Гэрийн тэжээвэр амьтдыг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Азтай савар” төрийн бус байгууллагынхан “Үрчлэх өдөр” арга хэмжээ зохион байгуулах гэж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл “Топ моторс” компанийн талбайд өнгөрсөн бямба гарагт болсон эл үйл ажиллагаанд нийслэлчүүд идэвхтэй оролцож, 20 гаруй муур, нохойг үрчлэн авчээ. Тус төрийн бус байгууллага сайн дурын 60 гаруй гишүүнтэй. Мөн үйл ажиллагааг нь дэмждэг, хандив, тусламж үзүүлдэг, эзэнгүй, бэртэж гэмтсэн амьтдыг аварч, асардаг олон хүн “Азтай савар”-ынхантай хамтран ажилладаг. Тэдний төлөөлөл болсон хүмүүс энэ өдөрлөгт оролцож, өөрсдийн аварсан, түр хугацаанд асран хамгаалж байсан муур, нохойнуудыг амьтан тэжээх хүсэлтэй хүмүүст үрчлүүлсэн байна. Ингэхдээ гэрээ байгуулж, асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг баталгаажуулжээ. Сайн дурын залуус энэ үеэр амьтан тэжээх сургалт явуулж, иргэдэд шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгчээ
Бэлтгэсэн Н.Буян