Монголын хэвлэл, мэдээллийн салбарт 1996 оноос түүчээлж буй “Монгол ньюс”-ийнхэн төрдөө үнэлүүлээ. XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, манай нэр бүхий шилдэг ажилтнуудад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
Энэ өдөр “Өнөөдөр” сонины Гэрэл зургийн албаны дарга Энхбаатарын Харцага, Компьютер, эх бэлтгэлийн албаны дарга Нямдоржийн Уламбаяр, менежер Лааганы Ариунчимэг нар Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Мөн аж ахуйн албаны дарга Гэндэнгийн Сүхбаатар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэв. Тус уран бүтээлч ажилтнууд “Монгол ньюс” ХХК, “Өнөөдөр” сонинд олон жил үр бүтээлтэй ажиллаж, хоёргүй сэтгэлээр зүтгэхийн зэрэгцээ уншигчдад чанартай, сонирхолтой мэдээ, нийтлэл хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан юм.