Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд болон тус аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонболд, кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дахин Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 224 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор авлига, албан тушаалын таван хэрэг багтжээ. Тэдний нэг нь дээрх албан тушаалтнуудын хэрэг юм. Энэ хүмүүст холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн 2021 оноос хойш мөрдөн шалгаж, прокурорууд 2-3 удаа яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг ч дээрх шүүхийнхэн үл ялих шалтгаанаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасаар өдий хүрч буй юм. Засаг дарга Ч.Чимэд өөрийнхөө зөвлөх, нэг намын болон төрөл садны хамаарал бүхий хүмүүст давуу байдал олгож, хууль зөрчин, худалдаа үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар газар олгосон хэрэгт холбогдсон билээ. Тодруулбал, аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгаагүй хэсэгт “Тэмүүлэл-Увс” ХХК-д эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар 200, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар “Улааншүрэн чандмань” ХХК-д 4800, иргэн Д.Нандинцэцэгт 1000, барилга, байгууламжид зориулж Б.Мягмардорж, Б.Батгэрэл нарт тус бүр 1500, авто засварын газар нэрээр П.Ариунзаяад 48, зочид буудлын зориулалтаар “Супрема бүтик лоджэс” ХХК-д 2000 ам метр газар олгосон хэрэгт яллагдагчаар татагдсан юм.
Г.ОРЧЛОН