Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун урд зүгт 445 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т/ энэ сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчимд Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг албаныхан өчигдөр 12:05 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар тус ангийн “Гурван хүүхэд” хилийн заставын харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.