Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарсандаа сэтгэл дундуур буй британичуудын тоо нэмэгдсээр байна. 2016 онд брекситийн төлөө санал өгсөн хүмүүсийн ердөө 34 хувь нь энэ санаачилгыг амжилттай болсон гэж үзэж байгаа бол 41 хувь нь байдал зургаан жилийн өмнө төсөөлж байснаас ч дор буйг хүлээн зөвшөөрчээ. Худалдааны хэлэлцээрийн хоёр жилийн ойг тохиолдуулан “Times” сонины захиалгаар “You-Gov”-ын явуулсан судалгааны дүн ингэж гарчээ. Нийгэм, эдийн засгийн хямрал, эрх баригч Консерватив намын нэр хүнд үргэлжлэн буурч байгаа . Ерөнхий сайд Риши Сунак шинэ онд энэ асуудлаар нухацтай ажиллах хэрэгтэй болж байна. Гэхдээ Брюссельтэй хэдийн гэрээ байгуулсан тул байдлыг үндсээр нь өөрчлөх ямар лхам хийх бараг боломжгүй.
Хоёр жилийн өмнө Лондон, Брюсселийн хооронд урт удаан, хүнд хэцүү хэлэлцээ хийсний эцэст брекситийн дараах худалдаа, хамтын ажиллагааны хэлэлцээрт хүрсэн юм. Британийн талаас баримт бичигт гарын үсэг зурсан Ерөнхий сайд асан Борис Жонсон энэ хэлэлцээрийг улсынхаа хувьд томоохон ялалт гэж харуулахыг хичээсэн. Гэвч өдгөө түүний оронд ажиллаж буй Риши Сунакт шийдвэрлэх шаардлагатай томоохон бэрхшээлүүд тулгарч байна.
Судалгаанд оролцогчдын бараг дөрөвний нэг буюу 23 хувь нь Европын бусад орноос Британи тусгаарлагдсан нь тус улсын дэлхийд эзлэх байр суурь, 34 хувь нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн, 41 хувь нь хууль бус шилжилт хөдөлгөөнийг ихэсгэсэн гэж үзжээ. “Times” сонинд тэмдэглэснээр өмнө нь гарахыг дэмжсэн ч одоо Европтой нягт харилцаатай байх, тэр дундаа Европын Холбооны нэгдсэн зах зээлд эргэн орохын төлөө санал өгмөөр байгаа хүмүүсийн тоо нэмэгдсэн аж. Гэхдээ ердөө 47 хувь нь бүх нийтийн санал асуулгын дүнг эргэн харж, Европын Холбоонд буцаж орохыг хүсэж байна. Өдгөө Британийн сонгогчдын 69 хувь нь Риши Сунакийн Сайд нарын танхимын ажилд сэтгэл дундуур, ердөө 13 хувь нь сэтгэл хангалуун байгааг судалгаа харуулжээ.