугаар байр эзэлсэн ч Английн цом, Лигийн цомд түрүүлснээр цомтой багуудын цомын тэмцээнд оролцох эрхтэй болсон. 

Бэлтгэсэн Н.Энх