Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгаль хамгаалах байгууллагуудад буцалтгүй тусламжаар 19 автомашин өглөө

2022-08-19

Монгол, Германы Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Сэргээн босголт, зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс манай улсын байгаль орчны байгууллагуудад 665.6 мянган еврогийн үнэ бүхий 19 автомашиныг буцалтгүй тусламжаар өглөө. Тодруулбал, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн БОАЖГ, Хар нуур-Ховд гол, Үенч, Бодонч, Булган голын сав газар болон улсын тусгай хамгаалалттай газрын 12 захиргааг “Ланд крузер” маркийн, туулах чадвар автомашинаар хангажээ.

Уг төсөл нь тусгай хамгаалалттай газар болон орчны бүс, экологийн холбоос нутгуудад тогтвортой, үр дүнтэй менежмент нэвтрүүлэх замаар биологийн олон янз байдлыг хамгаалах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих зорилготой аж. Төслийн нийт санхүүжилт 32.2 сая евро бөгөөд үүний 27.5 саяыг нь Германы Засгийн газар буцалтгүй тусламж дэмжлэг хэлбэрээр олгохоор, үлдсэнийг нь Монголын тал шийдвэрлэхээр тохиролцжээ. Аймгийн БОАЖГ, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаадад автомашин хүлээлгэж өгөх арга хэмжээнд ХБНГУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Йорн Розенберг болон Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгчид оролцов.