Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аянд нэгдээрэй

Галлагааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх болон Мэргэжлийн хяналтын газар, “Тавантолгой түлш” ХХК, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн “Бохирдлыг бууруулах замаар эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг сайжруулах нь” төслийнхөн хамтран 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангаж байна. Үүний хүрээнд нийслэлийн Засаг даргын А/1025 дугаар захирамж, БОАЖ-ын сайдын баталсан удирдамжийн дагуу “Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” аяныг ирэх сарын 2 хүртэл өрнүүлж байна.

Хавар, намрын улиралд гэр, байшингийн гадаад, дотоод орчны температурын зөрүү багасаж, яндангийн таталт муудан, угаарын хий гарах эрсдэл үүсдэг. Иймд иргэд яндангаа хөөлж, гэр, байшингаа дулаалан, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг ханган, зайг нь сольж дадах шаардлагатайг албаныхан анхаарууллаа. Түүнчлэн яндангийн сойлтыг хаахгүй байх, пийшин, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, хайртай дотнын хүмүүсээ угаарын хийн эрсдэлээс сэргийлэхийг зөвлөв.