Засгийн газрын хийгээд түүний гишүүдийн мэдлийн олон суудал онгорхой байна. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, УБЕГын дарга Л.Мөнхбаатар, Автотээврийн газрын дарга Б.Цэнгэл, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дэд дарга А.Мөнхбат, ГЕГ-ын дэд дарга А.Мурат нар УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй тул хуулийн дагуу энэ оны эхний өдрөөс албан тушаалаасаа татгалзаад байгаа. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар “өөр ажилд шилжих болсон” тул бас албан ажлаасаа гарсан. Өчигдрийн байдлаар бол түүнийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилуулахаар УИХ-д Ерөнхий сайд өргөн мэдүүлээд байна.
Манайд баримталж буй ном журам ёсоор эдний албыг орлогчид нь хавсран хашиж буй. Ялангуяа улсын ерөнхий байцаагчийн эрхтэй албан тушаалтны орлон гүйцэтгэгчийг Засгийн газар томилох ёстой байдаг. Харин ямар хугацаагаар орлон гүйцэтгэгч ажиллах тухайд эрх зүйн зохицуулалт байдаггүй юм шиг байна. Ерөөс УИХ жилд хоёр удаа тус бүр гурван сараас доошгүй хугацаанд чуулж, өч төчнөөн хууль шинээр баталдаг, хуучинд нь нэмэлт өөрчлөлт оруулдаг ч амьдрал баян юм болохоор зохицуулалгүй орхисон харилцаа зөндөө байдаг аж. Онгойсон суудлын ачаар энэ мэт дутагдал илэрч байх шиг байна. Тухайн агентлагийн дарга, тухайн албан тушаалд ямар шаардлага хангасан хүнийг томилуулах шалгуураа харьяалах сайд нь тогтоодог аж. Өөрөөр хэлбэл би ийм л хүнтэй гар нийлж ажиллана гэдгээ санал болгож буй хэрэг.
Дашрамд хэлэхэд бараг л “Энэ хүн царай муутай учраас би түүнтэй нэг баг болж ажиллахыг хүсэхгүй байна” гэж хэлж цаараглах эрх Ерөнхий сайдад ч бас байдаг юм гэнэ лээ. Сайдын тавьсан шалгуур дээр үндэслэж уг албан тушаалд ажиллах хүнийг сонгон шалгаруулж өгөхийг ТАЗ-д Засгийн газар хүснэ. Агентлагийн захирлууд нь ерөнхий менежер байдаг бөгөөд тэднийг заавал сонгон шалгаруулж байж томилох учиртай. Гэтэл дэд сайд нь орлож буй гэх боловч үнэн хэрэг дээрээ таван яам сайдгүй байна. Тийм болохоор шалгуураа хэлэх хүн эдгээр яаманд байхгүй гэсэн үг. Бас Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлаг ч гэж бий. Тухайлбал, Автотээврийн газрын даргаар ямар хүн томилуулах бодолтойгоо Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд илэрхийлэх учиртай.
УБЕГ Тэргүүн шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг. Тэгвэл Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын орны хүнийг томилоогүй байгааг уншигчид мэднэ. Сураг сонсвол Засгийн газрын гишүүдийн сул байгаа суудал дээр хэнийг суулгахыг УИХ тун удахгүй шийдэж өгөх бололтой. Гэхдээ АН-ынхан нь шоудаад, Ардын намынхан нь атаархаад санал хураахдаа тэднийг унагачихаж мэдэх л байх. Уналгүйгээр сайд нар бүгд томилогдлоо ч гэсэн ТАЗ ажлын байрны тодорхойлолтыг олон түмний сонорт хүргэж, түүнд өрсөлдөх хүсэлтэй хүмүүсийг бүртгэж, шалгалт аваад, тохирох хүнийг тодруулах гэсээр байтал лавтайяа сар болох биз. Чих тавибал салбарын сайдын суудал эзэнгүй байгаагаас болоод хэд хэдэн агентлагийн дарга, дэд даргын албанд тохирох хүнийг тодруулж өгөхийг Засгийн газар ТАЗ-д хүсэлт болгоогүй байгаа гэнэ.
Улс төрийн зарим албан тушаал ч эзгүйрээд удах нь. ИТХ-ын олонхийн нь саналаар Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатыг огцруулчихсан. Гэтэл тэрбээр өөрийгөө үндэслэлгүй халагдсан гэж үзэж шүүхэд хандсан. Ядаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээж байж түүний орны хүнийг томилох, эсэх асуудлыг хөндөх шаардлагатай тул Орхон аймаг төсвийн ерөнхийлөн захирагчгүй, Засгийн газрын төлөөний хүнгүй байна. Уг нь түүний халааг авах хүнээ МАН-ын Удирдах зөвлөл товлоод саналаа хүргүүлсэн юм билээ. Гэвч шүүхийн шийдвэр гараагүй байдаг. Шүүхийн эцсийн шийдвэр гарч хэрэг маргааныг бүрмөсөн нэг тийш болгохыг хүлээвэл сонгууль хүргэж ч мэднэ. Улс төрийн албан тушаалтантай холбоотой асуудлыг шийдвэрлэх болохоор шүүх маань хүссэн ч хүсээгүй ч улс төрийн бодлого, асуудал руу аандаа орчих гээд байдаг нь ойлгомжтой. Тийм болохоор улс төрийн албан тушаалтай холбоотой хэргийг захиргааны хэргийн шүүхээр шийдүүлдгийг болиулмаар юм.
Шүүхээ хуулиар улс төр рүү түлхчихээд эцэст нь улстөржсөн шийдвэр гаргалаа гэж зэмлээд байх нь улстөрчдийн л буруу шүү дээ. Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнхийн "хэрэг" бас мандлаа. Сонгуулийн жилийн эхэнд олон газрын үүд хаалга онгорхой байх нь яавч сайн үр дүн авчрахгүй. Том, жижиг ямар ч байгууллага голлох эзэнгүй, хуулиар хариуцлага хүлээх хүнгүй байх нь олон муу юмны үүд хаалгыг нээдэг. “Толгойгүй” болсон газар хэн ч, яаж ч авирлаж, юу ч хийж мэднэ. Буруу санаатнууд толгойгоо өндийлгөнө. Ажил цалгардана. Одоо цагт ууж идэхийг урьтал болгосон, улсын эрх ашгаас улс төрийн хонжоог илүүд үзсэн “амьтад” хааяагүй байх болсныг ч хэлэх үү.
Р.ЖАРГАЛАНТ