Олон улсын прокуроруудын холбоо (ОУПХ)-ноос Зүүн Европ, Төв Азийн бүсийн 10 дахь удаагийн бага хурлыг зохион байгуулах орноор Монгол Улсыг сонгосон. Үүнтэй холбогдуулан тус холбооны удирдлагуудтай Улсын ерөнхий прокурорын газрын төлөөлөл цахим уулзалт хийлээ. Энэ уулзалтад ОУПХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона, гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер, ерөнхий зөвлөх Шеназ Музаффер нар оролцжээ. Тэд Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн бага хурал нь бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд прокурорын байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг тэмдэглээд, уг бага хурлыг Монгол Улс зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Бага хурлыг энэ оны зургаадугаар сарын 4-6-нд зохион байгуулахын хамт дээрх холбоо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэхээр цахим уулзалтын үеэр тогтлоо. ОУПХ (IAP) нь 1995 онд байгуулагдаж, өдгөө 177 орны 183 гишүүн байгууллага, 1900 орчим бие даасан гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй дэлхийн прокуроруудыг нэгтгэсэн цорын ганц байгууллага аж.