Өнгөрсөн амралтын өдрөөр болсон Индонезийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “Арема”, “Персебая” багийн тоглолт (2:3) эмгэнэлтэйгээр өндөрлөлөө. Тоглолтын үр дүнд уурссан “Арема” багийн хөгжөөн дэмжигчид талбайд орж, эмх замбараагүй байдал үүсгэсэн агаад үүнийх нь хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласнаар цэнгэлдэх хүрээлэнд хөл, толгойгүй юм болжээ. Улмаар 174 хүн нас барж, 180 хүн гэмтэж бэртсэн юм.
Уг эмгэнэлт явдалтай холбоотой зарим мэдээлэл ил болсоор байна. Зарим мэдээллийг хүргэе.
- Ихэнх хүний амьсгаа боогдож, мөн цэнгэлдэхээс гарахаар оролдож байхдаа бусдын хөлд дарагдан нас баржээ. Нас барагсдын дунд таван настай хүүхэд, цагдаагийн ажилтан байсан.
- Хууль сахиулагчид нулимс асгаруулагч ашиглах төлөвлөгөөгүй байсан ч фанатууд цагдаа нар луу дайрч, машиныг нь шатаан, байдал хяналтаас гарсан. Тиймээс хий ашиглахаас өөр аргагүй болсон гэж Баруун Явагийн Цагдаагийн газрын дарга мэдээлжээ.
- Нийт 38 мянган хүний багтаамжтай цэнгэлдэхэд 42 мянган үзэгч орж, тоглолт үзсэн.
- Индонезийн хөлбөмбөгийн лиг нэг долоо хоног завсарлана. Уг явдлын учир шалтгааныг олж тогтоох хүртэл лигийн тоглолтуудыг явуулахгүй байхыг Ерөнхийлөгч Ж.Видодо уриалаад байна. “Арема” багийг улирал дуустал тоглуулахгүй бөгөөд цаашид илүү хүнд шийтгэл ногдуулж магадгүй гэнэ.
- Тус улсад ирэх жил 20 хүртэлх насныхны хөлбөмбөгийн ДАШТ болох ёстой. Тиймээс аюулгүй байдалд Индонезийн засаг захиргаа илүү анхаарах шаардлагатай болов.
- Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ж.Инфантино “Хөлбөмбөгтэй холбоотой бүх хүний хувьд хар өдөр. Ийм явдал яагаад болсныг ойлгох боломж алга” гэж өгүүлжээ.
Хөлбөмбөгийн спортын түүхэнд ийм олон хүн амь үрэгдсэн харамсалтай явдал хамгийн сүүлд 1958 онд болж байлаа. Тодруулбал, 1964 онд Лима хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон Перу, Аргентины багийн тоглолтын дараа цагдаа нар мөн нулимс асгаруулагч хэрэглэснээс 318 хүн нас барж, 500 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Мөн 2001 онд Гана улсын “Аккра спорт” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хэрэглэсний улмаас эмх замбараагүй байдал үүсэж, 123 хүн нас барсан. Хөлбөмбөг сонирхогчдын сайн мэдэх “Хиллсборо”-гийн эмгэнэлт явдлын үеэр (“Ноттингес форрест”, “Ливерпуль” баг тоглосон) үзэгчдийн суудал нурсны улмаас 96 хүн нас барж, 766 хүн гэмтсэн билээ.
Бэлтгэсэн Н.Энх