“Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой, 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд тогтоолоо гаргахаар зөвлөлдөж эхэллээ. 540 хавтас бүхий, олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаалтнууд, компанийн удирдлага, дээрх банкны захирлууд холбогдсон энэ хэргийг прокуроруудын эсэргүүцэл болон 41 шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн энэ сарын 2-ноос эхлэн хэлэлцсэн.
Шүүх бүрэлдэхүүнийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэн, танхимын тэргүүн Ч.Хосбаяр, шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт нар шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг Улсын дээд шүүхийн хуралдааны танхимд болон Захиргааны хэргийн шүүхийн байрнаас цахимаар хоёр өдрийн турш сонссон юм. Улмаар өчигдрөөс шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байна. Шүүх бүрэлдэхүүн тогтоолоо хэзээ танилцуулах нь хараахан тодорхойгүй бөгөөд Дээд шүүх цахим хуудсаараа дамжуулан зарлахаа мэдэгдсэн юм.