Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн телевизүүд Өргөн нэвтрүүлгийн хуулийн заалтуудыг мөрдөж байгаа, эсэхийг тогтмол үнэлдэг. Тус байгууллагын хийсэн мониторингоор энэ оны эхний найман сард олонх телевиз сурталчилгааны цагаа хэтрүүлсэн зөрчил илэрчээ. Дээрх хорооноос 2020 онд баталсан Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмын 3.2-т “Өргөн нэвтрүүлгийн болон арилжааны телевизийн нэг цаг тутамд нэвтрүүлэх зар сурталчилгааны хугацаа 15 минутаас илүүгүй байна” гэж заажээ. Мөн 3.3-т нь “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны нэг блокийн (нэг удаагийн) үргэлжлэх хугацаа таван минутаас илүүгүй байна” гэж тусгасан байна. Эдгээр заалтыг TV5, TM, SBN, NTV, UBS, “Star” зэрэг телевиз олон удаа зөрчсөн гэнэ.