Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг улсын хэмжээнд нэвтрүүлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ажлаа хангаж буй. Уг ажлын хүрээнд прокурорын байгууллагаас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон “Ай Ти зон” ХХК-тай хамтран орон нутгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудад зориулсан бүсчилсэн сургалтыг 21 аймаг, гурван сумд зохион байгууллаа. Энэ үеэр зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг хэрхэн бүртгэх, ашиглах талаар эрх бүхий албан тушаалтнуудад практик сургалт явуулж, Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл өгчээ. Сургалтад орон нутгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 3731 албан тушаалтан хамрагдсанаас 17.6 хувь нь гааль, 16.5 нь татвар, 9.3 нь нийгмийн даатгал, ес нь хилийн цэрэг, 6.7 нь байгаль орчин, аялал жуулчлалын байгууллагын, 6.6 нь мал эмнэлгийн газрын ажилтнууд байв. Түүнчлэн аймаг, сумын ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хүнс, хөдөө, аж ахуйн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд ч хамрагдсан аж.
Дээрх бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрч зөрчил шалган шийдвэрлэх, хяналт тавих байгууллагууд ашиглаж эхэлснээр гомдол, мэдээлэл, хэргийн шийдвэрлэлт, прокурорын хяналт, зөрчил шалган шийдвэрлэсэн шүүхийн мэдээлэл нэг системд төвлөрч, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг цахимаар явуулах зэрэг ач холбогдолтой аж.