Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үндэсний номын баярын товыг гаргажээ

“Номын соёлт ертөнц” ТББ-аас Үндэсний номын баярыг 32 дахь удаагаа зохион байгуулахаар товоо гаргажээ. Эл баяр ирэх сарын 16-18-нд Д.Сүхбаатарын талбайд болох юм. Гурван өдөр үргэлжлэх уг баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, хүүхэд, залуусын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэх зорилготой. Уламжлал болсон уг арга хэмжээнд ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог. Түүнчлэн номын соёлтой холбоотой олон талт үйл ажиллагааг олны хүртээл болгож, тэр дундаа хүүхдүүдэд зориулсан сонирхолтой хөтөлбөр зохион байгуулдаг юм. Тухайлбал, номын санд хандив өргөсөн, хөрөнгө оруулсан хувь хүн, албан байгууллагыг урамшуулахаас гадна шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгуулах нь. Мөн урлагийн тоглолт, зохиолын баатрын дүр бүтээх жагсаал, флашмоб, тэргүүний уншигч хүүхдүүдийн шилдэг бүтээл, номын тэмдэглэл, уран бичлэгийн үзэсгэлэн дэлгэдэг. Номын баяраар зохиолч, орчуулагч, судлаач, ном эрхлэн гаргагч газруудын бүтээлүүдийг хямдралтайгаас гадна зохиолчийн гарын үсэгтэйгээр худалдан авах боломжтой.

Бэлтгэсэн А.Тайшир